Айдсын тухай
By oyuna / February 9, 2022 / Бодрол / 1 CommentАйдас бусад бүх мэдрэмжээс бид нарт хамгийн хүчтэй нөлөөлдөг мэт. Таны хамгийн том айдас юу вэ? Энэ айдсын цаана юу байна вэ? Таны айж байгаа зүйл үнэхээр болчихвол яах вэ? Мөн энэ айдас таныг юу хийхэд хүргэж, эсвэл юу хийхэд саад болж байна вэ?
Гэрт идэх хоол байхгүй болчих вий гэх мэт энгийн айдсаас ажлаа алдах вий, хайртай хүнээ алдах вий эсвэл хэн ч биш болох вий, ганцаарахнаа үлдэх вий, үхчих вий зэрэг оршихуйн айдас байдаг.
Ямар нэг үйл ажиллагаанаас дутчих вий гэсэн айдас маш олон үйл ажиллагаанд бүртгүүлж дургүй байсан ч өөрийгөө хүчилж зав чөлөөгүй амьдрахад хүргэж болох юм. Ингэснээр энэ айдсаасаа салж буй мэт боловч нэг л ядралтай. Сүүлдээ өөртэйгөө байх цаггүй болчихсон ч байж магадгүй.
Хүмүүст үл тоогдох вий, бусдын өмнө эвгүй байдалд орохвий, бусдын шүүмжлэлд өртөхвий гэсэн айдас нь янз бүрийн хувцас хунар, брендээр өөрийгөө, хүүхдээ гэр орноо чимэглэхэд хүргэж болох юм. Эсвэл бүр эсэргээрээ өөрийнхөө стиль имижээр хувцасламаар байгаа ч хүмүүс өөрийг нь янз бүрээр хэлэх вий, гадуурхагдах вий гээд “дүрэмт хувцас” өмсөөд хэнээс ч ялгарахгүйгээр биеэ авч явдаг болж болох юм. Эсвэл дүр эсгэн инээмсэглэсэн царай гаргах эсвэл юу ч болоогүй мэт “күүл” дүр эсгэж жүжиглэх, хэлмээр байсан үгээ залгих, хэлмээргүй байсан үгсийг хэлэхэд хүргэж болох юм. Эсвэл өөрийнхөө хүч чадлыг сорихоос айж эрсдэл гаргалгүй нийтийн жишгээр хүлээн зөвшөрөөгдсөн аль нэг ажлыг хийгээд чимээгүй амьдарч болох юм. Шүүмжлүүлж адлуулж байснаас үл үзэгдэгч шиг амьдрах нь аюул багатай биш гэж үү?
Нөөц баялаг надад оногдохгүй байх вий гэсэн айдас нь хэтрүүлж идэхээс эхлээд хэрэгцээгүй бараа олноор авахад хүргэж болох юм. Хэрэглэгчийн нийгэм хүмүүсийн энэ айдсыг сайн ашигладаг мэт.
Дотны хүнээ алдах вий, ганцаараа үлдэх вий, өөрт эсвэл түүнд ямар нэг аюултай зүйл тохиолдох зэргийн цаана бие махбодын болон сэтгэл зүйн бүрэн бүтэн байдал алдагдах вий гэсэн айдас байгаа бололтой. Энэ нь нөгөө хүндээ эрх чөлөө, орон зай өгөхгүй зууралдах, өөрийгөө нөгөө хүндээ нээлттэй илэрхийлэхгүй байхад хүргэж болох юм. Мөн очихыг хүссэн газар луугаа явж чадахгүй байх, эцэг эхчүүд хүүхдээ бие даахад нь саад болох, эсвэл хосын харилцаанд нөгөө хүнээсээ хэт хамааралтай болоход хүргэж болох юм.
Дээрх бүх айдсыг нэгтгэж буй зүйл юу вэ? Энэ бол үл мэдэхүй. Бид нар үхсэний дараа юу болохыг мэддэггүй. Тийм учраас бид харанхуйгаас айдаг. Тэгвэл харанхуйгаас айхдаа бид гэрэл асаадаг. Үнэн биднийг чөлөөлнө гэж үг бий. Үнэн бол гэрэл юм. Сүнс бол үнэн юм. Тиймээс сүнс бол гэрэл юм.
Тиймээс бодоод байхад айгаад байх зүйл байхгүй мэт. Сайндаа л бие махбод үхнэ. Учир нь сүнс үргэлжлэх учраас айгаад байх зүйл угтаа байхгүй. Харин айдсаасаа салчихвал юу болох вэ? Тайвшрал бий болно. Цаг хугацаа, эрчим хүч бий болно. Тэр үед жинхэнээсээ амьдарч эхлэх болно.
Та жинхэнэсээ амьдар ч эхэлсэнүү?..