Минимализм ба санхүүгийн эрх чөлөө
By oyuna / July 28, 2019 / Минимализм / 0 CommentsСанхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэдэг хүссэн үедээ хүссэн юмаа авахыг хэлэхгүй. Шинэ загварын утас, машин, зурагт, компьютерийг бусдаас хоцрохгүйгээр урьтаж авах чадварыг хэлэхгүй. Хүн Хүслийнхээ боол болохгүйгээр, капитилист ертөнцийн “Хэрэглэгч Хаан” хэмээсэн лоозонд хошгорохгүйгээр Хүн хэвээрээ үлдэж, ухамсартай сонголт хийж, мөнгөө утга учиртай зүйлд зарцуулж чаддаг байх, хамгийн гол нь мөнгөний төлөө төрчихсөн юм шиг яаж амьдралаа залгуулнаа гэсэн өрөөс өр, цалингаас цалинд, үхтэл үргэлжлэх тэрхүү аргаа барсан, ядарсан амьдралыг ардаа орхиж, илүү чухал, үнэ цэнтэй зүйлийг анхаарч, сайхан зүйлийг бүтээхийн төлөө амьдрах боломжтой байх нь миний бодлоор санхүүгийн эрх чөлөө.
Хувийн санхүүгээ минималист хэрэглээгээр дамжуулан удирдах нь санхүүгийн эрх чөлөөнд хүрэх замын нэг. Ихэнх “нууц” арга замыг заасан бестселлер гэгдэх номуудад яавал баяжиж мөнгөтэй болох тухай бичсэн байдаг. Тэгвэл анхнаас нь мөнгөө хэмнэж, “баярхахгүй” амьдрах нь баян байхын нууц. Сэтгэл ханахгүй бол ямар ч эд хогшил, хувцас хунар, хоол хүнс байсан хүн гуйлгачин хэвээрээ үлдэнэ. Тийм учраас хүний хүсэл хязгааргүй, хэрэгцээ хязгаартай гэдгийг ухаарч шунал хөдлөх бүрийд үүнийг өөртөө сануулж, сахилга баттай байж чадах юм бол хүн жинхэнээсээ чөлөөтэй амьдрах боломжтой. Манай монгол капитализмын давалгаанд өдрөөс өдөрт өртөж байгаа нь кредит картууд, лендди гэх мэт хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхгүйгээр амьдарч болно гэсэн хуурмаг төсөөлөл, мөнхийн өрийг бий болгодог боолчлолын шинэ шинэ аргууд гарч ирж байгаагаас харж болно.
Тэгвэл минималист амьдралын хэв маяг хэрхэн санхүүгийн эрх чөлөөнд хүргэж болох тухай өөрийн туршлагаас товч танилцуулая.
- Хүн юунд мөнгөө үрээд байгаагаа мэдэхгүй мөртлөө гарын салаагаар урсаад л, нэг мэдэхэд сарын эцэст хүнээс мөнгө гуйх дээрээ хүрсэн байдаг шүү дээ. Тэгвэл хэзээ ямар үед, юунд мөнгөө явуулаад байгааг мэдэхийн тулд дэвтэр гаргаж тухай бүрд нь зарлагаа тэмдэглэж, сар бүрийн эцэст нийт хэдэн төгрөгний зардал гаргаснаа бичих хэрэгтэй. Сард гаргасан нийт зардлаа тооцохдоо онцын шаардлагагүй авсан зүйлсээ анзаарч дараагийн сард тэдгээрийг авахгүй байвал хэдэн төгрөг хэмнэхээр байна гэдгийг тооцож үзэх. Тэгээд дараа сард хэрэгцээгүй зүйл авсан мөнгөө хасаад гарсан хэмжээгээр зарлага гаргахыг оролдож үзнэ.
- Байрны мөнгө, утас, хүнс, унаа гэх мэт суурь зардлаа хамгийн үндсэн байдлаар тооцож үзсэний дараа орлогоосоо шаардлагатай тэр хэсэг мөнгөө үлдээж үлдсэнийг нь 20, 30, 50-ийн харьцаагаар хувааж хадгалах. 20 нь энтертайнмент, 30 нь яаралтай үед хэрэглэх, 50 нь огт гар хүрэхгүй хугацаат хадгаламж байна.
- Гадуур аль болох хооллохгүй байх. Хоол идэх нь хэдий өдөр тутмын зайлшгүй хэрэгцээ боловч гаднаас авч идэж буй хоолонд тухайн газрын түрээс, цахилгаан, татвар, ажилчдын цалин, үйлчилгээ гээд маш олон өртөг шингэсэн байдаг. Тэгэхээр гадуур хооллох нь өөрөө хийж идэхээс хэд дахин үнэтэй бас эрүүл мэндэд ч сайн биш. Нэг удаа гадуур хоол авч идэхэд хамгийн багадаа ойролцоогоор 8,000 төгрөг гэж бодох юм бол ажлын 20 өдөрт 160,000₮ болно. Тэрхүү мөнгөний ядахдаа 80,000-ыг хадгалах боломжтой.
- Хэрэгцээнээсээ илүү хүнс авахгүй байх. Тэгэхийн тулд өлссөн үедээ дэлгүүр орох хэрэггүй. Хүний төсөөлөл дандаа бодитой байдаггүй учраас өлссөн үед хүнд маш их хүнс, хоол хэрэгтэй юм шиг санагддаг. Тийнхүү хэрэгцээнээс хэтрүүлж авсан зүйлс дараа нь муудаж хаягддаг. Тэр бүрт мөнгө хогны сав руу орж байна гээд төсөөлдөө. Та яавч мөнгөө 00 руу хийж урсгахгүй биз дээ?
- Гэрт байгаа хүнс, ахуйн хэрэглээний зүйлсийг дуусгаж байж шинийг авдаг байх. Өмнө нь авсан талх дуусаагүй байхад шинээр авчих юм бол ихэвчлэн шинийг нь идээд өмнөхийг нь идэхгүй байлгасаар байгаад хаядаг. Мөн саван, угаалгын нунтаг, шампунь гэх мэт зүйлсийг дуусахаас нь өмнө авах хэрэггүй. Учир нь элбэг дэлбэг байгаа мэт сэтгэгдэл төрөх юм бол хүн гамгүй хэрэглэх хандлагатай нь надад анзаарагдсан. Жишээ нь: Америкт хүмүүс арай л үрэлгэн амьдардаг.
- Баярыг даруу тэмдэглэж сурах. Монголчууд баярыг баярхаж тэмдэглэх дуртай. Сайхан сэтгэлтэй бас нэрэлхүү ард түмэн учраас болох байлгүй дээ гэж нүдээ аниж байгаад хамаатан садан, найз нөхдийнхөө дэргэд нүүр улайхааргүй, бусдаас дутахгүй нэг сайхан баярлаад авъя гээд хамаагүй их мөнгө үрж орхидог. Баяр бүхэн өөр өөрийн гэсэн утга учиртай байдаг боловч баярыг маркетинг, бараагаа зарах боломж болгож орхисон нь харамсалтай. Хайртай хүмүүстэйгээ хамт байх нь өөрөө баяр юм. Хайртай хүн чинь өөрөө бэлэг юм. Байгаль орчноо бодсон ч, баярын дараах амьдралаа бодсон ч, гэдэс ходоодоо бодсон ч бидэнд тийм их новш, идэж уух зүйлс хэрэггүй. Аливаа зүйл хэр хэмжээндээ байхдаа үнэ цэнтэй байдаг.
- Моод хөөцөлдөх хэрэггүй. Өөрт зохисон, чанартай, цөөн төрлийн хувцас олж аваад тэдгээрийгээ хооронд нь зохицуулаад өмс. Загвар хуучирдаг, стиль хуучирдаггүй гэдэг. Өөрийнхөө стилийг олсон бол тэгээд л болоо. Хувцасны компаниуд худалдан авалтаа нэмэгдүүлэхийн тулд 4 улиралыг олшруулж 52 болгосонд гайхах зүйлгүй. Сайн ярих юм бол хуучин хувцас ч аваад өмсөж болно шүү дээ.
- Хүүхэдтэй хүмүүсийн хувьд авч өгч буй тоглоомоороо хайраа “батлах” хэрэггүй. Тэглээ ч хүүхэд дороо уйдаж орхиод дахиад л шинэ тоглоом хүснэ. Хүүхдэд сонин содон тоглоом биш харин эцэг эхийн анхаарал хамгийн чухал. Хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрөө, хүүхдээ сонирх, түүнтэй ярь, хамтдаа музей үз, шинээр хэл сур, ном унш, хамтдаа гэрээ цэвэрлэ, теннис тогло, хоол хий, гадаа хамт алх, үгэн тоглоом тогло, дуу дуул, хөгжим тавиад бүжиглэ! Момо гэдэг номон дээр гардагчлан хэт “ухаалаг” тоглоом нь хүүхдийн төсөөлөн бодох сэтгэхүйг хөгжүүлдэггүй харин дарангуйлдаг. Хүүхэд өөрөө тоглоомыг бодож олдог байх нь өөрөө тоглоом мөн биз дээ?
Дээрх арга замууд өдөр тутмын процесс учраас алдаа оноогүй шулуун замаар хүрчих зүйл биш. Би өөрөө хүрчихсэн ч юм биш, харин хүрэхээр яваа. Энэ аялалд та бүхнийг уриалж байна. Иргэн баян бол улс баян гэдэг шүү дээ!