logo
  • Home
  • Blog

HomeШүүмж, сэтгэгдэлКрейцерийн Сонат

Крейцерийн Сонат

By oyuna / February 3, 2020 / Шүүмж, сэтгэгдэл / 0 Comments

Лев Толстой (1890)

 

Зохиол галт тэргэнд өрнөнө. Номны эхний хэсэгт галт тэргэнд нэг бүхээгт хамт сууж яваа хоёр эрийн хооронд өрнөж буй яриагаар гэр бүл, гэрлэлтийн тухай гүн ухааны шинжтэй санаанууд гарна. Хоёрдугаар хэсэгт өгүүлэгч гэр бүлийн өнгөрсөн амьдралаа сийрүүлж ярих ба эцэст нь эхнэрээ хардалт, үзэн ядалтын улмаас хутгалж хөнөөсөн тухайгаа хэлээд зохиол дуусдаг.

 

Энэ номыг уншаад гэрлэлтийн мөн чанар, зорилго нь ер нь юу юм бэ, номон дээр бичсэн шиг бие махбодын дур тачаал, ашиг сонирхол дээр үндэслэгддэг юм болов уу гэж асуухад хүрлээ. Мөн хүүхэдтэй болно гэдэг хэцүү хүнд бөгөөд тийм ч баяр баясгалантай зүйл биш гэдгийг ний нуугүй харуулсан зохиол байв. Хоол хүнс хэрэгцээнээсээ ихдэхээр хуял тачаал нэмэгддэг бөгөөд бие махбодын дур хүсэлдээ хүний бодол санаа захирагддаг гэдэг санаа байж болох санагдлаа. Хүний ухамсар юу идэхээ, хэр их идэхээ зохицуулахаас эхэлдэг ч байж магадгүй. Өвчний 80% нь амаар орсон зүйлтэй холбоотой гэж ярилцдаг нь ортой ч юм уу? Одоо номон дээрээс эшэлсэн зарим хэсгүүдэд дүн шинжилгээ хийе.

 

Гэрлэсэн хүмүүс бие биенээсээ залхдаг гэж бичжээ. Хоёр хүн удаан хамт байсны эцэст бие биедээ сонин биш болж уйдах нь зүй ёсны хэрэг. Хоёр хүний харилцаа сайн дурын үндсэн дээр, хэн нь ч нөгөөгөө ингэх, тэгэх ёстой гэж хүчлээгүй үед амьд байдаг. Гэтэл гэрлэлт нь яг тэр сайн дурын байдлыг нь хуулийн шинжтэй, үүрэг хариуцлага болгочихдог. Сургууль ч бас адилхан. Боловсролд тэмүүлсэн дурсамж буюу Educated (зохиогч нь: Tara Westover) гээд номонд дунд сургуульд сурч байгаагүй охин их сургуульд ороод эрдэм номыг ямар их шимтэн үзэж байгааг харуулдаг. Учир нь тэр албадлагаар биш сониучархаж сурдаг. Дунд сургууль хэтэрхий захиргаадаж албаддаг учраас ихэнх хүүхдүүд юм сурахыг яг л залхаан шийтгэл мэтээр хүлээн авчихдаг нь харамсалтай.

 

Эмэгтэйчүүдийг зөвхөн сүйт хархүү олж авахын төлөө л амьдардаг гэжээ. Нэг бодлын тийм байдаг. “Эмэгтэй хүнд сайн ханиас өөр чухал зүйл байхгүй” гэх мэтээр хамаатны хүмүүс, дунд сургуулийн багш нар өчнөөн л ярьдаг байсан. Хэдийгээр орчин үеийн эмэгтэйчүүд өөрийн гэсэн карьер, зорилго мөрөөдөлтэй болсон ч гэсэн ганц бие эмэгтэйчүүдийг ямар нэг байдлаар дутуу гэж харсан хэвээрээ л байна шүү дээ. Аль 18-р зуунд Мари Уолстонкрэфт гэрлэлт гэдэг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс нөмөр нөөлөг, дэмжлэг туслалцаа олж авах арга зам бөгөөд эмэгтэйчүүдэд гадаад дүр төрхөө зэвсэг болгож ашиглан үүнийг олж авахыг л сургадаг гэж бичиж байсан нь одоо бүр ч их биелэлээ олж байх шиг. Тийм биш байсан бол гоо сайхны мэс засал тэгтлээ хүчээ авна гэж үү?

 

“Амьдралын сайхан бүхэн эмэгтэйчүүдэд хэрэгтэй байж, тэднийг л дэмждэг” гэжээ. Гоёмсог обьект болсны шагнал нь энэ юм уу? Нэг бодлын дэлгүүрийн ихэнх бараа эмэгтэйчүүдийн хэрэгцээнд зориулагдсан байдаг ч эмэгтэйчүүд гадаад гоо үзэмжээ хэтэрхий их тордсоор байгаад эрдэм мэдлэг олж авахаа орхигдуулдаг байх. Дээрээс нь хэрэггүй юманд мөнгөө зарцуулдаг болохоор олигтой хуримтлал үүсгэж чаддаггүй. Эмэгтэйчүүдэд зориулагдсан бараа эргээд эрэгтэйчүүдэд таалагдахын тулд байдаг нь егөөтэй. Мөн эмэгтэйчүүдийг эмэгтэйлэг байлгадаг тэдгээр хувцас нь биед тухгүйгээс гадна яг л хүүхэлдэй эсвэл чамин обьект мэт харагдуулах үүрэгтэй байдаг. Тухайн үед эмэгтэйчүүдэд гадаад төрхөндөө анхаарч, гэр бүлдээ анхаарал тавихаас өөр хийгээд байх, сонирхол татах зүйл байхгүй байсан нь дэлгүүр хэсэх ба сүмд очих нь л тэдний гадаад орон зай байсан бололтой. Гудамжны халдлага буюу Street Harassment ч гэсэн эрэгтэйчүүдийн зүгээс эмэгтэй хүний олон нийтийн орон зайд чөлөөтэй явахыг эсэргүүцэж буй хэлбэр гэдэг.

 

“Эмс охин эр хүний сэрэл хүслийг өдөөсөн гоёл чимэглэлийг биедээ хэрэглэхийг хүлээн зөвшөөрдөг тийм нийгэм яаж оршин тогтнож байсан юм бол гэж гайхах цаг ирнэ” гэжээ. Толстойгийнхоор энэ бол эрээ цээргүй, ичгүүргүй явдал бололтой. Эсвэл амьтад үржлийнхээ улиралд бие биеэ татах оролдлоготой төстэй амьтны зөн совин юм уу? Ямартаа ч Толстой хүн төрөлхтөнийг амьтанлаг байдлаа давж гарах ёстой гэж үзсэн байх. Энэ хэсэг их сонирхолтой бөгөөд чухал санагдсан. Яагаад ч юм Blue is the Warmest Colour гэдэг киноны гол дүр Адель санаанд орлоо. Тэр хэдийгээр үзэсгэлэнтэй боловч хэзээ ч хэн нэгэнд таалагдая гэж биеэ авч явдаггүй нь бусад охидоос түүнийг хэт ялгаатай харагдуулдаг. Бараг л түүний үзэсгэлэн, дотоод гоо сайхан нь хэн нэгнийг гадаад үзэмжээрээ татахыг оролдохгүй байгаад оршиж буй мэт. Эмэгтэй хүмүүс нийгэмд адилхан үнэ цэнэтэй, эрх тэгш болоод ирэхээр бие махбодоо гоёх бус оюун санаандаа, боловсролдоо анхаарах учиртай гэдгийг хэлсэн ч байж болох юм.

 

“Үнэхээр чин сэтгэлийн хайр, сэтгэл зүрхний харилцаа юм бол энэ бүхэн үгээр, харилцан яриа, хамтын уур амьсгалаар хөтлөгдөх ёстой биз дээ”. Тэгэхээр ихэнх хүмүүсийн хувьд бие махбодын тэчьяадсан дур хүслээс харилцаа үүсдэг, тэгээд тэр нь үүнээс давж гарч чаддаггүй. Жинхэнэ хайр сэтгэлийн холбоо байхгүй бол секс хийсний дараа нэг тийм хоосон мэдрэмж л төрөх байх. Үр хүүхэд төрүүлж эцэг эх болж хүүхдээрээ хоорондоо холбогдсон ч оюун санааны хувьд холбогдоогүй хосууд өчнөөн л байдаг. Тийм хосуудын хувьд хүүхдүүд нь гэрээ орхин явахад хамт байгаа мөртлөө ганцаарддаг. Харин нэгэнт оюун санааны хувьд холбогдож чадсан хосуудад хүүхэдтэй болох шаардлага ч гарахгүй байж болох юм. Эсэргээрээ хүүхэд үүнд саад болдог ч байж магад.

 

“Яг л үүнтэй адил бал сар нь тохиосон хүн болгон ийм муухайг биеэрээ амссан нь лавтайг бусдыг урмыг хугалахгүй гэсэндээ үнэндээ хэлдэггүй бололтой”. Хүмүүс гэрлэлт гэдэг зүйлийг кинон дээр гардаг шигээр төсөөлөөд баахан мөнгөө баран байж хурим хийсний дараа яг бодсон шиг нь биш байсныг мэдээд их бантдаг байх л даа. Явж, явж хурим гэдэг чинь маш их нэр төрийн явдал болдог. Анхнаасаа хуримаа сүртэй хийчихээр цаашаагаа үлгэрийн юм шиг амьдарч буй мэтээр дүр эсгэхээс өөр аргагүй болно, тэгснээрээ гэрлэлт гэдэг маш сайхан гэх төөрөгдлийг хадгалдаг байж болох юм. Найзууд нь ганц бие найзыгаа чи хүнтэй суугаач гэж ихэд “санаа тавьж” байгаад яаран хүнтэй суучихсаных нь дараа тэгтлээ холбогдохоо больсон тухай нэг найз маань ярьсан. Тэгэхээр бусдыг өөрсдөнтэйгөө адилхан болгож байж санаа нь амардаг юмуу ч гэмээр.

 

“Хүн төрөлхтөн оршин тогтнож байгаа цагт эрхэм зорилго байх бөгөөд мэдээжийн хэрэг, энэ нь гахай, туулай шиг үржиж олшрох, эсвэл сармагчин юмуу парисынхан шиг бэлгийн дур хүслээ элдэв маягаар хангахад биш, харин тэвчээр болоод ариун чанарын хүчээр сайн сайханд хүрэх дээд эрмэлзэл юм” гэжээ. Тэр сайн сайхан, ариун чанар бол бие махбодын үргэлжлэл эсвэл таашаалтай холбоотой бус харин сүнсний ариун байдал, ухамсрын өндөр түвшинд хүрэх явдал гэж би ойлгож байна. Дотооддоо өсөж хөгжсөнөөр амьдарч буй нийгэмдээ эерэг нөлөө, сайн сайхныг үлдээх нь эрхэм зорилго байж болох юм.

 

Ямартаа ч заавал үржих албагүй, харин үүнээс илүү чухал зүйл байгаа, түүнд тэмүүлэх ёстой гэжээ. “Хүн гээч нь … зөгийн сүрэг мэт нэгдэн нийлэх ёстой болохоос биш эцэс төгсгөлгүй үржиж төлжөөд байх учиргүй”. Одоогийн дэлхийн хүн амын тоо үнэхээр ийм олон болохоос өмнө л Толстой үүнд санаа зовж байжээ. Хүний зорилго, амьдралын утга учир үржих биш гэдгийг дахин сануулсан байна. Гэхдээ хүмүүс өсөж үрждэг нь буухиа тоглоом шиг нэг хүний хийснийг дараагийнх нь үргэлжлүүлэхэд оршдог гэдгийг Толстой гаргасан. Хүн Бурхантай ойртох нь түүний зорилго бөгөөд энэ амьдралдаа төгс зүйл рүү ойртож чадаагүй учраас, дараагийн үе нь бага ч боловч илүү ойртох учиртай. Хэрэв хүн энэ амьдралдаа төгс ухамсарт хүрчих юм бол дахин үржих шаардлагагүй ажээ.

 

“Эмэгтэйчүүдийн боловсролын хэмжээ нь эрчүүдийн тэднийг үзэх үзлийн түвшнээр л тодорхойлогддог” гэжээ. Толстой эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, тэдний эмгэнэлтэй амьдралыг харуулж чадсанаараа феминист зохиолч ч юм шиг. Гэхдээ дээрх эшлэлийг яг юу гэж ойлгох нь бүрхэг. Нэг бол эрэгтэйчүүдэд тоогдоход хэрэгтэй тэр л түвшинд эмэгтэйчүүд боловсрол эзэмшдэг гэж ойлгогдоно. Эсвэл эрэгтэйчүүд эмэгтэй хүмүүсийн потенциал, чадамжийг үнэлэх эрх мэдэлтэй байдаг гэсэн санаа байж болох юм. Аль эсвэл бидний юмсын хэм хэмжээ, стандартыг эрэгтэйчүүд тогтоодог гэсан санаа байна. Эсвэл тийм эрх мэдлийг эмэгтэйчүүд тэдэнд өгчихсөн ч юм уу? Эмэгтэй хүн хэтэрхий ухаантай байх хэрэггүй, эсвэл хангалттай ухаантай ч нөхрөөсөө илүү ухаантай харагдах гээд хэрэггүй гэх мэт санаануудыг эмэгтэйчүүдэд зөвлөдөг шүү дээ. Ямар сайндаа Youtube дээр үзсэн нэг бичлэгт эмэгтэйчүүд мундаг болох гээд зүтгээд байгаа учраас эрчүүдийн сүр сүлд доройтож байна гэсэн утга санааг гаргасан байдаг. Тэрийг ч олон хүн дэмжсэн байсан.

 

“Янаг амрагийн шүлгүүд болон нүцгэн Венера, Фринээс эхлээд уран зураг, уран баримлыг бүгдийг аваад үз, эм хүн гэдэг таашаал авах зэвсэг гэдэг нь хэнд ч ойлгогдоно. Энэ боолчлолоос ялгарах юмгүй. Бүр хүүхэд байхаас нь л эмэгтэйчүүдэд ингэж хандан хүмүүжүүлдэг”. Урлаг гэдэг нэрийн дор нээрээ л үүнийгээ үргэлжлүүлэн хийсээр. Эмэгтэйчүүдийн секс эрх чөлөө гэдэг нэрийн дор порно кино ашиг олсоор. Охидыг багаас нь л чи айлын эхнэр хүн болно, нөхрөө хүндлэх хэрэгтэй мэтийн “сургааль” айлдацгаадаг. Багаас нь л хэрхэн эрэгтэй хүнд тоогдож, эхнэр болох вэ гэдэгт бэлдээд байдаг мэт. Манай дунд сургуулийн багш хичээлээ заахын оронд эрэгтэй хүнийг ходоодоор нь татах ёстой гэх мэт зүйл ярьж цаг нөхцөөдөг байж билээ. Гэвч ухамсрын өндөр түвшинд хүрсэн эрэгтэй хүн ганц хоолонд “явчихгүй” байх л даа. Ямартаа ч эмэгтэй хүнийг чөлөөлдөггүй янз бүрийн гэр бүлийн үүргийн тухай Симон дө Бовуар Дайван хүйстэнномдоо Охин, Эхнэр, Дурласан эмэгтэй, Эх, Өтөлсөн эмэгтэй гэсэн бүлгүүдэд тодорхой гаргасан байдаг.

 

“Эмэгтэйчүүд оюун ухаанаа хөгжүүлэх боломжгүй учраас яваандаа сэтгэл мэдрэлийн өвчтэй, хийрхэх донтой, золгүй амьтад болно”. Яг энэ хэсгийг уншихад хэд хэдэн таньдаг эмэгтэйчүүд санаанд орж байна. Хүн бүр дайжиж, залхмаар, үглээ, хэрүүлч, яншаа “авгай” гэгддэг хүмүүс энэхүү нөхцөл байдлаас л бий болдог байх. Яалт ч үгүй өдөржин хүүхдүүдтэй зууралдана, тэд нарыг загнана, эцэс төгсгөлгүй гэрийн ажил хийнэ, тэгээд эцэст нь “авгай” болж хувирдаг. Гэтэл эрэгтэй хүн ч гэсэн ийм ажлыг насаараа хийвэл адилхан л “авгай” болох ч юм билүү? Бовуарын Нас ахисан эмэгтэй бүлэгт ийм л эмэгтэйчүүдийн тухай бичсэн байдаг. Өөрийн гэсэн амьдрал байхгүй, бүхий л амбицаа үр хүүхэд, нөхөртөө тохчихоод тэдний амжилтыг өөрийн болгох гэж оролддог гэдэг.

 

“Хүүхэд бол адис ерөөл, хүүхэд баяр баясгалан гэдэг чинь тэр аяараа худал шүү дээ. Хүүхэд бол зовлон шаналал, өөр юу ч биш.” Гэхдээ хүмүүс үүнийг ингэж ил хэлдэггүй байх л даа. Тэр ч бүү хэл хүүхэдтэй болоод харамссан хүмүүс олон байдаг ч энэ талаар ил ярих нь цээртэй. Хотжилт, үйлдвэржилтийн эрин үе хүүхэд тийм ч хэрэгтэй биш. Харин ч тээр, дараа болдог. Хөдөө аж ахуйн нийгэмд хүүхэд ажиллах хүчин болдог байсан бол хотжилтын үед харин ч хүүхдээ хаа нэгтээ “байрлуулах” хэрэгтэй болдог төдийгүй, үүнийхээ төлөө мөнгө төлдөг. Манайд гэхэд л бүр сугалаанд хожих юм бол хүүхдээ цэцэрлэгт өгөх эрхтэй болдог гэхээр л.

 

“Ийм болохоор, хүүхдүүдтэй болсон нь бидний амьдралыг сайжруулаагүй, дордуулсан хэрэг байлаа”. Ер нь ямар хүмүүсийн амьдрал дээрддэг гэж? Ямар ч байсан нэг зүйл хийсэн, бүтээсэн болж үүнээсээ сэтгэл ханамж авдаг учир дээрддэг байж болох л юм. Аль эсвэл эрх мэдэлтэй байх хэрэгцээгээ хүүхдээ загнаж, түүний хувь заяаг шийдэхдээ мэдэрдэг ч байж болох юм. Хоёр хүүхэдтэй байснаа гуравдахь, дөрөвдэх гээд цааш нь үргэлжлүүлээд төрүүлээд байдаг хүмүүсийг би лав ойлгодоггүй. Ихэвчлэн нөхөр нь л хүсдэг юм шиг санагддаг. Эмэгтэй хүн шиг тэгж 9 сар тээхгүй, хөхүүлж хүүхэдтэйгээ зууралдахгүй тул эрэгтэйчүүдэд олон хүүхэдтэй боллоо гээд тэжээж л чадаж байвал тэгтлээ дарамттай санагдаггүй биз. Харин ч олон хүүхэдтэй байх тусам эрэгтэйчүүдийн цалин нэмэгддэг тухай судалгаа бий. Нөгөө талаас эхнэрээ гэртээ бүр мөсөн уях далдуур санаатай ч байдаг байж болох юм.

 

“Нөхөр, эхнэрүүдийн 99% нь миний амьдарч байгаа шиг ийм тамд амьдардгийг, үүнээс өөрөөр байх ямар ч боломжгүйг би тэгэхэд мэддэггүй байжээ”. Эмгэнэлтэй юмаа. Миний хувьд эргэн тойрноо анзаарахад аз жаргалтай гэр бүл үнэндээ байдаггүй. Бүгд л гэрлэлт нь бүүдгэр, таарамжгүй, уйтгартай, утгагүй, бүр үзэн ядсан шинжтэй байдаг. Хоорондоо яриад байх ч зүйл сүүлдээ байхгүй болсон байдаг.

 

“Хотод өөрийгөө ч ойлгож мэдэх цаг байхгүй. Дандаа л завгүй. Гэтэл амьдрал хов хоосон.” Энэ ч үнэхээр үнэн санагдсан шүү. Нэг л завгүй хүмүүс. Юуны ч төлөө амдраад байгаа нь мэдэгдэхгүй. Тэгсэн мөртлөө сатаарах зүйл ихтэй, амсхийх ч зав байхгүй.

 

“Ажилчин хүнд үр хүүхэд хэрэгтэй”. Ажилчин хүн биеийн хүчээрээ мөнгө олдог, амь зуулгаа залгуулдаг тул түүнд хүн хүч хэрэгтэй ажээ. Харин оюуны хөдөлмөр хийдэг хүнд хүүхэд тэгтлээ ажиллах хүчин болж чадахгүй.

 

Ямартаа ч бие махбодынхоо дур хүсэлд захирагдсны улмаас өөрөө ч өсөж хөгжих боломжгүй, өөр хүний амьдралыг ч бусниулсан тийм л хүний амьдралын түүх. Энэхүү дур тачаал нь хөндий хоосон, зүгээр л ашиглах сонирхол дээр үндэслэсэн болохоор нөгөө хүнээ үзэн ядахад маш амархан мэт. Хэдийгээр эхнэрээ алж дуусч байгаа нь маш хэрцгий, байж боломжгүй мэт харагдаж буй ч бэлэг тэмдэг утгаар нь бодоод үзэх юм бол гэрлэсэн хүмүүс бие биенийхээ сүнсийг хордуулаад, амьд үхдэл болгодог ч байж мэднэ. Гэхдээ л амьдарч чадаагүйдээ хэн нэгнийг буруутгах шалтгаантай юмдаа.

Шүүмжлэлтэй санагдсан нэг зүйл нь бие махбодын дур тачаалыг хэт буруушаасан нь байсан. Ухамсрын өндөр түвшинд хүрээгүй хүн зүгээр л бие махбодын хэрэгцээгээ болиулж чадахгүй. Харин ч энэхүү хэрэгцээ нь улам нэмэгдэж энэхүү зөрчлөөсөө болж зовох байх. Гагцхүү бие махбодын таашаалаас илүү сайхан зүйл байдгийг ойлгож ухаарсан цагт тиймэрхүү хүсэл тачаал өөрөө аажмаар багасах жамтай байж магад.

Тус номыг уншихыг хүсвэл Монсударын нэг цуврал болж гарсан байгаа.

Tagged to: амьдралын утга учир крейцерийн сонат лев толстой

Share this post, choose your Platform!
19
Jul

Толстой ба гэр бүлийн тухай өгүүлсэн түүний зарим зохиолууд

Дэлхийн шилдэг сонгодог зохиолууд дотор яалт ч үгүй Лев Толстойн зохиол багтдаг. Шилдэг, шилмэл зохиолууд өөр өөр утга санааг өгүүлдэг ч, цагийн аясыг даах тийм үнэнийг өгүүлдэгээрээ хоорондоо төстэй. Толстойн олон зохиолууд байдгаас миний хувьд түүний дөрвөн зохиолыг уншсан. Анна Каренина, Крейцэрийн сонат, Иван Ильичийн үхэл хэмээх зохиолуудад гэр бүлийн амьдралын тухай нийтлэг зүйлс өгүүлсэн

Шүүмж, сэтгэгдэл by oyuna and has 0 Comments
17
May

Чингиз Айматов – Жамиль

Сайн байцгаана уу, Өчигдөр Киргиз улсын зохиолч Чингиз Айматовын бичсэн Жамиль зохиолыг уншлаа. Урьд нь түүний Цайран харагдах хөлөг онгоц, Тогоруутын түрүүч, Цаазын тавцан зэрэг зохиолуудыг уншиж байсан бөгөөд бүгд л харуусах, хайрлах сэтгэгдэл төрүүлж байлаа. Хүнийг хайрлах, байгаль дэлхийг хайрлах, амьтныг хайрлахыг зохиолч маань бүтээлээрээ байнга сануулдаг билээ. Энэ удаа Монсудараас гаргаж буй цувралын

Шүүмж, сэтгэгдэл by oyuna and has 0 Comments
Leave a comment Click here to cancel reply.
FOLLOW US

© 2020