logo
  • Home
  • Blog

HomeМинимализмМинимализм ба байгаль орчин: Асуудал №1 – Хуванцар сав

Минимализм ба байгаль орчин: Асуудал №1 – Хуванцар сав

By oyuna / August 24, 2019 / Минимализм / 0 Comments

Минималист амьдралын хэв маяг гэж юу болох талаар өмнө нь ярьсан билээ. 

Байгаль орчинд ээлтэй амьдрана гэдэг эрүүл мэнддээ давхар сайн зүйл хийж байна гэсэн үг. Наад захын жишээ авъя. Та цуйван гэртээ хийе гэж бодохоор яаж гурилаа бэлдэнэ дээ гэж залхуу чинь хүрдэг болохоор бэлэн гурил худалдаж авдаг уу? Гаднаас авсан гурил гэхдээ хэзээ ч гэртээ бэлдсэн шиг биед шингэцтэй, орц найрлага багатай, шинэ байдаггүйг өөрсдөө идсэн туршлагаасаа мэдэж байгаа. Нэг найз маань “юу идэж байгаадаа ач холбогдол өгч хийх юм бол хоол хийх хэцүү биш. Яг үнэндээ хоолоо хийж иднэ гэдэг хобби чинь байхаас ч чухал зүйл. Учир нь ямар нэг юм идсэн болж амьдарна гэдэг өөрөө амьдралыг амтгүй болгодог” гэж билээ. Үүнээс хойш би цуйвангийн гурилаа өөрөө бэлдэж идэхдээ залхуурахаа больсон доо. Найзын маань хувьд бууз, хуушуур ч бас амархан хоолны тоонд ордог.

Хагас боловсруулсан эсвэл идэхэд бэлэн бүтээгдэхүүнүүдийг авч идэх үнэтэй, ямар орчинд хийсэн нь тодорхойгүй, нөөшлөх бодис, хадгалсан хугацаа зэргээс шалтгаалаад эрүүл мэндэд сайн биш, мөн тэдгээрийг савлахад орсон гялгар уут, боодол сав нь байгаль орчинд хог болон гардаг. Тиймээс Минималист болсноор байгаль орчинд ээлтэй амьдрах боломжтой.

Бидний өдөр тутмын наад захын энгийн сонголтууд байгаль орчинд хэрхэн нөлөөлдөг бол? Хүн өдөрт дундажаар 2.5кг хог гаргадаг гэсэн судалгаа бий. Монгол улсад жилд 1 сая тонн хог, хоёрдогч түүхий эд гардаг байна. Зарим эх сурвалжид 1.4 сая тонн хог гардаг ч гэсэн байна. Үүнээс 24%-ийг л дахин боловсруулдаг, 1 сая тонн хогийг хөрсөнд булдаг, уг нь 1.2 сая тонн хогийг дахин боловсруулах боломжтой байдаг байна. Гэхдээ дахин боловсруулах гэдэг үнэндээ бодит амьдрал дээр хэрэгждэг зүйл биш гэдгийг удахгүй ярих болно. Өөрөөр хэлбэл, та хуванцар савтай ус худалдаж аваад түүнийгээ дахивар сав руу хаялаа гээд дахин боловсруулагдчихна гэж найдах хэрэггүй юм.

Бид өдөр тутмын сонголтоо ухамсартайгаар өөрчилснөөр өөрсдийн зүгээс өөрчлөлт хийх боломжтой. Байгаль орчинд дараах байдлаар хор уршиг тарихгүй байх энгийн, өдөр тутамдаа хэрэгжүүлж болох дараах алхмуудтай танилцацгаая:

Асуудал #1: УС, УНДААНЫ ХУВАНЦАР САВ. Дэлхий даяар минут тутамд нэг сая хуванцар сав худалдаалагддаг ба энэ тоо 2021 он гэхэд 20%-иар өсөх тооцоо байдаг байна. Та энэхүү нийтлэлийг 5 минут уншаад дуусахад 5 сая хуванцар хог хаягдал гарчихсан байгаа гээд боддоо. Хуванцар савтай усыг үйлдвэрлэхэд крантны цэвэршүүлсэн уснаас 1,000-2,000 дахин их эрчим хүч зарцуулдаг байна. Жил бүр 5-13 тонн хуванцар далайд хаягддаг бөгөөд далайн шувуу, загас бусад амьтад залгиж орхидог.

Энэхүү яст мэлхийний хоол боловсруулах замд олдсон 13 ширхэг гадны обьектийн 8 нь хуванцар байжээ.

Энэ нь эргээд хүмүүсийн ходоодонд орно гэсэн үг юм. Далайн хоол иддэг хүн жилд 11,000 жижиг хуванцар залгидаг гэсэн тооцоог Бельгид хийсэн байна. 2050 он гэхэд далай дахь хуванцарын жин нийт загасны жингээс давна гэсэн тооцоо байдаг байна. Кока Кола компани дангаараа жилд 108 тэрбум хуванцар сав гаргадаг байна (энэ тоо бол зөвхөн барагцаа тоо, учир нь Кока Кола компани хэдэн ширхэг хуванцар сав жилд үйлдвэрлэдэгээ нууцладаг).

Эх сурвалж: wastelessfuture.com

“Coke далайг боомилохыг бүү зөвшөөр” Эх сурвалж: www.greenpeace.org.uk

Карибийн тэнгис дэх хуванцар хог хаягдал. Кредит: Caroline Power-ийн 2017 онд авсан зураг.

Хуванцар сав хагарч гэмтэхгүй, тээвэрлэхэд хөнгөн, хэрэглэгчээс буцаад үйлдвэрлэгчид очих шаардлагагүй, хямд гэх мэт олон давуу талтай харагдана. Хэдийгээр хуванцарыг дахин боловсруулах боломжтой ч ихэнх тохиолдолд тэгдэггүй. Бидний хэд нь хогоо ялгаж хаядаг билээ дээ? Хэдийгээр Улаанбаатар хотод дахивар, энгийн гэсэн хаягтай хогны савнууд энд тэндгүй байрлуулсан боловч дахивар хог хаягдлын хогны сав нь янз бүрийн хогоор дүүрсэн байх жишээтэй. Дээрээс нь хуванцар савнууд дотроо ангилалтай тул дахин боловсруулах үйлдвэр тухай бүрд нь ялгах хэрэгтэй болдог байна. Өөр ангилалын савнууд нийлбэл бохирдож боловсруулах боломжгүй болдог, учир нь тэд өөр өөр дулааны хэмд боловсруулагддаг. Тиймээс дахин боловсруулах нь төвөгтэй үйл явц. Монголд жилд 400,000 ширхэг хуванцар савны хаягдал гардаг гэсэн тооцоо гарчээ (гэхдээ энэ тоо энэ янзаараа жилээс жилд нэмэгдэх байх). Америкт гэхэд л нийт усны савны 23% нь л дахин боловсруулагддаг байна. Хийжүүлсэн ундааны дэлхийн 6 том компаний үйлдвэрлэдэг нийт хуванцар савны дөнгөж 6% нь дахин боловсруулагдсан байдаг байна. Кока Кола компанийг оролцуулахгүйгээр тооцвол 5 компани нийлээд жилд 3.6 сая тонн хуванцар савны хог гаргадаг байна. Хуванцар сав нь байгальд шингэхийн тулд 5 зуун буюу 500 жил болдог байна. Дээрээс нь булсан хог хаягдлаас хорт хий ялгардаг.

 

Өөр нэг асуудал бол хуванцар сав эрүүл мэндэд хортой. Хүмүүс хуванцар савтай ус худалдаж авахдаа би ус ууж байгаа юм чинь эрүүл, зөв сонголт хийж байна гэж боддог. Харин ч ихэнх усны хуванцар савыг 1 дугаартай, PET хэмээх бодисоор хийдэг ба ялгарч буй химийн бодис нь хортой байдаг байна.

 

Усны савыг дулаан хэмд хадгалах тусам хортой бодис ялгаруулдаг байна. Флоридагийн их сургуульд хийсэн судалгаагаар антимони ба BPA хэмээх хоёр бодисын усан дахь хэмжээ халуун, дулаан хэмд хоёр дахин өссөн байна. Халуун зунаар хүмүүс аялахдаа боодол боодлоор нь ус авч яваад тэр нь халуунд хэдэн цагаар шарагддаг билээ. Антимони хэмээх бодис нь хавдар үүсгэгч хортой метал ажээ. BPA хэмээх бодис нь эстроген даавартай төстэй ба хэт таргалалт, дотоод шүүрлийн булчирхайны доголдол, хавдар зэргийг үүсгэх нөлөөтэй байдаг байна. Энэхүү бодисыг хүүхдийн угжны саванд хийхийг хориглосон байна.

 

Хэрэв та бүхэн анзаарч байсан бол хуванцар савны ёроолд нь 1-7-ийн хооронд дугаар байдаг бөгөөд дугаараасаа хамаараад өөр өөр химийн найрлагатай байдаг байна. Дан ганц ус, ундааны сав гэлтгүй бид шампунь, масло, ургамлын тос, кетчуп, угаалгын шингэний сав гэх мэт өдөр тутмын амьдралдаа бид маш олон хуванцар савны хаягдал гаргадаг. #2, #4, #5 дугаартай хуванцарууд харьцангуй аюул багатайд тооцогддог, гэхдээ л богино долгионы зууханд халаахгүй байх нь зүйтэй. Харин #1, #3, #6, #7 дугаартай хуванцарууд ихээхэн аюултайд тооцогддог бөгөөд аль болох хүнсэндээ хэрэглэхгүй байвал зохино.

#1-7 дугаар бүхий хуванцар савнууд

Шийдэл: Өөрийн гэсэн сайн чанарын дахин хэрэглэх усны савтай явж байх, хийсэн материал нь шилэн эсвэл ган (stainless steel) байвал зүгээр. Хамгийн сайн усны савнуудын тухай эндээс олж уншаарай.

Миний хувьд Zebra нэртэй халуунаа барьдаг усны ган сав хэрэглэдэг. Зуны улиралд зүгээр шилэн усны сав хэрэглэдэг. Крантны цэвэршүүлсэн ус нь хуванцар савтай усыг бодвол 240-10,000 дахин хямд тусдаг байна. Бид хуванцар савтай ундаа, ус худалдаж авахгүй байх сонголт хийснээр мөнгөө хэмнэхийн зэрэгцээ эдгээр хог хаягдлыг багасгаж цаашилбал хуванцар савны үйлдвэрт “үгүй ээ, бидэнд энэ хэрэггүй” гэж хэлж байгаа юм.

Миний байнга хэрэглэдэг усны савнууд.

Tagged to: байгаль орчин зөв сонголт минимализм хог хаягдал хуванцар сав эко амьдрал

Share this post, choose your Platform!
31
Jul

Хөгшин үнээний үг

Бадарчин Гомбодорж   Хөгшин үнээний үг   Эрлэгийн гарт идшинд баригдан Эцэж ядарсан хөгшин үнээний Энэлэн гаслан орилон бахирч Элдвийг хэлсэн үгийг сонс Эрт цагт эхээс гарснаас хойш Эвэр туурай ургаж өссөөр байлаа Элдэв олон ижилтэй цэнгэн жаргалаа Энхрий хайрт үр олон боллоо Шимээ хүртээж төлөө ч өглөө Шижир алт шиг хайрладаг ч байлаа Эрх

Веган амьдралын хэв маяг by oyuna and has 1 Comment
13
Jan

Цэвэрхэн байх цуврал №2 Тоосоо арчихын ач холбогдол

Орчин үед Ковидтой холбоотойгоор бид илүү цэвэрхэн байх шаардлагатай болж байна. Cleanliness is next to Godliness буюу Цэвэрч байдал нь Бурханлагтай ойрхон гэж үг бий. Тэгвэл яагаад цэвэрч байх хэрэгтэй вэ? 1-р хэсэгт нүүрний арьсаа цэвэрхэн байлгахын ач холбогдлыг бичсэн билээ. Тэгвэл энэ удаа тоос арчихын ач холбогдлыг хамтдаа мэдэж авцгаая. Цонхны тавцан, ширээ, тавилга,

Эрүүл амьдрал by oyuna and has 0 Comments
Leave a comment Click here to cancel reply.
FOLLOW US

© 2020