Минималист амьдралын ач тус
By oyuna / June 29, 2019 / Минимализм / 0 CommentsӨмнө нь Минимализм гэж юу болох тухай өгүүлсэн билээ. Минималист амьдралын хэв маягийг амьдралдаа хэрэгжүүлснээр миний хувьд дараах ашиг тусыг хүртсэн:
- Ямар хувцас өмсөхөө шийдэхэд амар болсон – хувцасны хамгийн чухал үүрэг бол биеийг хамгаалах. Даарахгүй, халууцахгүй байх хэрэгцээг хангахад тийм ч олон хувцас хэрэггүй. Олон хувцас байх тусам илүү их орон зай, тэдгээрийг арчилж угаах цаг зав, саван хэрэг болно. Мөн сонголт олон байх тусам хүний сэтгэл ханамж буурдаг гэдгийг харуулсан судалгаа байдаг. Сонголт олон болоход хүн нэгт, саажилтанд ордог, өөрөөр хэлбэл хүн яахаа мэдэхгүй самгарддаг. Хоёрт, хэт олон сонголт нь хүний хүлээлтийг нэмэгдүүлдэг бөгөөд нэг зүйлийг сонгох нь бусад олон боломжийг алдсан мэт мэдрэмж төрүүлдэг учир сонголтондоо харамсах нь нэмэгддэг ажээ. Тийм ч учраас барууны баян чинээлэг орны хүмүүсийн дунд сэтгэл гутрал нэмэгдэж байгаа нь үүнтэй холбоотой байж болох. Энэ тухай Barry Schwartz хэмээх профессор, сэтгэл судлаачийн The Paradox of Choice – Why More is Lessгээд номноос дэлгэрэнгүй үзээрэй.
- Гэр орон илүү орон зайтай, саруулхан болсон – хэтэрхий их эд хогшилтой хүн эдийнхээ боол болдог. Агуулахад амьдрахыг хэн ч хүсэхгүй биз дээ? Хөглөрсөн зүйл нүдэнд тээртэй, мөн тоос хураадаг бөгөөд далд стресстүүлэгч болдог. Новш хөглөрсөн гэрт хүмүүс очихыг хүсэхгүй. Тиймээс ч кофе шоп ч юмуу новш багатай газар хүмүүс цагийг өнгөрөөхийг илүүд үздэг байж болох юм. Цаашилбал, хүмүүс гэртээ багтахгүй эд хогшлоо балкон эсвэл гаражандаа тавиад сүүлдээ тэнд юу байгааг мартаж орхидог. Америкт гэхэд л агуулахад новшоо хадгалуулахын тулд мөнгө төлдөг бөгөөд сүүлийн хэдэн жилд агуулахын бизнес нэлээд хөгжиж байгаа юм байна.
- Гэрээ цэвэрлэхэд амар болсон – тоосоо арчаад, шалаа угаагаад л болоо. Цөөхөн аяга таваг угаагаад, хэдэн зүйлийг эмхлээд л болоо. Хэт их юм овоороход хүн хаанаас яаж цэвэрлэнээ хэмээн төвөгшөөж эхэлдэг. Монгол шиг хуурай, тоос шороотой газар байнга цэвэрлэгээ хийх шаардлагатай. Цэвэр байх нь өөрөө эрүүл мэндэд тустай. Мөн цэвэрхэн байхад тэгтлээ олон цэвэрлэгээний бодис хэрэггүй юм байна лээ.
- Мөнгөө хэмнэж эхэлсэн – урьд нь дэлгүүрээс шинээр хувцас, ямар нэг электрон хэрэгсэл авч баяр баяслыг мэдэрдэг байсан бол үнэхээр хэрэггүй бол авахаа байсан. Мөн гэрт талх дуусаагүй байхад дахиж шинээр авахаа больсон. Хөргөгчинд байгаа юмаа идэж дуусгаж байж дахиж авдаг болсон. Эд хогшлоо эмхэлж цэгцлэх үед огт хэрэглэдэггүй маш олон хувцас, эд хэрэглэлтэй гэдгээ ойлгосон. Тэгэхээр аливаа зүйлийг авахдаа сайн бодож эргэцүүлж байж авах хэрэгтэй. Өмсдөггүй хувцас, уншдаггүй ном, хэрэглэдэггүй эд хогшлоо зарахыг нь зараад, заримыг нь хэрэгтэй хүнд нь зүгээр өгчихсөн. Тэгэхээр хий дэмий байлгаж байхаар зараад мөнгө болгосон нь дээр.
- Цаг заваа илүү чухал зүйлдээ зарцуулж эхэлсэн – дэлгүүр хэсэх, эд хогшлыг эмхэлж цэгцлэхээ болиход чөлөөт цаг илүү гарч, амьдралыг эргэцүүлэн тунгаах, бясалгал хийх, хайртай хүмүүстэйгээ уулзах, юм бичих, ном унших, салхинд гарах, эрүүл гэрийн хоол хийж идэх гэх мэт дуртай зүйлээ хийж эхэлсэн.
- Сэтгэл санаа илүү амар тайван болсон – Цэвэрхэн байх нь бурханлаг ойрхон гэж үг бий. Цэвэр, саруул орчинд хүн цаанаа л тайван, хөнгөн байдаг. Хэн цэвэрхэн сайхан орчинд уурлаж бухимдана гэж?
- Өөрийн жинхэнэ үнэ цэнээ мэдэрч эхэлсэн – өмсөж зүүснээрээ бусадтай өөрийгөө харьцуулан дүгнэх хэрэггүй гэдгийг ойлгосон. Яагаад ч юм хэдэн өдөр дарааллаад адилхан хувцас өмсөх нь ичгэвтэр хэрэг гэж боддог байж. Харин ч чанартай, цөөн тооны зохидог хувцас хүний цаг, эрчим хүчийг хэмнэж байдаг. Тэгэхээр энэ нь хүний ядуу байдалтай холбоотой бус амьдралын философитой холбоотой учир би өөрийнхөө амьдралаар л амьдарч байна гэсэн үг.
- Байгаль орчинд ээлтэй амьдарч эхэлсэн – цөөхөн зүйл хэрэглэж, хүссэнээ биш хэрэгтэй зүйлээ авч байх нь бага хог хаягдал гаргана. Хэрэглэдэггүй зүйлээ бусадтай хуваалцсанаар тэдгээр хүмүүс ч шинээр худалдаж авах шаардлагагүй. Эрэлт бага байх үед нийлүүлэлт багасна. Ингэснээр цаашилбал зах зээлийн энэхүү энгийн зарчим нь бага эд материал, нөөц баялагийг шаардана. Хүний хэрэгцээ хязгааргүй гэдэг ч үнэндээ хүнд тийм ч их зүйл хэрэггүй, харин хүсэл хязгааргүй.
Share this post, choose your Platform!