Веганизм гэж юу вэ?
By oyuna / June 1, 2019 / Веган амьдралын хэв маяг / 1 CommentДэлхий даяар веган хөдөлгөөн өрнөж байна!!! Тэгвэл энэ хөдөлгөөний тухай, ямар учраас Америкчуудын цагаан хоолтнууд 600%-иар, Их Британид 350%-иар, мөн бусад Израйл, Канад, Хятад, Хонк Конк гэх мэт орнуудад хүчээ авч буйг сонирхоцгооё. Харин монголоор цагаан хоолтон гэж гүүглээр хайхад 48,300 хайлтын үр дүн гарч ирж байх жишээтэй. Тэгэхээр манайд ч бас энэхүү веган хөдөлгөөн нэгэнт давалгаалаад эхэлжээ! Аль 2009 оны нэгэн нийтлэлд Монгол улсад 7,000 орчим цагаан хоолтон байгаа гэж мэдээлжээ. Энх тайван мандтугай!!!
Багадаа бид бүгдээрээ л амьтанд хайртай байсан байх, хүүхэд ер нь амьтантай ойр байдаг. Гэвч бага багаар бид том болох тусам өөрсдийгөө амьтдаас “холдуулах” хэрэгтэй болдог, Бага байхад бид амьтадтай найзалдаг байсан том болох тусам энэ найз биш ямар нэг обьект болж хувирдаг, учир нь бид тэднийг алж махыг нь идэж, арьсыг нь өвчиж хувцас хийдэг шүү дээ. Амьтад зүгээр л бидний хэрэгцээг хангахын төлөө оршдог юм шиг. Бүр экстрим тохиолдолд хүмүүс амьтдыг алж зугаагаа гаргадаг ч тохиолдол бий. Үүнийг Чингиз Айтматовын Цаазын тавцан зохиолд сэтгэл шимширмээр бас уур хүрмээр дүрсэлж харуулдаг. Мөн Лодойдамба гуайн Шаргачин өгүүллэгт амьтдад ч бас хүнтэй адил үр хүүхдээ гэсэн хайр байдаг гэдгийг сэтгэл эмтэрмээр харуулсан байдаг.
Хүмүүс бусдын зөвлөгөөг ихэвчлэн сонсдог боловч хооллолтын тухайд бол хамгийн их эсэргүүцдэг гэдэг. Учир нь хооллолт зүгээр нэг санамсаргүй сонголт бус харин бидний соёл, сэтгэлгээ, зуршлыг харуулж байдаг. Биднийг багаас заавал мах идэх ёстой гэж зааж сургасан учраас л махгүйгээр хоолыг төсөөлж чаддаггүй. Шөл хүртэл бор өнгөтэй байх ёстой гэж надад саяхан хүртэл бодогддог байж. Гэвч мах ороогүй маш олон янзын амттай хоол бий, Улаанбаатарт ч бас цагаан хоолны ресторанууд байдаг. Жишээ нь: Жуулчны гудамжинд байрлах Loving Hut веган хоолны ресторан таалагддаг. Тэднийх цэвэрхэн, амттай бас шинэлэг хоолтой. Дараагийн удаа та бүхэн нэг очоод үзээрэй. Өөр бусад Веган хоолны газруудыг энд дарж үзнэ үү.
Тэгвэл цагаан хоол, ногоон хоол, веган ба вегетарианизм, ургамалан хоол гэж юу вэ? Хэдийгээр хоорондоо эдгээр нэрс ойролцоо боловч бас үзэл санаа, сонголтын хувьд хоорондоо бага зэрэг ялгаатай. Багаасаа мах идэх тоолонд гэмшлийн мэдрэмж төрдөг байсан бөгөөд анх 8-р ангид байхдаа мах идмээргүй санагдаж, мах идэхээ болъё гэж шийдэж байсан. Даанч тухайн үед мэдлэг, мэдээлэл дутмаг байсан бөгөөд ойр тойрны хүмүүс махгүй бол бараг л үхнэ шүү гэж айлгаж байлаа. Тиймээс айсандаа шийдвэрээ туйлбартай гүйцэлдүүлж чадаагүй. Тийнхүү 8 жилийн өмнө л веган болох шийдвэр гаргаж тэрхүү хугацаанд бидний хэлдэг цагаан хоол маш олон янз гэдгийг мэдэж авч байна.
Хүмүүс цагаан хоолтой гэхээр ихэвчлэн юу иддэг юм бэ, уургаа хаанаас нөхдөг юм бэ гэж асуудаг. Учир нь сүүтэй будаа, каш, бэрээс гэх мэт хоолнууд л санаанд нь буудаг байж магадгүй. Мэдээж дан сүүтэй будаа, каш идээд байвал уйтгартай бас хангалттай тэжээлтэй биш шүү дээ.
Гэтэл уураг ганцхан маханд байдаггүй, кальц ганцхан сүүнд байдаггүй гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Уураг бүх төрлийн хоолонд байдаг, тэр ч бүү хэл шош, буурцаганд маханд байхаас илүү их уураг, эрдэс бодис, хүнсний эслэг байдаг. Юцай, төрөл бүрийн шош, ургамал ногоонд Кальци байдаг. Төмөр бол бууцай гэх мэт ногоонд ихээр агуулагддаг. Ер нь бол бидний хоол хүнсний талаарх ойлголт тун хязгаарлагдмал байдаг. Анх би цагаан хоолтон болж байхдаа айж байсан. Уургийн дутагдалд орчих вий дээ, ямар нэг юмны дутагдалд орчих вий дээ гээд л. Гэтэл ямар ч айгаад байх зүйл байхгүй гэдгийг ойлгосон. Дээр хэлсэнчлэн бидний сэтгэлгээ хоолны сонголтонд нөлөөлдөг. Зарим хүмүүс махгүй амьдарна гэхээр толгой эргэх мэдрэмж төрлөө гэдэг.
Веган гэдгийг монголоор Ногоон хоолтон буюу Ургамлан хоолтон гэж орчуулж болох ч ёс зүйн гол утга санаа нь алдагдах магадлалтай. Ногоон хоолтон ба веган хүмүүс хоёулаа амьтны гаралтай бүхий л хоол хүнсийг хэрэглэхээс татгалздаг боловч сэдэл, шалтгаан нь өөр юм. Веган хүмүүсийн хувьд хоолны дэглэм гэхээсээ илүүтэй тэдний ёс зүйн чиг баримжаатай холбоотой байдаг. Тиймээс веганизм бол амьдрах хэв маяг бөгөөд илүү өргөн утга агуулгатай. Гэтэл зарим хүмүүс зүгээр турахын тулд ургамлан хоол идэж байвал веганизм гэж хэлэхгүй, зүгээр ургамлан хоолтон гэж хэлж болно. Ногоон хоолтон хүмүүсийн амьтны гаралтай зүйлийн хэрэглээ хоол хүнсний хүрээнд л явагддаг бол веган хүмүүс боломжтой бол амьтны гаралтай эд хэрэглэл, хувцас хунар хэрэглэхээс татгалздаг.
Жишээ нь, өд, сөдөн куртк өмсөхийн оронд синтфон эсвэл фибрээр хийсэн дотортой куртк худалдаж авахыг илүүд үзнэ. Арьсан гуталны оронд хуурамч арьсан гутал өмсөнө. Ихэнх хүмүүс арьс, амьтны үсээр хийсэн хувцас өмсөж баян чинээлгээ гайхуулдаг бол веган хүмүүст энэ бол харин ч ичгүүртэй, ёс зүйгүйд тооцогдоно. Веган хүмүүсийн хувьд бусдын зовлон тарчлалаар бий болсон зүйлээр гангалахаас долоон дор зүйл үгүй. Тэгэхээр баян чинээлгийн ойлголт хүртэл ондоо болж ирж байгаа юм. Ноос, ноолуурын оронд хиймэл материалаар хийсэн хувцас, малгай, ороолт өмсөнө. Тэр ч бүү хэл амьтны гаралгүй цэвэрлэгээний хэрэгсэл, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэнэ. Эдгээр нь мөн амьтан дээр тест, туршилт хийгээгүй байх ёстой. Амьтан дээр тест хийнэ гэдэг нь ямарваа нэг цэвэрлэгээний бүтээгдэхүүн байлаа гэж бодоход санаандгүй байдлаар хүний нүдэнд орвол хэр хортой вэ гэдгийг туршихын тулд хөөрхий туулайны нүд рүү хийж үздэг гэсэн үг юм.
Тиймээс веганизм бол юун түрүүнд амьдралын хэв маяг, амьдралыг үзэх үзэл, философи юм. Энэ бүхний цаана амьтад ч бас бидэнтэй адил амьдрах эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх үзэл байгаа. Веган хүмүүс шууд ба шууд бус байдлаар амьтны амийг нь таслах, эд эрхтэнийг нь хэрэглэх, тэр ч бүү хэл шулж мөлжихөөс татгалздаг юм. Амьтны сүү нь уулаа, ноолуураар нь хувцас хийж өмслөө гээд яана гэж? хэмээн хүмүүс гайхаж асуудаг. Амьтад яагаад сүү гаргадаг вэ? Энэ бол үр хүүхдээ тэжээхийн төлөө гэдгийг мартах ёсгүй. Эрчимжсэн мал аж ахуйтай улсуудад сүү гаргахын тулд хиймэл аргаар жил бүр хээлтүүлдэг бөгөөд нялх үрсийг нь төрөнгүүт нь эхээс нь салгадаг. Энэ бол аймшигтай харгислал. Иймэрхүү харгислалаас татгалзаж эрс өөрчлөлт хийхэд мэдээж хамгийн түрүүнд бид амьтдыг харах өнцгөө болон хоол хүнсний ойлголтоо өөрчлөх, шинэчлэх хэрэгтэй болно.
Хайртай мөртлөө алж иднэ гэдэг хоорондоо нийцэхгүй. Хэдийгээр монголчууд малдаа хайртай гэдэг боловч хэн ч хайртай хүүхдээ арчилж тордож байснаа алж идэхгүй шүү дээ. Монголчууд угаасаа мах идэх ёстой, тийм байхаар цаг агаар нь зохицсон, цагаан хоол гэдэг бол бараг л барууныхныг дуурайж буй явдал, бид нар цагаан хоол идвэл монголоо алдана гэх мэтчилэн хэлж ярих хүмүүс бий. Ялангуяа үндсэрхэг үзэлтэй хүмүүс бүр ч илүү тийм зүйл ярьдаг. Гэхдээ бид нар дээр үеэс хөргөгч хэрэглэдэггүй л байсан, интернет хэрэглэдэггүй л байсан. Тэгвэл интернет, wifi ч бас баруунд бүтээгдсэн шүү дээ, гэхдээ бид нар хэрэглэж л байна. Харин ч уламжлалаа сөхөөд үзвэл мах идэхийн эсрэг шүлэг найраглал байдаг. Жишээ нь: Бадарчин Гомдоржийн Хөгшин үнээний үг хэмээх шүлэг амьтдын өнцгөөс амь наснаасаа хагацана гэдэг ямар хэцүү болохыг бичсэн байдаг.
Эх оронч байна, үндэсний үзэлтэй байна гэхээр заавал морь унаад явах, эсвэл заавал мах идэх ёстой гэсэн үг бас биш юм. Харин ч гадаа байгаа хогийг хогийн саванд аваад хийчих сэтгэл, эх хэлээ сайн судалж зөв хэрэглэх мэдлэг чадвар, монгол хүн бусад монголчуудыгаа шулах биш харин дэмжиж туслах сэтгэлтэй байхыг хэлж байгаа юм. Африкийн зарим улсад эмэгтэй хүүхдийн хэлүүг огтлох (Female Genital Mutiliation) уламжлал байдаг. Гэхдээ уламжлалаа хадгалах ёстой гээд одоо хүртэл үүнийг үргэлжлүүлэх ёсгүй. Хүний эрх ёс заншил, уламжлалаас давах ёстой гэдэг шиг амьтны эрх ч бас ёс уламжлал, соёлыг давах ёстой.
Та ч бас амьтны амь таслахгүй байж цагаан хоолтон эсвэл бүр веган болж чадна шүү дээ. Миний хувьд эхлээд нэг сар вежетариан байж байгаад веган болж байсан. Нэг узбек залууд цагаан хоолтой гэдгээ хэлэхэд махгүй хоол иднэ гэж бодсон чинь бүр толгой эргэчихлээ гэж байсан. Тэгэхээр энэ бол сэтгэл зүйн асуудал юм. Хэрэв та цагаан хоолтон болмоор бол юу мэдэх хэрэгтэй вэ талаар энд дарж уншаарай.
Веганизмийн тухай илүү ихийг мэдье гэвэл дараах номыг санал болгож байна:
- The China Study, T. Colin Campbell, Thomas M. Campbell (2005)
- The Food Revolution, John Robbins (2001)
- Cowspiracy: The Sustainability Secret, Leonardo DiCaprio (2014) Баримтат кино
- Best Speech Ever, Gary Yourofsky Илтгэл
- Slaughterhouse: The Shocking Story of Greed, Neglect, and Inhumane Treatment Inside the US Meat Industry, Gail A. Eisnitz (2006)
- Animal Liberation: A New Ethics for Our Treatment of Animals, Peter Singer (1975)
- Веганизмтай холбоотой үзвэл зохих баримтат киноны жагсаалт, (ихэнх нь үзэх холбоостойгоо байгаа) vomadlife.com
- Шинэ цагийн хүнс ургамал хоолны гайхамшиг, С. СодномБалжир (2014). Улаанбаатар хот: Хөх судар принтинг ХХК
- Веган хоолны 40 алтан жор, 4-р дэвтэр “Алтан эриний нууц” Сэтгүүл (2016). Улаанбаатар хот: Хөх судар принтинг ХХК
[…] идэх нь таргалах магадлалыг нэмэгдүүлдэг. Веган хүмүүс мах иддэг хүмүүстэй харьцуулахад хэт […]