Монголын ёс суртахуун
By oyuna / December 22, 2019 / Шүүмж, сэтгэгдэл / 2 CommentsД. Баатар, Ж.Бор нарын бичсэн Монголын ёс суртахуун нэртэй, 140 хуудастай номыг уншиж дуусгалаа. Сонирхолтой санагдсан болохоор зарим санаа, эшлэлүүдийг тэмдэглэв.
Энэ номонд бичсэн гурвалсан сургаалиуд нь таалагдсан: “Өсөхийн цагт санууштай нь Хүмүүжил, хичээл, сэтгэл гурав” гэжээ. Хүнд сэтгэл гэдэг зүйл төрөлхөөс заяадаг гэж бичжээ. Тэгээд сэтгэл гэдэг бол хүний гал гэж хэлсэн байна. Гэхдээ тийм ч тодорхой тайлбарлаагүй.
Үнэн мэдээллийг сэтгэлийн мэдрэмж өгдөг гэж бичсэн байна. Тийм учраас сэтгэл хөдлөлдөө найдах хэрэгтэй гэжээ. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд сэтгэлийн хөдөлгөөнийг танин мэдэхүйтэй холбон тайлбарласан байдаг. Хүний бодлоос шалтгаалж хүнд өөр өөр сэтгэл хөдлөл үүсдэг. Сэтгэл хөдлөлөөрөө дамжуулж хүн бодлоо таньж авах боломжтой байх. Хүн амьсгалж буйгаа анзаардаггүйтэй адил хүн юу бодож байгаагаа тэр бүр анзаардаггүй гэдэг. Хүн өдөрт 65 мянган юм боддог бөгөөд тэрний 95% нь сөрөг байдаг гэдэг. Тэгэхээр энэ мэдээлэл нь тухайн обьектийн гэхээсээ хүний өөрийнх нь тухай мэдээллийг өгдөг байж болох. Аль эсвэл, ухамсаргүйгээр хүн мэдээллийг маш хурдтай боловсруулдаг бөгөөд сэтгэл хөдлөлөөр дамжуулж түүнийг ойлгодог, дараа нь хэсэг хугацааны дараа л тэр мэдээлэл ухамсарлагдаж ойлгодог гэж үзэх юм бол заримдаа сэтгэл хөдлөлдөө найдах нь зөв ч юм шиг. Ухамсарлаж ойлгох гэсээр байтал цаг хугацаа алдана. Гэхдээ ухамсаргүйд буй өмнөх мэдээллээс хамаараад тухайн мэдээллийг янз бүрээр тайлж ойлгох байх. Жишээ нь: өмнө нь аюул заналхийлэл мэдрүүлж байсан зүйлтэй төстэй нэг обьектийг олж хараад өөрөө ч мэдэлгүйгээр айх мэдрэмж төрлөө гэж бодъё. Тэгвэл тэр обьект үнэхээр аюултай гэсэн үг биш, харин өмнөх обьекттой төстэй учраас аюултай байж магадгүй шүү гэсэн сэрэмжлүүлэх дохиог бидэнд маш хурдан өгч буй хэрэг. Тэгэхээр сэтгэл хөдлөл чухал ч, түүнийг ойлгох ухаан бидэнд хэрэгтэй.
Сэтгэлийн зовнилоос сэргийлэх маш сайн арга бол шамдуу, шургуу ажиллах гэж бичсэн. Энэ нэг талаас зөв байж болох юм. Нөгөө талаас хүн зүгээр ухаангүй ажиллаж өөрийгөө сатааруулж байгаатай адил ч байж болох. Ямартаа ч сэтгэл гутрал гэдэг бол хийх юмгүй, баян чинээлэг хүмүүсийн өвчин гэдэг үнэн ч байж болох. Учир нь өнөөдрийнхөө хоол унданд санаа зовох шаардлагагүй болоод ирэхээр хүн хэрэгтэй, хэрэггүй зүйл бодож өөрийгөө шаналгадаг ч юм уу?
“Нийгэм бүхнийг хэвлэсэн юм шиг ижил загвартай болгодог” гэжээ. Нээрээ тийм ч юм шиг. Хүн бүхэн гадаадад сурахыг хүсдэг нь одоо бүр нэг загварынх болчихсон байна. Бас бүгд ижил зүйл хүсдэг. Тэр нь бизнес эрхэлж мөнгөтэй болох, эсвэл фейсбүүк дээр олон дагагчтай болох. Аль эсвэл хүнтэй сууж гэр бүл зохиогоод хүүхэд, гэр бүлийнхээ зургийг профайл дээрээ тавих.
Энэ номонд бас “хэрэглэгчийн нийгэм” зэрэг нэр томъёо гарч байсан. Тэгэхээр үүнийг капитализм, эд материалыг шүтсэн үзэлтэй л холбож ойлгох байхдаа. Монгол ч бас тийшээ дөхөж байна. И-март гээд дэлгүүрт хүмүүс олноороо шавааралдсан байгаагаас харж болно. Мөн хаашаа ч харсан эд материал, хоол хүнсний зар суртчилгаа. Хүмүүс хэрэглэгч болсноор дотор нь улам хөндий хоосон болох байх. Тийнхүү худалдаж авсан зүйлээрээ дотоод хоосноо дүүргэх гэж оролдоно.
“Бүх хүний чиний эсрэг байвч зөв зүйл зөв л байдаг, бүх хүн чиний талд байвч буруу зүйл буруу л байдаг” гэж Уильям Пени гэж хүн хэлжээ. “Төр хэдий чинээ завхарна, төдий чинээ их хууль тогтоомж гаргадаг” гэж Публий Тацитус хэлснийг номонд эшэлсэн байна. Номын зохиогчийн өгүүлснээр нийгэм гэдэг зохиомол бүтэц нь энэхүү нийгэмд хүмүүс бие биетэйгээ дасан зохицдог байхыг магадлахын тулд хууль, хуульч гэдэг мэргэжилтнийг гаргаж ирсэн ажээ. Нэг талаараа хүмүүст ухамсрын түвшин өндөр хөгжөөгүй, амьдрах нэгдмэл үнэт зүйл байхгүй үед ийм хууль хэрэг болдог байх л даа. Манайд гэхэд л хуульчаар сурах хүсэлтэй хүн ямар олон байдаг билээ дээ. Хуульчийн мэргэжил нь хээл хахуульд идэгдсэн, шударга бус нийгэмд нэр хүндтэй мэргэжилд тооцогддог нь егөөтэй ч юм уу?
Бас нэг сонирхолтой зүйл нь “Заяагдмал ухаан, эрдэм дагаж ирэх ухаан, нас дагаж ирэх ухаан” гэж 3 ангилсан байсан. Тэгэхээр заяагдмал ухаан төрөлхийн болохоор өөрөөс тэгтлээ шалтгаалахгүй, мөн хүн хүссэн хүсээгүй нас нь нэмэгдэх учир энэ ч бас өөрөөс тэгтлээ хамаарахгүй. Харин эрдэм номонд л суралцах боломжтой байх нь. Гэхдээ зохиолчийн хэлэх гэсэн санаа нь ахмад хүнтэй ярилцах, тэдний туршлагыг сонсохын ач холбогдолыг ойлгуулах гэсэн байх л даа. Өнөөдөр залуу, хөгшин гэж ялгаж харьцдаг болсон байна. Энэ настайчууд, хоцрогдсон үеийнхэн гэх мэтээр ангилж, ялгаварлах нь тэднээс суралцах боломжийг үгүй хийдэг бололтой.
Мөн бас нэг сонирхолтой санагдсан зүйл бол “хүн байгальд ойртож эрх чөлөөгөө олдог, харин нийгэм дотор эрх чөлөөгөө олох аргагүй. Байгаль өөр дээр нь амьдарсны төлөө татвар нэхдэггүй” гэжээ. Энэ хэсгийг уншаад надад байгальтай ойр амьдрах хүсэл хүчтэй төрөв. Нээрээ л хотын байр байгалиас хол, явах газар ч байхгүй, хараад үзээд байх зүйл ч байдаггүй. Тийм болохоор зохиомол цэнгээний газар олширч, хүн мөнгө төлж сэтгэлээ тайтгаруулах болсон. Хот гэхээр баахан шавааралдсан байшин, уурлаж бухимдсан хүмүүсийн царай, хог нь сагасан хогийн савнууд, приус машинаар түгжирсэн зам, машины чих дөжрөм сигналууд, хоолой, нүд хорсгох утаа, нус цэр, бөөлжсөөр дүүрсэн явган хүний зам, бусдаас хоол, мөнгө гуйх гуйлгачид, золбин ноход, нүд эрээлжлүүлсэн зар суртчилгааны самбарууд, орчноосоо хэт ялгарах шуб өмссөн хүмүүс, том жиип машинууд л санаанд орж байна.
Өөр нэг сонирхолтой зүйл нь хувь тавилан, хувь заяа хоёрыг ялгасанд байв. Хувь тавилан гэдэг бол хүнд тодорхой байдаг бол хувь заяагаа хүн өөрөө шийддэг гэсэн байна. Тиймээс хүн хувь тавилангаа өөрчлөх боломжгүй гэжээ. Тиймээс хүн өөрт оногдсон хувь тавиланг ямар түвшинд байлгах нь өөрөөс нь хамаардаг гэсэн үг. Хүн ямар эцэг эхээс, хаана төрөхөө өөрөө шийддэггүй. Гэхдээ тэрхүү төрсөн газар орчноосоо давж гарч чадах уу гэдэг нь өөрөөс хамаарна.
“Аливаа зүйл хөдөлгөөнгүй л болох юм бол мөхөж сөнөдөг” гэсэн байна. Тэгэхээр хүн байнга өөрийгөө хөгжүүлж, шинэчлэгдэж байх зүй тогтолтой мэт. Бас нэг сонирхолтой санагдсан зүйл бол хиймэл бүтэц болсон нийгэмд биологийн шалгарал явагддаггүйгээс хүн гэдэг амьтны тоо хэтэртлээ ихэссэн гэсэн. Нэг талаасаа үнэн байх. Хүн тодорхой насанд хүрээд нас эцэслэдэг байхад янз бүрийн анагаахын тоног төхөөрөмжөөр үхүүлэхгүй торгоох болсон. Тэгээд бодохоор нас өндөр, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл нэн ядуу хүмүүс үхэж байх ёстой хэрэг үү? Бас арай ч тэгж хэлэх нь хаашаа юм. Харин хүн ухамсартайгаар үржлээ зохицуулах ёстой байх. Түүгээрээ бусад амьтдаас ялгагдах бус уу? 2100 он гэхэд дэлхийн хүн ам 11 тэрбум хүрнэ гэсэн тооцоо бий. Европ 1 тэрбум, Америк 1 тэрбум, Ази 5 тэрбум, Африк 4 тэрбум хүнтэй болох ажээ. Хамгийн ядуу, хүн ам нь боловсролгүй газарт хамгийн их үржил явагдах нь.
Өнөөдрийн нийгмийг хоёр хэмжээст хэмээн шүүмжилж байсан боловч гурван хэмжээс дотор яг юу орж, нэмэгдэж байгаа нь тодорхойгүй байв. Гэхдээ сонирхолтой санагдсан зүйл бол “бүх шатны дунд сургууль, их дээд сургуульд багш нар нийгэм дотор хэрхэн амьдрах ухаан л заадаг” гэжээ. Тэгэхээр байгаль дээр амьдрах ухааныг сургуульд заадаггүй гэсэн үг. Нээрээ л хэр бодитой, хэрэгтэй зүйл зааж чаддаг вэ? “Өвчтэй нийгэмд амьдраад болоод байгаа хүнийг хэр эрүүл гэх вэ?” гэж Кришна Мурти хэлсэн байдаг.
“Хүүхэд насны шударга зан чанар, цэвэр ариун сэтгэлгээ, өвөрмөц хандлага хүн төрөлхтөнд өдгөө ямар их дутагдана вэ?” гэж бичжээ. Гэхдээ энэ зүйлээ ахлах ангиа төгсөхдөө гээгээд төгсдөг биш гэж үү? Ийм хэвээрээ байх юм бол амархан арчигдаж, ад шоо болно. Эсэргээрээ муу санаатай, хэрэгтэй хүнтэйгээ “нөхөрлөчихдөг”, амбицтай, өрсөлдөх чадвартай байх хэрэгтэй болдог.
“Өөрт нь илүү зүйл байсаар байтал түүнийгээ олж харахгүй, эсвэл ухаарахгүй байна гэдэг мунхагийнх” гэжээ. Хүн дандаа өөрт байхгүй, бусдад байгаа зүйлд л анхаарлаа хандуулж амьдардаг мэт. Үүн дээр дөрөөлж хүнд янз бүрийн зүйл хэрэгтэй мэтээр зар суртчилгаа ойлгуулдаг.
Өөр нэг сонирхолтой санагдсан зүйл бол орчин үед насыг өөр байдлаар ангилдаг болсон гэжээ. 0-30 насыг хүүхэд нас, 30-60 насыг залуу нас, 60-90-ийг ахмад нас, 90-ээс дээш насыг өндөр нас гэж ангилжээ. Оюун ухааны чадамжийн оргил үе нь 70-80 нас гэж үзжээ. Энэ бас л өөдрөг санаа байна шүү. Гэхдээ нэг бодлын үнэн. Өнөөдөр олон хүн сурч боловсрох гэсээр байтал 30 нас хүрч байна. Тэгээд 30 гараад л гэр бүл зохиож, ухаан орох гэсээр байтал 60 хүрдэг. Монголчуудын хувьд 60 гараад нас барчихдаг нь жаахан харамсалтай. Уг нь энэ номонд өгүүлснээр 90 хүртэл амьдарч чадах юм бол их зүйлийг бүтээх нь.
Бас нэг сонирхолтой санаа нь амьдралын утга учирыг оюун ухаан үргэлж төгсжүүлэх ёстой гэж үзсэн. Сансрыг дээд оюун ухаан гэж үзсэн бөгөөд Бурхан гэдэг өөрөө дээд оюун ухаан гэсэн санаа гарч ирж байгаа юм. Бясалгал хийх нь дээд оюун ухаантай холбогдох арга зам юм болов уу? Оюун ухаанаа байнга хөгжүүлж, хүн төрөл авах бүртээ сайжирдаг бол хөгжүүлэхгүй яваад байвал доройтсоор байгаад амьтны төрөл авдаг гэжээ. Хүн энэ амьдралдаа өөрийгөө хэр их сайжруулна, тэр хэрээр дараагийн амьдрал нь сайжирдаг гэж үзвэл угаасаа амьдрал шударга гэж хэлж болохоор санагдаж байна. Харин ч бүгд адилхан төрдөг бол амьдрал шударга бус болох байсан. Тийм болохоор л хүн байнга суралцах хэрэгтэй байх нь. Гэтэл хүн хүүхэдтэй болчихоор суралцах боломж нь багасдаг мэт. Харин өөрийнх нь биеэр дамжиж гарсан хүүхдэд энэ амьдралдаа суралцах боломжийг олгодог. Ингээд бодохоор Antinatalism-тэй би тийм ч санал нийлэхгүй байна. Бид зөвхөн энэ амьдралыг харахад амьдрал шударга бус харагддаг ч үнэндээ сансрын хүрдэнд буй амьтдыг бүхэлд нь авч үзэх юм бол шударга ёс үйлчилдэг. Мөн бид хүүхэдтэй болсноор буян үйлдэж байдаг. Учир нь өөр нэг сүнсэнд суралцах, өсч хөгжих боломжийг өгч байдаг. Нэг талаасаа хүүхэд гаргалгүй өөрөө өсч хөгжвөл илүү хурдан ахих байх. Харин хүүхэд төрүүлвэл бага багаар ахина. Өөрөө дараа нь төрөхдөө магадгүй өөртэй нь холбоотой хүмүүсээр дамжиж төрдөг юм болов уу?
“Хүн өөрийгөө олохын тулд бүтээх, туурвих, хөдөлмөрлөх ёстой” гэжээ. Зүв зүгээр суугаад би хэн юм бэ? гэж асуугаад хариултаа олоод авчихгүй бололтой. “Юм хийдэг хүн л алддаг, мөн юм хийсэн хүнийг л шүүмжилдэг” гэдэг. Тэгэхээр алдаж онож байж л өөрийгөө олдог байх. Тэгээд бусад хүнд шүүмжлүүлж байвал юм хийж байнаа л гэж ойлгох хэрэгтэй. Харин хэнд ч шүүмжлүүлэхгүйгээр өөрийгөө олох боломжгүй.
Ийнхүү энэ номноос өөрт авах зүйлийг бичиж, өөрийн бодлыг нэмлээ. Мэдээж гээх, хаях зүйл байсан. Жишээ нь: монголчуудыг хэтэрхий дээр өргөмжилсөн, гей хүмүүсийг гаж гэж үзсэн, мөн төрөө дээдлэх ёстой хэмээсэн, эр хүнийг өндөрт авч үзсэн, гадаадад сурсан хүмүүсийг шүүмжилсэн зүйлстэй би санал нийлээгүй. Гэхдээ гадаадад сурч ирээд өөрсдийгөө хэт өндөрт өргөмжилдөг, сайн мэдэхгүй байж өөрийгөө ихийг мэддэг хэмээн бодож биеэ тоодог гэдэгтэй бол санал нийлж, өөртөө ч дүн шинжилгээ хийсэн. Мөн Манжийн дарлал, социализмын үед монголчуудад хангалттай дутуугийн мэдрэмж бий болсон. Тэгэхээр монголчуудыг өргөмжлөх нь тэгтлээ доош орсон өөрсдийгөө үнэлэх үнэлэмжийг хэвийн байдалд оруулахад тустай байх.
Дүгнээд хэлэхэд энэ ном нэгийг бодогдуулж, эргэцүүлж, шинэлэг мэдээлэл өгсөн, өвөрмөц ном байв. Гол нь яагаад Монголын ёс суртахуун гэж нэрлэсэнд би лав тайлбар өгч чадахгүй нь. Гэхдээ монголчуудын ертөнцийг үзэл үзэл, амьдралын ухаан шингэсэн гэдэг утга санаатай байх гэж бодлоо. Бодоод байхнээ дандаа гадаад хүмүүсийн бичсэн ном, хийсэн киног үздэг болсон байна. Тэгэхээр мэдлэг гэдэг зүйлийг бүтээдэг, ямар нэг эх сурвалжаас олж авдаг мөн хэрэглэдэг гэж үзвэл монголчуудын бүтээсэн мэдлэгийг мэдэж авах, хэрэглэх нь эргээд бидний амьдралыг тэнцвэржүүлэх ач холбогдолтой байх нь.
nomiin talaarhi tanii setgegdel nadad taalagdlaa. ih zyiliig bodov.Avch unshih mini
Баярлалаа, тэгээрэй 🙂