Амьдрал богинохон тухайд
By oyuna / May 17, 2019 / Бодрол / 0 CommentsӨглөө хэдэн цагт ч юм бэ босоод юу хийх нь нэг их тодорхой биш, за ямар ч байсан цайгаа ууя гээд цайгаа ууна. Тэгээд youtube-ээр ямар видео байна харна, тэгээд тэндээс надад санал болгосон видеог үзнэ. Тэгж байтал лав нэг цаг өнгөрнө. Тэр хооронд хийх ажил овоорсон байна. Гэхдээ энэ ажил ямар утга учиртай юм бэ гэж бас бодно. Би өөрөө үүнийг хийхийг хүсээд байна уу эсвэл зүгээр л бусдын эргүүлгэн дотор яваад байна уу? Зүгээр л би ажлаа хийх ёстой гэж бодно. Гэтэл хэн энэ сонголтыг хийсэн юм бэ?
Саяхан л 2018 он, за бишээ 2010 байсан байна. Гэтэл энэ 8, за бүр 9 жил хаагуур яваад өнгөрчих вөө ч гэж бодох шиг. Хүн ер нь яг хүссэн зүйлээ хийж чаддаг болов уу? Гэрээ цэвэрлэх ёстой, тэр төслийн ажлыг хийх ёстой, тэр ажлыг амжуулах ёстой, тэр хүнд тэгээд хэлчихсэн болохоор гээд л. Гэтэл яг юу хийхээ би дотроо мэдэж байсан. Тэр юу вэ гэвэл… зүгээр л бичих гэдгийг би мэддэг. За хэзээ нэгэн цагт бичих ажил руугаа орно доо гэж дотроо хойшлуулдаг. Тэр хэзээ нэгэн цаг хэзээ ирэхийг хэн шийдэх вэ? Хүмүүс надад ажил өгөхөө больсон цагт уу? Хэзээд ч шалдар булдар ажил байсаар л байх болно. Наад зах нь гэрээ цэвэрлэх, хоол хийх гээд л. Гэхдээ үүнийг үнэхээр амьдарч байна гэж хэлэх үү?
Хүн бүхэнд зүрх нь цохилоход шалтгаан байх ёстой байх. Өдөр бүр 2000 калори авч, эд эрхтэнээ өдөр бүр ажиллуулж, энэ нүсэр механизмыг юуны төлөө ажиллуулах вэ? Энэ амьдралыг хэний бичсэн зохиолоор амьдрах вэ? Би “… ёстой” гэдэг нэг ойлголтыг тархиндаа суулгачихсан, тэр л програмаар ажиллах гэж үзээд байж. Гэтэл тэр програм миний үйлдлийн системтэй тохирохгүй програм байж. Би гол зүйлдээ л анхаарал хандуулах ёстой гэдгийг оюун ухааны түвшинд ойлгодог мөртлөө гол зүйлээ хийх зөвшөөрлийг өөртөө өгдөггүй байж. Өөрөө өөртөө өөрийнхөө програмаар ажиллах зөвшөөрлийг би л өөртөө өгч чадна. Энэ бол бусдад үгүй гэж хэлэх зөвшөөрлийг өөртөө өгч байгаа хэрэг юм байна. Харин өөртөө тийм гэж хэлэх зөвшөөрлийг өгч байгаа юм байна. Учир нь энэ миний амьдрал, би өөрийнхөө өмнөөс л амьдарч чадна.
Амьдрал богинхон ажээ, хэрэгтэй хэрэггүй зүйл худалдаж авахад мөнгө урсан алга болж байгаа нь хайран байдаг шиг цаг хугацаа гэдэг гарын салаагаар урсан өнгөрөхөд бид харин “за ашгүй Баасан гараг боллоо” гэж баярлаж байх юм даа. Дахиад 10 жилийн дараа 2029 он болсон байх болно. Тэр үед бас л хүлээсээр л байх уу?