Африк Америкчуудын Түүх, соёлын үндэсний музей үзсэн сэтгэгдлээс
By oyuna / March 16, 2023 / Шүүмж, сэтгэгдэл / 0 CommentsМиний бие саяхан Вашингтон ДС-д очих завшаан гарснаар энэ музейг хоёр өдөр хувааж үзэв. Тус музей нь хэнд ч үнэ төлбөргүй бөгөөд онлайнаар бүртгүүлж цаг авахад л хангалттай. Цаг товлоход тухайн хүнд баркод өгөх ба тэрийгээ орохдоо уншуулна.
Музей үндсэндээ хоёр хэсгээс бүрдэж байв: Газар доор ба газар дээр. Газар дээрх нь 3 шаттай бол газар доорх нь мөн 3 шаттай санагдаж байна. Газар дээрх шат нь Африк Америкчуудын Америкийн түүхэнд оруулсан хувь нэмрийг спорт, урлаг, утга зохиол, шинжлэх ухаан, улс төр зэргээр харуулсан байв. Урлаг, спортоор Америкийн нэрийг олон улсын тавцанд гаргаж байсан ч эх орондоо ялгаварлан гадуурхалтад өртсөөр… Эхний өдөр Африк Америкчууд мундаг юм байна л гэж бодогдсон. Мөн тэднээр бахархах сэтгэгдэл төрсөн. Харин газар дор юу байсныг би мэдээгүй өнгөрсөн.
Зургийн тайлбар: 1968 оны Олимпид АНУ-ын тамирчин Томми Смит ба Жон Карлос нар 200 метрийн гүйлтийн уралдаанд алт, хүрэл медалийг хүртэж, шагналын тавцан дээр медалиа зүүн зогсохдоо АНУ-ын төрийн дуулал эгшиглэж дуустал Америкийн далбаа руу харан хар бээлийтэй гараа нударга зангидан дээш өргөж арьс өнгөний эсрэг тэмцлээ харуулсан байна. Энэ бол хүний эрхийг тунхагласан мэндчилгээ байсан юм.
Дараагийн өдөр нь газар доорхийг үзэв. Газар доорх танхим харанхуй. Мөн хүмүүсийг лифтээр зөвхөн цөөн цөөнөөр нь л доош оруулна. Музей үзэгч хамгийн доод шат руу лифтээр очоод Африк Америкчуудын тэмцэл, хагацал, зовлонгийн 1400 оны боолчлолоор эхэлсэн түүхтэй хамт бага багаар дээшилсээр хэрхэн өнөө үед хүрснийг мэдэх болно.
Доод хэсэгт болсон явдлыг хөрөг зураг, видео бичлэг, аудио бичлэг, хүмүүсийн хэрэглэж байсан эдлэл хэрэгсэл, хэлсэн үг, ном зохиол гээд эд мөрийн баримттай танилцуулсан байв. Товчхондоо илэрхийлбэл, хэрхэн Африк хүмүүстэй зүй бус харьцаж байсныг, бид нар одоо амьтадтай яаж харьцдаг, яг тэрэн шиг харьцдаг байсныг олон баримтаар харуулсан. Тухайлбал, тэдгээр хүмүүсийг хүчээр амьдардаг газраас нь зөөж аваачиж, хүчээр өөрсдийнхөө төлөө ажиллуулж, бие махбодыг нь зэрэмдэглэж, өмч хэмээн батлахын тулд биеийг нь тамгалж, хэрэв тэд зугатаж оргохыг хүсвэл “боолыг” алах эрхтэй байсан байна.
Энэ бүхнийг хараад Африк Америкчууд ямар их зовсон юм бэ гэдгийг хараад үнэхээр харамсалтай санагдсан. Гэхдээ тэднийг зөвхөн боол байсан гэж үзэх нь хангалтгүй бөгөөд шударга бус. Учир нь тэд Америкийг бүтээлцсэн хүмүүс яах аргагүй мөн гэдгийг ойлгосон. Гэвч Америк улсын хууль ёсны иргэн хэмээн хүлээн зөвшөөрөгдөхийн тулд маш их тэмцэж, ялгаварлан гадуурхагдаж иржээ. Цагаан арьстнууд дотор Африк Америкчуудыг өөрсдөнтэй нь адил эрх эдлэхийг хүсэхгүй хүмүүс олон байсан боловч боолчлолыг эсэргүүцэж, эрх тэгш байдлыг дэмжиж энэ тэмцлийн төлөө амиа алдсан цагаан арьстан ч байсан байна. Эндээс боолчлолын түүх зөвхөн харын эсрэг цагааны түүх бас биш юм гэдгийг харж болно.
Тайлбар: Жон Браун 1859 онд 13 цагаан арьстан, 5 хар арьстантай багийг толгойлж, Харпес Фэррид дайралт хийж, засгийн газрын байшинг эзэлж, цахилгаан холбоо зэргийг тасалсан байна. Тэрээр бусад Африк Америкчуудыг боолчолын эсрэг дайнд уриалсан ба түүний тэмцлийг Виржиниа мужийн боол эзэмшигчид гэмт хэрэг хэмээн үзэж дүүжилж амийг нь хороосон байна.
Африк Америкчууд зовлон бэрхшээл дундаа өөрсдийнхөө өвөрмөц соёлыг хадгалж, бүтээж ирсэн байна. Эндээс Африк Америкчуудын сэтгэлийн тэнхээ, хатуужил, сайн сайханд итгэх итгэлийг бас харна. Харамсалтай нь олон Африк Америкчуудыг хэрцгийгээр алж, хөнөөсөн явдлууд түүх болон үлдсэн ч ялгаварлан гадуурхах байдал өнөө хэр ч дуусаагүйг доод хэсгийн хамгийн дээд давхарт өнөө цагийн харамсалтай, гунигтай үйл явдлыг мөн харуулж, Коммонс ба Жонн Лежендийн Глори дуугаар өгүүлсэн нь үнэхээр гашуудан уйлахад хүргэсэн билээ.
Хэдийгээр дээрх инфографикийг шоронд сууж буй хар арьстануудын тоо цөөрч байна хэмээн гарчигласан ч графикаас харахад Африк Америк эрэгтэй, эмэгтэй хүмүүс цагаан арьстануудаас 2-6 дахин олон шоронд сууж байгаа нь харагдаж байна.
Африк Америкчууд Монголчууд бидэнд ямар хамаатай юм бэ, бидэнд хамаагүй гэж хэлж болох ч тэгж хэлэх нь өрөөсгөл юм. Учир нь энэ бол хүн төрөлхтөний эмгэнэл. Бага байхад хар арьстай хүмүүсийг дорд үзсэн арьс өнгөний онигоонууд бид нарын дунд хүртэл тархсан байсанд шүүмжлэлтэй хандаагүй л явжээ. Бидний хувьд ч бас манжийн дарлал, социализмын үед үндэстний өөрийн үнэлэмж, сүр сүлд доошилж, эв нэгдэл буурсан мэт санагддаг. Энэ нь Африк Америкчуудтай адилхан өөрсдийгөө дорд үзэх дотоод мэдрэмжийг суулгасан шиг. Гадаадад яваа монголчууд өөрсдийгөө япон гэж хэлдэг, монгол гэж хэлэхээсээ ичдэг, бие биеэ хараад зугтдаг талаар олонтаа сонсож байсан мөн биеэр мэдэрч байсан. Өөрдсөөсөө гадаадын хүнийг дээгүүр үзэж, илүү сайхан харьцах явдал манай монголын газар нутагт ч олонтаа тааралдана. Африк Америкчууд цагаан арьстанд автобусанд суудал тавьж өгч байсан шиг монголчууд орос хүнд автобусанд суудал тавьж өгдөг байсан гэдэг. Ингээд харахаар колончлолын үр нөлөөний төстэй талыг харж болохоор. Гэхдээ энэ талаар дараа тусад нь бичих болно. Ямартаа ч Америкчууд Африк Америкчуудын бодит түүхийг үзэн ядаж эсвэл үгүйсгэхгүйгээр хүлээн зөвшөөрч дэлхийд дэлгэн харуулж байгаа нь буруу зүйлийг дахин давтахгүй байж, өнгөрсөн шархыг эдгээхэд чухал ач холбогдолтой юм.
Энэ музейг үзээд надад харамсах мэдрэмж гүнээ төрсөн боловч итгэл найдвар бас зэрэгцэн бий болсон. Учир нь надад “Хэзээ нэг өдөр бид нар амьтдын эрхийг хүндэлж, тэдэнд өөрсдийнхөөрөө амьдрах орон зайг өгч, зэрэгцэн амьдрах юм бол” гэсэн асуулт төрсөн. Хар арьстнуудыг боолчлохыг зөвтгөхдөө тэднийг амьтадтай зүйрлэж байсан. Бид нар хүний эрхийг дээдэлж, хэрцгий, шударга бус харьцаж болохгүй гэсэн зарчимтай харьцангуй соёлт нийгэмд амьдарч байгаа боловч орчлон дэлхийг бидэнтэй хуваан амьдардаг бидний ахан дүүс амьтад дэлхийн өнцөг булан бүрт, секунд тутамд олноороо хэрцгийгээр алуулж байгаа гээд бодохоор тайван суухад хэцүү. Бид амьтадтай хэрцгий харьцаж болохгүй гэсэн ойлголттой тийм нийгэмд ороогүй л байна. Бид нар амьтдыг өмчлөх эрхтэй гэж бодсон хэвээрээ л байна.
Ямартаа ч эндээс музейг дижитал хэлбэрээр мөн үзэх боломжтой. Мөн Африк Америк хүмүүсийн бичсэн ном зохиол, бүтээлийг уншиж, үзсэнээсээ санал болгоход:
Ном – Эдгээр санал болгож буй номнууд ихэвчлэн зохиогчийн бодит амьдралтай холбоотой эсвэл арьс өнгөний үзэл өдөр тутмын амьдралд нэвт шингэж, олон хүний хувь заяаг харамсалтайгаар эргүүлж буйг харуулсан. Мөн хар арьстнуудын дундах ураг садны хүчирхийлэл зэргийг ний нуугүй өгүүлдэг.
- Color Purple (1982), Alice Walker – Пулитцерийн шагнал хүртсэн анхны хар арьст эмэгтэй зохиогч. Ураг садны хүчирхийлэл, эгч дүүсийн хайр, арьс өнгөний ялгаварлалыг хайр, хатуужлаар даван гарч буй ялалтын тухай.
- I know why the caged bird sings (1969), Maya Angelou – арьс өнгөний асуудал, хайрын утга учрыг амьдралын эрээн бараантай харуулсан өөдрөг төгсгөлтэй ном.
- The Selected Works of Audrey Lorde (2020), Roxane Gay – Хар, лесбиян, яруу найрагч, тэмцэгч, ээжийн арьс өнгө, феминизм, анги давхарга гээд нийгмийн асуудлуудыг зоримогоор өгүүлдэг.
- all about love (2001), bell hooks – олон янзын хайрыг уншигчтай хамт эргэцүүлж, түүнийг өдөр тутмынхаа үйлдэл, өөрт болон бусдад хандах хандлагаа тунгаахад хүргэнэ. Өнөө цагийн хайраар дутагдсан амьдралыг үр нөлөөтэй нь илчилж илүү гүн гүнзгий, өргөн хүрээтэй хайрлахыг уриалсан ном.
Кино
- Get Out (2018), Jordan Peele (Шилдэг орижинал дэлгэцийн бүтээлээр Оскарын шагнал хүртсэн анхны Африк Америк найруулагч болсон) – хар арьстануудыг өнөө цагт “эерэг” хэвшмэл үзлээр харж эхэлсэн нь хэрхэн өөрөөр мөлжиж боолчлоход хүргэж болзошгүйг харуулсан.
- Key & Peele – арьс өнгөний үзлийг хошин шогоор дамжуулан үзүүлсэн авьяаслаг уран бүтээлчид – богино зохиомж видеонууд.
- Color Purple (1985), Steven Spielberg (Кино наадмын 23 төрөлд нэр дэвшиж, 14 шагналыг хүртсэн, Опра Уинфри Софиагийн дүрд тоглодог).
- Harriet (2019) – олон Африк Америкчуудыг өмнөд нутгаас хойд нутаг руу оргож чөлөөт иргэн болоход нь тусалсан баатарлаг эмэгтэйн түүх.
Дуу – эдгээр дуунууд хөгжмөөс гадна гүн утга учир, амьдралын бодит үнэнийг өгүүлсэн үгсээрээ уран сайхны таашаал өгөөд зогсохгүй нэгийг бодогдуулж, гуниглуулж, гайхшруулж, эцэст нь бусдыг ойлгож, хайрлахад хөтлөх тийм дуунууд юм.
- Fast Car (1988), Tracy Chapman – Грэммийн 3 төрөлд нэр дэвшиж, шилдэг эмэгтэй дуучны төрөлд шагнал хүртсэн. МТV шилдэг хөгжим шагналд нэр дэвшиж байсан. Ядуу зүдүү амьдралаа өөрчилж хамтдаа сайхан амьдрахыг хүсч байгаа нэг хүний нөгөөдөө илэрхийлсэн дуулал.
- Glory (2014), Common & John Legend – арьс өнгөний үзэл, ялгаварлан гадуурхалтын эсрэг тэмцлийн түүх дуусаагүйг сануулж, хамтдаа тэмцэж, сайн сайханд хүрэхийг уриалсан хүчирхэг дуулал.
- Changes (1998), 2Pac Shakur ft Talent– энэ дууг бага байхдаа пионерын зуслангийн дисконд гоё ритм, биттэй дуу байна даа л гэж бүжиглэж байснаас ийм гүн утга учиртай, гунигтай мөртлөө ах дүүгийн хайрын тухай гэж мэдээгүй явжээ. Хэдийгээр аль 1998 оны дуу боловч ядуурал, өлсгөлөн, харын эсрэг харын хүчирхийлэл, хар тамхины наймаа, цагдаа нарын харуудыг ялгаварлах байдал зэрэг одоог хүртэл болж зүйлсийг дуулсан. Тэрээр хар ерөнхийлөгчтэй болох тухай хүртэл дуундаа дурдсан байдаг. Хамгийн сайхан нь бие биеэ хайрлаж, бие биедээ хуваалцахыг уриалсан, бид ах, эгч дүүс шиг байх тэр цагийг хүсэмжилсэн дуу. Гэхдээ дууныхаа төгсгөлд тэрээр өмнөх өстөндөө буудуулаад дуусдаг нь байгаа байдлыг л харуулах гэсэн мэт.
- Gangsta’s Paradise (1995), Coolio ft L.V. MTV шилдэг соло рэп дуу, шилдэг видео шагнал хүртсэн. Дууны үг нь хүчирхийлэл дүүрэн орчин, боловсрол эзэмших боломжгүй байдал, харанхуй орчинд хавчигдсан байдал нь харуусалтай ч мөрөөдөл байдгийг цагаан арьстнуудад тайлбарлаж ойлгуулсан гэмээр дуу.
- Stand up (2019), Cynthia Erivo – Harriet киноны дуу. Хариет Табмэний баатарлаг дуулал гэж хэлж болно.
- Strange Fruit (1939), Billie Holiday – Lynching буюу Өмнөд нутагт хар арьстануудыг дүүжилж алдаг байсныг модноос унжих жимсээр зүйрлэн дуулсан. Маш график үгтэй энэ дууг тухайн цаг үед олны эсэргүүцлийг сөрөн дуулсан зоримог дуучин.