logo
  • Home
  • Blog

HomeUncategorizedМөнгөө ухаалаг зарцуулах амьдралын 7 дүрэм

Мөнгөө ухаалаг зарцуулах амьдралын 7 дүрэм

By oyuna / October 6, 2019 / Uncategorized, Минимализм, Шүүмж, сэтгэгдэл / 0 Comments

Мари Хант (Seven Money Rules for Life)

Сайн байцгаана уу, та бүхэн.

 

Монголчууд нүүдэллэж амьдрахад материаллаг эд баялаг ачаа тээр болдог тул тэр дор нь үрж зарцуулах сэтгэлгээ суусан гэдэг.

Монгол нүүдэл. Ц.Шагжжав

Мөнгөний тухай хүмүүс ярихаас цэрвэдэг, тооцоотой нарийн харагдахыг хүсдэггүй, мөнгө аз жаргал авчирдаггүй хэмээн ярьдаг ч хоол хүнс, орон байр, хувцас гээд наад захын шаардлагатай хэрэгцээг мөнгөөр л худалдаж авна. Одоогийн байдлаар хувь хүмүүс өөрөө өөртөө л найдахгүй бол манай нийгэмд амьдралын баталгаа тааруу.

Кредит карт анх гарах үед түүнийг олзуурхан авч мөнгөө зохисгүй зарсны улмаас өрөнд унаж 15 жилийн дараа л тэрхүү нүхнээсээ гарч чадсан Мари Хант гэх эмэгтэйн бодит туршлагаасаа олж авсан мөнгөө ухаалаг удирдаж зохицуулах 7 амьдралын дүрмийг та бүхэнтэй хуваалцая.

Mary Hunt

Бид нар арифметик, геометр, алгебрийн томъёо цээжилж, тоо бодож сурдаг ч амьдралдаа мөнгөө хэрхэн зарцуулахад суралцаагүй байдаг. Тиймээс өөрсдийнхөө мөнгө зарцуулдаг байдалдаа дүн шинжилгээ хийж дараах дүрмийг өөртөө хэрэгжүүлэх гээд үзээрэй:

 

  1. Олдгоосоо илүү ихийг бүү үр. Америкчуудын 43% нь орлогоосоо давуулж мөнгө зарцуулдаг байна. Монголчуудын тухайд ч бас тиймэрхүү үр дүнг доорх графикаас харж болно (Дүрслэл 2). 2007-2017 оны хооронд орлого ба зарлагын хэмжээ хамтдаа өсөж буй мэт харагдавч зарлага огцом өсөж орлогоосоо бараг хоёр дахин илүү байгаа нь харагдаж байна. Бид нар баяр, нийллэгээр олдгоосоо илүү ихийг зарцуулдаг ч дараа нь цахилгааныхаа төлбөрийг төлөх мөнгөгүй хоцрох жишээтэй. Олдгоосоо давуулж үрэхгүйн тулд зарлагаа тэр бүр нь тооцох хэрэгтэй гэсэн үг. Мөнгөө хаашаа явж байгааг мэдэж байж л түүнийгээ хянах боломжтой.
  2. Үргэлж тодорхой хэмжээний мөнгийг цааш нь хийж бай. Төрсөн өдрөөр чинь хэн нэгэн мөнгө өгвөл заримыг нь хадгалах хэрэгтэй, цалин буувал мөн л заримыг нь цааш нь хий. Хүн их мөнгөтэй болох тусам илүү ихийг зарцуулах сэтгэлгээтэй байдаг. Харин одооноос ихийг олох тусам ихийг хадгалж, харин хэрэгцээндээ ижил хэмжээнй мөнгө зарцуулж байж хуримтлал үүснэ. Учир нь ихийг олсны хэрээр зарцуулах нь биднийг нөгөө л ядуурлын тойрогт үлдээдэг. Илүү их мөнгөтэй боллоо гээд заавал iPhoneX, шинэ загварын компьютер, машин авах шаардлагагүй байхгүй. Мари Хант орлогынхоо 10%-ийг хадгалахыг санал болгосон.
  3. Мөнгөө бусадтай хуваалцаж бай. Хүн мөнгөө ухаалаг зарцуулах хэрэгтэй гээд харамч бол гэсэн үг биш. Хүн өгөөмөр байж, хэрэгтэй үед нь бусдад туслахыг баян гэж хэлэх байх. Мөн бусдад тусалж шуналаа хязгаарлаж чаддаг байх хэрэгтэй.
  4. Шаардлагатай үед зарцуулах мөнгөтэй бай. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Хэн нэгэн нас барах, гэнэт машин эвдрэх, бие өвдөх, баяр тэмдэглэх гэх мэтэд мөнгө хэрэгтэй. Олж буй орлогынхоо зарим хэсгийг яаралтай, шаардлагатай үед зарцуулах мөнгөний хуримтлалдаа хийж байх. Мари Хант мөн л орлогын 10%-ийг энэ хэсэгт хийхийг санал болгосон байна.
  5. Мөнгөө хааш нь явахыг тушаадаг бай. Орлого орж ирэхэд төлөвлөгөө гаргаж мөнгөө төсөвлөж сурах хэрэгтэй. Байрны, утасны төлбөр, хоол, баяр нийллэг, хадгаламж гэх мэтэд хэдийг зарцуулах вэ гэдгээ урьдчилан төсөвлөх хэрэгтэй. Мэдээж ийнхүү төсөвлөхийн тулд ахиад л зардлаа тооцдог байх хэрэгтэй болно.

    Close up of savings jars with money

  6. Кредит картаа удирдаж сур. Саяхнаас л монголд кредит карт хэрэглээнд гарч ирсэн. Кредит карт нь хүн мөнгөгүй байсан ч гэсэн зээлээр юм худалдаж авах боломжтой болгодог. Гэхдээ кредит картаар авсан мөнгөө хугацаандаа эргэн төлөх замаар өөрийнхөө зээлийн түүхийг сайн үзүүлэлттэй байлгах нь дараа нь зээл авах гэх мэтэд чухал үзүүлэлт болдог гэж тэрээр үзсэн. Энэхүү кредит картын төлөлтийн түүх нь тухайн хүний зан чанар, найдвартай байдлыг харуулж байдаг ажээ. Мари Хант хошин маягаар болзож буй хүнийхээ кредит картных нь төлөлтийн түүхийг харвал тэр хүний тухай илүү ихийг мэдэх боломжтой гэсэн.
  7. Эргүүлж төлж чадахгүй хэмжээнээс илүү мөнгө бүү зээл. Энэхүү сүүлийн дүрэм нь өөрөө ойлгомжтой учраас нэмэлт тайлбар бараг хэрэггүй биз. Гэхдээ л эргүүлээд төлж чадаагүйн улмаас хувь хүмүүсийн хооронд итгэлцэл байхгүй болно. Эсвэл байгууллагаас авсан томоохон зээл нь хүүгийн хамт нэмэгдэж эргүүлээд төлж чадаагүйн улмаас орон байргүй болох аюултай. Тиймээс үүнийгээ нарийн тооцоолох нь зүйн хэрэг.

Мөнгөө үрэхэд их амархан цаг үед бид амьдарч байна. Хоол хийхийн оронд гадуур хооллоно, эсвэл гаднаас гэртээ хоол захиална. Гэртээ кино үзэхийн оронд кино театрт үзнэ. Алхах эсвэл автобусанд суухын оронд такси дуудна. Гэрээ хүн дуудаж цэвэрлүүлнэ. Дасгалыг гэртээ биш заавал Жимд очиж хийнэ. Цаашилбал, Улаанбаатар шиг ногоон байгууламж муутай, энд тэндгүй машин чихэлдсэн утаа тортог ихтэй газар заавал мөнгө төлж байж л цагийг зугаатай өнгөрөөх боломжтой мэт. Хүмүүсийн ихэнх нь караоке, бар клуб, видео тоглоомны газар, зоогийн газар, кофе шоп гэх мэтэд цагийг өнгөрүүлж байна. Мөн хүүхдээ тоглоомын төвд аваачиж тоглуулна, өдөр өнжүүлэхэд өгнө гээд мөнгө урсаж өгнө. Ийм маягаар “тав тухтай” амьдарвал дундаж цалинтай ихэнх хүмүүсийн хувьд мөнхийн ядуурлын ирмэг дэх тойргоосоо гарах боломжгүй.

Tagged to: минимализм мөнгөө хэмнэх санхүүгийн боловсрол

Share this post, choose your Platform!
9
Jan

Цэвэрхэн байх тухай цуврал №1 Нүүрний арьс цэвэрхэн байхын ач холбогдол 

Орчин үед Ковидтой холбоотойгоор бид илүү цэвэрхэн байх шаардлагатай болж байна. Cleanliness is next to Godliness буюу Цэвэрч байдал нь Бурханлагтай ойрхон гэж үг бий. Тэгвэл яагаад цэвэрч байх хэрэгтэй вэ?  Нүүрний арьс цэвэрхэн байх нь эрүүл ахуйн ба гоо сайхны ач холбогдолтой Эрүүл ахуйн ач холбогдол Арьсны дор байх булчирхайнаас үсний уутанцраар дамжин себум

Эрүүл амьдрал by oyuna and has 0 Comments
1
Jun

Веганизм гэж юу вэ?

Дэлхий даяар веган хөдөлгөөн өрнөж байна!!! Тэгвэл энэ хөдөлгөөний тухай, ямар учраас Америкчуудын цагаан хоолтнууд 600%-иар, Их Британид 350%-иар, мөн бусад Израйл, Канад, Хятад, Хонк Конк гэх мэт орнуудад хүчээ авч буйг сонирхоцгооё. Харин монголоор цагаан хоолтон гэж гүүглээр хайхад 48,300 хайлтын үр дүн гарч ирж байх жишээтэй. Тэгэхээр манайд ч бас энэхүү веган хөдөлгөөн

Веган амьдралын хэв маяг by oyuna and has 1 Comment
Leave a comment Click here to cancel reply.
FOLLOW US

© 2020