Минимализм гэж юу вэ?
By oyuna / June 8, 2019 / Минимализм / 0 Comments5, 6-р сар бол хонхны баяр болдог үе. 2018 оны статистик үзүүлэлтээр Монголд нийт 94 дээд боловсролын байгууллага, 803 ерөнхий боловсролын сургуулиуд байна. 2017 онд дээд боловсролын байгууллагыг 29,164 хүн төгсөж, 40,537 хүн ЕБС-ийг төгсжээ. Жил бүр дундажаар 50,000-60,000 хүн ахлах болон дээд сургуулийг төгсдөг гэж бодоход ямар олон гутал, шинэ даашинз, дээл, костюмны хослол шинээр худалдаж авдаг бол? Ямар олон баглаа цэцгийг аваад хаядаг бол?

zaluu.com
Цаашилбал, дан ганц хонхны баяр ч гэлтгүй цагаан сар, шинэ жил, наадам, эмэгтэйчүүдийн баяр, эх үрсийн баяр гээд олон баяраар хүмүүс хоорондоо өмссөн зүүсэн, эдэлж хэрэглэж байгаагаараа уралдацгааж, хэнд ч хэрэггүй бэлэг солилцож, баярын утга учрыг алдагдуулдаг.
Бид нар хэн нэгнээс дутахгүй гэсэн бодолдоо хөтлөгдөн материаллаг эд хэрэгслийг байнга худалдаж авдаг нь сэтгэлгээний ядуурлыг илтгэхээс биш баян чинээлэг байдлын илрэл биш. Энэ бүх хэрэглээ байгаль орчинд маш их хаягдал гаргаж байна.
“Монгол Улсад сүүлийн таван жилийн дотор хог хаягдлын хэмжээ дөрөв дахин буюу жил тутам дунджаар 500 гаруй мянган тонноор нэмэгдэж 2015 оны байдлаар 2.9 сая тонн хог хаягдал үүссэн байна” (mongolcom.mn) гэсэн 4 жилийн өмнөх мэдээлэл байна. Энэ бүх хог хаягдал хөрс, ус, агаарыг бохирдуулж байгаа. Энэ нь эргээд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулна. Тэгвэл өнөөдөр энэ хог хаягдал бүр их нэмэгдсэн байж таараа. Энд тэндгүй сүлжээ дэлгүүрүүд нээгдэж, Америк, Солонгос, Япон бараанууд нэмэгдэж, дэлгүүрээс хүмүүс сагсаар биш том, том түрдэг тэргээр үйлчлүүлдэг болсон. Нэг удаагийн аяга, саванд хоолоо авч явдаг, гаднаас захиалдаг болжээ. Хүмүүс үнэ цэнээ худалдан авч буй бараагаар хэмждэг болж, бүх зүйлсийг амар хялбар аргаар шийдэхийг илүүд үзэж байна. Гэтэл хуучин хувцас, хэрэглэсэн утас худалдаж авах нь үнэндээ хямд бөгөөд эко сонголт юм. Хогны тухай дараа тусад нь жич ярих болно.

mongolcom.mn
Үнэн хэрэгтээ энэ хорвоо бол үдлээд өнгөрөх түр зуурын буудал. Энэ бие махбод түр зуур хэрэглээд орхих хувцас билээ. Харин минималист амьдралын хэв маяг нь хүн амьдралын хамгийн чухал үнэ цэнтэй зүйлдээ анхаарал хандуулж, цаг зав дэмий үрсэн, чамирхалаас цаашгүй зүйлийг огоорох тухай юм. Тэгвэл амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл юу вэ? Хэдийгээр хүн бүхэнд өөр байж болох ч, цаг хугацаа, орон зай, хүний төрөлхийн заяагдмал үнэ цэнэ, утга учиртай харилцаа хамгийн чухал. Ямар ч эд материал үүнийг орлож чадахгүй.
Минималист амьдрал үнэхээр амар. Үүний цаана маш том гүн ухаан явж байдаг. Минимализм гэдэг бол эгэл жирийн, арвич хямгач хэв маяг, арга техник гэсэн утгатай үг(Merriam-Webster dictionary). Тэгэхээр минимализм нь амьдралын хэв маягаас гадна, урлаг, утга зохиолд, дизайнд хэрэглэгддэг. Гол нэгтгэдэг зүйл нь тооноос чанарыг, өнгөн талаас дотор талыг чухалчилдаг.

https://cherinow.files.wordpress.com
Минималист амьдралын хэв маягаас жишээ аван ярих юм бол олон танилаас цөөн сайн найзыг, олон хэрэглэдэггүй хувцаснаас цөөн боловч чанартай, эвтэйхэн хувцасыг, хөргөгчөөр дүүрэн юу байгаа нь мэдэгдэхгүй хүнснээс цөөн, амин дэмтэй, тэжээллэг хүнсийг илүүд үздэг.

Shutterstock
Минималист амьдралын хэв маяг Буддын гүн ухаан, байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягтай нийцдэг. Яг л хорвоогийн хоосон чанарыг таньсан хүн л энэ амьдралын хэв маягийг сонгох мэт. Гэхдээ капиталист нийгмийн боол болохыг хүсэхгүй хэн бүхэнд энэ амьдралын хэв маяг тохирно. Капиталист нийгэм нь хэзээ ч хүний сайн сайхан, байгаль орчныг боддоггүй, зөвхөн ашиг орлогыг л боддог. Хүнд өмнө нь мэдрэгдээгүй хэрэгцээг хуурамчаар бий болгож хүний шуналыг хөдөлгөн бараа, үйлчилгээгээ зарахыг оролддог. Анзаараад үзээрэй, хаа сайгүй л зар суртчилгаа байгаа. Хэрэглэгч бол хаан хэмээн “хошгоруулж” хүмүүсээс мөнгө саахыг л чухалчилдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс бол өөрчилж хувираж, хүссэнээрээ хөдөлгөх нэг төрлийн обьект юм.

https://cgutie8.wordpress.com
Эцэст нь та бүхэн минималист амьдралын хэв маягийг сонирхож байвал өөрийнхөө амьдралыг юун түрүүнд шинжээд үзээрэй. Надад ямар хэрэгцээгүй эд хогшил, хувцас хунар байна вэ, миний орон зайг юу эзэлж байна вэ, би цагийг яаж, хэнтэй өнгөрөөж байна вэ, мөнгөө юунд зарцуулж байна вэ гээд асуугаад үзээрэй. Энэ бүхэн таны үнэт зүйлсийн тусгал байж чадаж байна уу? Та яг энэ маягаараа нэг жил, хоёр жил, таван жил, арван жил амьдарсны дараа яах бол? Ямар мэдрэмж төрөх бол?