Утаат тамхи татдаг болон түүний эргэн тойронд амьдардаг хүмүүст
By oyuna / July 19, 2019 / Шүүмж, сэтгэгдэл / 0 CommentsТамхи татахад уушиг ба амны хавдартай болно, арьс хуурайшиж хөгширнө, бэлгийн сулралтай болно гэх мэт олон сөрөг үр нөлөөтэйг надаар хэлүүлэлтгүй мэдэх биз. Хүн та биеэ хордуулахыг зориудаар сонгоод өөрийн болоод бусдын хөдөлмөрлөж олсон мөнгөөр тамхи авах нь таны эрх гэж бодъё. Гэхдээ тамхи татдаг болон түүний эргэн тойронд байгаа хүмүүсийг дор бүрнээ хоёрхон зүйлсийг хийхийг уриалж байна:
- Тамхи татангаа алхахад салхины чиглэлээс хамаараад урд, хажууд, ард чинь явж байгаа хүмүүсийн ам хамар, уушги руу тамхины утаа орж, ой гутам үнэр нь үнэртэж, тэд гаднаа ил хэлэхгүй ч таныг жигшдэг юм. Харин тийм хүний эргэн тойронд явж таарвал эвтэйхнээр тамхи татаад явахгүй байхыг бусад нь хүсээрэй. Хэн нэгний эрүүл аж төрөх эрхэд халдаж байгаа тухай бодол толгойд нь нэг ч орж ирж байгаагүй хүмүүст нэг удаа хэлэхэд дараагийн удаа жаахан ч гэсэн юм бодно. Харин тоохгүй байгаа хүмүүсийн хувьд олон дахин хэлээд байвал эрх биш хүн нийгмийн амьтан болохоор “орк” болохгүйн тулд болих магадлалтай.
- Тамхиа татаж дууссаны дараа цоггүй болтол нь унтраагаад хогийн саванд хаячихад тийм ч их кило калори зарцуулагдахгүй. Өнөөдөр гэхэд л 10 хүрэхгүй минут орцныхоо гадаа сууж байхдаа бэлээхэн хогийн сав ойрхон байхад тамхи татчихаад газар хаяж буй 3 хүн нүдэнд өртөж таарлаа. Шаардлага тавихад нэг нь газраас аваад хогийн саванд авч хийв. Бид хүмүүсийн хаягдлыг цэвэрлэх үүрэгтэй жижүүр, цэвэрлэгч биш ч гэсэн амьдарч буй газартаа санаа тавьж, орчин тойрондоо хүнийрхүү бус өөриймсөг хандаж шаардлага тавьж байвал энэ явдал арилдаггүй юмаа гэхэд багасна. Иймэрхүү асуудлыг төр засаг шийднэ гэж хүлээх хэрэггүй. Холбогдох хууль нь гараад ч өөрчлөгдсөн юм алга.
За тэгээд дээрх асуудлыг нус, цэр, шүлс, бусад хогоо хаяхтай хамаатуулаад бас цааш нь ярьж болно. Ер нь бол гол санаа нь хийж буй зүйлдээ ухамсартай хандах гэдгийг ойлгочиход бүх зүйл дээр нарийвчлан хэлэх шаардлагагүй гэж найднам.
Share this post, choose your Platform!