Толстой ба гэр бүлийн тухай өгүүлсэн түүний зарим зохиолууд
By oyuna / July 19, 2019 / Шүүмж, сэтгэгдэл / 0 CommentsДэлхийн шилдэг сонгодог зохиолууд дотор яалт ч үгүй Лев Толстойн зохиол багтдаг. Шилдэг, шилмэл зохиолууд өөр өөр утга санааг өгүүлдэг ч, цагийн аясыг даах тийм үнэнийг өгүүлдэгээрээ хоорондоо төстэй. Толстойн олон зохиолууд байдгаас миний хувьд түүний дөрвөн зохиолыг уншсан. Анна Каренина, Крейцэрийн сонат, Иван Ильичийн үхэл хэмээх зохиолуудад гэр бүлийн амьдралын тухай нийтлэг зүйлс өгүүлсэн санагдсан тул энэ тухай сэтгэгдлээ бичихээр шийдлээ.
Анна Каренина хэмээх зохиолд ганцаардсан, өдөр тутмын амьдрал нь тийм ч утгатай биш, нөхөртэйгөө албархаг харилцаатай Анна нөхрөөсөө өөр хүнд сэтгэл алдардаг нь түүний амьдралыг илүү баян, утга учиртай болгоно хэмээн найдсан авч яг үнэндээ түүний хүссэнийг өгч чаддаггүй; тус зохиол Аннагийн амиа хорлож буйгаар төгсдөг.
Крейцерийн сонатад эмэгтэйн бие махбодын үзэмжид татагдсан тачаалаа хайртай андууран гэрлэсэн хүн эхнэрээ үзэн ядаж, эцэст нь хардсан сэтгэлээсээ болоод алж орхидог. Гэр бүлийнх нь амьдрал аз жаргалтай байсангүй, өдөр тутмын нэг хэвийн залхмаар амьдралыг нь бие биеэ үзэн ядан муудалцаж удалгүй сайндах нь л бусдаас арай өөр болгодог. Гаргасан хүүхдүүд нь ээлж дарааллан өвдөх ба тэрийг ч, энийг ч гэсээр байтал бор хоног өнгөрч буйг гаргадаг юм.
Иван Ильич зохиолд нэгэн төрийн албан хаагч ажил алба нь цэгцрээд, аж амьдрал нь дээшлэх үед үхэлтэй тулгарах ба энэ үед гэр бүл нь хань болж чадахгүй, сэтгэл санааг нь хуваалцахгүй байгааг харуулдаг. Үхлээс айж, зовж шаналж байхдаа өнгөрсөн амьдралаа эргэцүүлээд харахад өчүүхэн албан тушаалаа ашиглан тааваараа амьдарч, өөрийн гэр бүлийн амьжиргаагаа л дээшлүүлэх гэж явсан амьдрал нь утга учиргүй байж гэдгийг ойлгодог. Үнэндээ Иван Ильич эхнэртэйгээ хайртайдаа ч суугаагүй гэдгээ мөн дурсдаг.
Эдгээр зохиолоос хүний шунаг дур хүсэл хэрхэн зовлон авчирдгийг, мөн гэр бүлийн амьдрал хүмүүсийн боддог шиг тийм ч өөдрөг, гэгээлэг зүйл биш гэдгийг ойлгох боломжтой. Мөн дээрх гурван зохиол гурвуулаа ямар нэг байдлаар үхлээр төгсдөг ба уншсан хүн яалт ч үгүй амьдралын утга учир тэгээд юу юм бэ хэмээх асуулттай үлдэнэ. Анна Каренина ба Крейцэрийн сонатад эмэгтэй хүний амьдрал тухайн цаг үед ямар ч үр бүтээлгүй, утга учиргүй байсныг сайн харуулж чадсан. Ямар ч байсан амьдралын утга учир гэр бүлд байдаггүй юм байна гээд хэлчихвэл буруудахгүй байх.
Дээрх гурван зохиолын тухай маш товчхон бичлээ. Дэлгэрэнгүй бичвэл тус тусад нь бичихээс өөр аргагүй.