Жүжиг
By oyuna / December 15, 2019 / Бодрол / 0 CommentsХүн өссөн орчныхоо бүтээгдэхүүн гэдгээ тэр бүр нарийн ухамсарлаж хардаггүй. Гэтэл тэр орчноосоо холдоод гаднаас нь харж, эргэцүүлэн тунгаахад өрөвдөлтэй санагдах зүйл ч байдаг, уур хүрмээр зүйл ч байдаг. Талархмаар зүйл ч байдаг. Хамгийн хайртай хүнээ хүртэл үзэн ядах мэдрэмж төрдөг. Эсвэл энэнээс угаасаа өөр байх боломжгүй ч байсан юм шиг санагддаг.
Өөрийгөө багадаа жүжиглэж байснаа хүмүүс хожим нь олж мэддэг, эсвэл жүжиглэж байхдаа хүртэл түүнийгээ далд байдлаар мэдэрч байдаг. Өөрт оноосон дүрд жүжиглэж байжээ гэж. Яах гэж? Амьдралд чухал болох том хүмүүст таалагдахын тулд. Томчуудын өгсөн бэлгэнд баярлаж байгаагаа харуулах ёстой. Тэдний хүссэн сайн хүүхэд байх ёстой. Тэдний хүссэн зан ааш, үйлдлийг хүчээр гаргаж үзүүлдэг. Хүүхэд байна гэдэг нэг бодлын томчуудыг гомдоохгүйн тухай байдаг мэргэжил юм шиг.
Гэхдээ хэзээ ч өөртэйгөө нүүр тулахгүй бол жүжиглэж байснаа хүлээн зөвшөөрөхгүй. Жүжиглэж байснаа мэдсэний дараа эсвэл үүнийгээ хүлээн зөвшөөрч, тэрхүү жүжигчний дүр би биш юм байна гэдгийг эсвэл дахиж жүжиглэхээс залхах үедээ “Тэгвэл би яг хэн юм бэ?” гэж асууж эхэлдэг. Өөрийгөө өссөн орчноосоо тусгаарласны дараа хэсэг хугацааны дараа дотор чинь нэг дуу хоолой сонсогдож эхэлнэ. Би энд байнаа гэж байгаа юм шиг. Тэр дуу хоолой ил гарахаас айж байсан. Мөн өөрийг нь анхнаас хэн ч сонсохгүй байсан. Чи хэн бэ гэж хэн ч асуугаагүй. Харин чи ийм байх ёстой гэдгийг л хэлж байсан. Тэгээд бусдын дуу хоолойнд чиний дотоод дуу хоолой дарагдчихсан байсан.
Гэхдээ тэр жүжиглэл одоо ч үргэлжилсэн хэвээрээ шүү дээ. Энэхүү жүжиглэлийг хамт олонтой баяр тэмдэглэх үед хамгийн хурцаар мэдэрдэг. Тэрхүү аз жаргал, баяр хөөр ямар хиймэл вэ гэдгийг мэдэрдэг ч, хамт олноороо байх сайхан байна шүү гэж жүжиглэдэг. Яг үнэндээ аймар уйтгартай байдаг. Бүгд нууцаар бие биетэйгээ урьдчилаад зөвшилцчихсөн юм шиг. Баахан жүжигчнүүд давхар өөр дүрд жүжиглэцгээдэг. Хүчилсэн инээд хацрын булчинг өвтгөдөг шиг дараа нь бүр туйлдсан мэдрэмж төрдөг.
Хэзээ ер нь жүжиглэхээ дуусгах юм бэ? Жүжиглэхээ больчихвол чамайг бас намайг хүмүүс таних болов уу? Хүлээн зөвшөөрөх болов уу?
Харин ганцаараа байх үед нэг тийм тухгүй мэдрэмж төрнө. Яг л танихгүй мөртлөө эртний танилаа хардаг. Гэхдээ түүнийг яахаа мэддэггүй. Түүнтэй яаж харилцахаа мэддэггүй. Хэн нэгэн рүү гүйж энэ эвгүй мэдрэмжээсээ салах гэж яаралгүйгээр тэр үл таних танилыг анзаар, түүний хэлэх үгийг сонс. Тэгээд удахгүй уур чинь хүрэх болно. Бас гуниглах болно. Гэхдээ тайтгаралыг бас мэдрэнэ. Учир нь үл таних танил чи өөрөө байсан.
Тийнхүү хэсэг хугацаанд ч гэсэн жүжиглэхээ болих үед нэг тийм хөнгөн мөртлөө ганцаардмал мэдрэмжийг мэдрэнэ. Нэг талаасаа ганцаардмал ч юм шиг, нөгөө талаасаа бүхэл ертөнцийн нэг хэсэг болсноо мэдэрдэг. Өмнө нь хамт олны, гэр бүлийн нэг хэсэг байхын тулд жүжиглэж байсан. Харин жүжиглэхээ болих үед ертөнцийн нэг хэсэг болдог. Яг л найрал хөгжмийн нэг хэсэг мэт, найрал зохицлыг мэдрэнэ.
Жүжиглэхээ болих үед бусад жүжигчин чамайг орхино, харин тайзнаас буусан хүмүүс чамайг олж харах болно. Тэгээд харцаараа л бие биеэ хараад таних болно. Эсвэл чи жүжиглэж байхдаа жүжиглэхээ больчихсон хүнийг хараад чамд атаархах сэтгэл эсвэл бишрэх мэдрэмж төрнө. Түүнийг хараад нэг бол чи өөртөө ой гутна, эсвэл тэр хүнийг дахиж хармааргүй мэдрэмж төрнө.
Хүн өссөн орчин нөхцлөөсөө давж гарах ёстой. Гэхдээ яаж? Үүнээс өөр байх боломжтой гэдгийг нэгэнт олж харах үед хүний дотор өөрчлөлт явагдаж эхэлдэг. Учир нь өөрийгөө болон бусдыг харах өнцөг өөрчлөгдсөн байдаг. Харамсалтай нь үүндээ хүн дүгнэлт хийж, эргэж харах гэсээр байтал нас барагдчихдаг бололтой.