logo
  • Home
  • Blog

HomeБодролАмьдралын үнэ цэнэ

Амьдралын үнэ цэнэ

By oyuna / June 7, 2019 / Бодрол / 0 Comments

Бид амьдралын үнэ цэнийг ойлгодог болов уу…? Ойлгодоггүй юм байна гэдгийг би сарын өмнө тархиндаа цус харваад тал бие нь саажилттай болсон ахыгаа хараад мэдлээ. Ах маань ч бас үүнийг ойлгож байх шиг байна.

Амьдрал ямар эмзэг гэдгийг бид ойлгодоггүй. Бид нар зүгээр л хоёр хөл дээрээ явж чадаж байна гэдэг ямар их аз жаргал болохыг мэддэггүй юм байна. Шал хэрэггүй зүйлийн төлөө маргалдаж, уурлаж, гомдож, санаа зовдог юм байна. Гэтэл зүрхний цохилт бүхэн үнэ цэнэтэй гэдгийг бид мэддэггүй.

Photo by Evie S. on Unsplash

Хэдийгээр хэзээ нэгэн цагт энэ бие махбодоосоо хагацах нь үнэн боловч хамт байх хугацаандаа гамтай эдэлж хэрэглэх учиртай бус уу. Бидний бие махбод бүхэл бүтэн 9 сарын турш ээжийнхээ бүхий л эрчим хүч, мах цусыг идэн байж бүтээгдсэн, мөн дор хаяж бүхэл бүтэн 18 жил бидний төлөө гэр бүлийнхэн маань цаг нар, эрчим хүчээ зарцуулсан гэдгийг бодоод үзэх юм бол бид ядахдаа тэднийг хүндэлж биеэ хайрлах учиртай.

Энэ бол дан гэр бүлээ хайрлаж буй хэрэг биш, бидний биеийг бүтээхэд оролцсон бүхий л нарны илч, агаар, ус, нөөц баялаг оролцсон гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд ч биднийг том болох хугацаанд маш их хаягдал гарсан байж таараа. Байгаль орчноос авсан зүйлээ буцааж өгдөггүй юмаа гэхэд утга учиртай зөв амьдрах хэрэгтэй. Гэвч бид бие махбодоо тэгтлээ хайрлаж хүндэлж харьцдаггүй юм байна.

Одоо ах маань явж чадахгүй, хүний асаргаанд байгаа. Урьд нь уул хадаар аялаж зураг авдаг байсан бол одоо наад зах нь босоод хүссэн зүйлээ авч чадахгүй байна. Эмнэлэг дээр байхдаа 30-хан минут гадаа тэргэнцэр дээр суугаад хажуугаар алхах хүмүүсийг хараад атаархах сэтгэл төрсөн гэдгээ хэлэв. Тэр ч бүү хэл бие дааж бие засах хүртэл өөрийн эрх мэдлээс гарсан зүйл болсон байна.

Ах маань сайн амрах хэрэгтэй байж хэмээн хэлж байна лээ. Бид нар ажил, амралтаа зохицуулж сурах хэрэгтэй юм байна. Амрана гэдэг ажиллах шиг хүнээс ухаан, сахилга бат шаарддаг юм байна. Бид нарыг сайн хөдөлмөрлө, сайн ажилла гэж сургадаг боловч амарч бай гэж хэлдэггүй юм байна. Ялангуяа эрэгтэй хүмүүсийг төмөр биетэй юм шиг л харьцдаг, эр хүн гэхээр юу ч идсэн хамаагүй, бага зэргийн өвчин зовлонг үл тоох хэрэгтэй мэтээр сургадаг. Мөн гэр бүлдээ мөнгө олж ирэх ёстой амьд мөнгөний машин шиг харьцдаг нь хүнлэг хэрэг яавч бус.

 

Эцсийн эцэст биеэ хайрлана гэдэг эргэн тойрны хүмүүсээ хайрлахтай агаар нэг ажээ. Биеэ хайрлана гэдэг амиа хичээсэн хэрэг биш ээ.

 

Share this post, choose your Platform!
Leave a comment Click here to cancel reply.
FOLLOW US

© 2020