logo
  • Home
  • Blog

HomeШүүмж, сэтгэгдэл“Фрида” кино (2002)

“Фрида” кино (2002)

By oyuna / August 4, 2019 / Шүүмж, сэтгэгдэл / 2 Comments

Найруулагч: Жули Тэймор /Julie Taymor/

Гол дүрд: Салма Хаяик

IMDb Үнэлгээ: 7.8

Оскарт нэр дэвшиж байсан.

 

Зураач Фрида Калогийн амьдралыг харуулсан Фрида хэмээх киноноос Амьдрал, хувь тавилан бидэнд юуг ч авчирж мэднэ; харин зовлон шаналал тохиох үед түүнийг уран бүтээл болгон хувиргах хүч хүнд байдгийг ухаарлаа. Фрида 18 настайдаа золгүй байдлаар автобусны осолд орж хавирга, хөл, эгэмний яс, аарцаг нь цуурж, нуруундаа гэмтэл аваагүй бол алдарт зургуудаа зурж эхлэх байсан эсэхийг хэлж мэдэхгүй. Биеэ бүтэн гипсдүүлчихсэн байхдаа л анх хөлөө зурж, дараа нь найз залуу нь дахиж ирэхгүйгээр явлаа гэдгээ хэлэх үед гипсэн дээрээ эрвээхэй зурснаар түүний уран бүтээлийн гараа эхэлж байгаагаар гардаг. Тийнхүү нуруундаа авсан гэмтэл нь сэдэрч өвдөхөд, хүүхэд нь зулбах үед, нөхөр нь итгэлийг нь алдах үед мэдэрсэн шаналал, дотоод мэдрэмжээ зураг болгон амилуулсан нь одоог хүртэл олон хүний зүрх сэтгэлд хүрч, зовлон шаналалаа даван туулах эрч хүчийг бусдад өгч буй нь ийнхүү өнөөдөр бидэнд кино болон хүрчээ. Гэхдээ түүний зургууд дан ганц өөрийнх нь зовлон шаналалын тухай байгаагүй, харин мексикийн соёл, уламжлал, адилсал, нийгмийн байдлыг харуулсан байдаг.

 

Frida Kahlo
*gelatin silver print
*Oct. 16 / 1932

Фрида бодит амьдрал дээр яг ямар хүн байсныг кинон дээр бодитойгоор гаргасан гэж баттай хэлэх боломжгүй ч, тэрээр өөрийнхөөрөө гэгээрсэн бас тачаангуй хүн байсан, түүний хайр олон өнгөтэй байж; түүний бие махбод нь эмтэрсэн ч сэтгэл зүрхээрээ тэр бүхэл, цогц, комплекс хүн байжээ гэж бодогдсон. Тэр бусдыг хайрлаж чадсан, уучилж чадсан, бас зовлонгоо утга учиртай болгож чадсан. Киноны турш Фридагийн маш олон янзын сэтгэл хөдлөлийг харж болно. Түүний инээд хөөр, уур, гуниг, зэвүүцэл, хорсол, харуусал, тачаал чин сэтгэлийн бөгөөд бүрэн дүүрэн илэрдэг. Фрида мексикийн хувьсгалыг дэмждэг, нийгмийн шударга ёсны төлөө зүтгэдэг байсан ба мексикийн ард түмний өвийг хайрлаж хүндэтгэдэг нэгэн байсны зэрэгцээ феминист үзэлтэй, жендэрийн ба бэлгийн чиг баримжааны хувьд уламжлалт байгаагүй гэдгийг түүний хувцаслалт, бүтээл бас янагийн амьдралаас нь харж болно.

 

Хүн хэрхэн амьдарсныг хэн ч, тэр ч бүү хэл Бурхан ч шүүж чадахгүй. Гагцхүү үхэл нь л шүүж чаддаг мэт. Фрида хэдий богино (47) насласан ч утга учиртай, бүрэн дүүрэн амьдарч чадсан гэдгийг түүний үхлээр дүгнэж болно. “Би үхлийг баяртайгаар хүлээж байна – бас дахин эргэж ирэхгүй гэдэгтээ найдаж байна” хэмээн Фрида хэлээд үхлийг инээмсэглэн угтаж чадсан (“I joyfully await the exit  – and I hope never to return” “Espero Alegre la Salida – y Espero no Volver jamás”). Өтөл насандаа ирээд ч зарим хүмүүс амьдралаас зуурч, үхлээс айж балмагддаг байхад буцаж ирэхгүй байхыг хүснэ гэдэг аугаа. Үхэл биднийг алхам тутамд, хайр дурлал, баяр цэнгэлийн үед ч дагаж явдаг гэдгийг залуу насандаа ойлгож ухаарч, түүнийг хүлээн зөвшөөрч чадсан учраас Фрида амьдарч чадсан.

 

Фридагийн зургийн үзэсгэлэн дээр түүний нөхөр Диего: “Түүний бүтээлүүд хүчил шиг бас эмзэг сэтгэл шиг…ган шиг хатуу бас…эрвээхэйн далавч шиг зөөлөн. Инээмсэглэл шиг хайр хүрэм…бас амьдрал шиг… гашуун байдаг. Урьд хожид эмэгтэй хүн ийм тарчилсан яруу найргийг зотон даавуун дээр буулгаж байсныг…би мэдэхгүй” гэж хэлэх тэр хэсэг нь сэтгэл хөдөлгөм байсаан. Фрида эцсийн амьсгалаа хураахдаа ч зургаа зурсаар байсан нь хамгийн гайхалтай. Тэрээр амьдралынхаа турш 150-200 орчим зураг зурсан гэгддэг. Киноны турш түүний алдартай зургууд гардаг ба түүний зургууд өдрийн тэмдэглэлүүд нь гэж хэлж болохоор. Нөхрөөсөө салсныхаа дараахан зурсан Хоёр Фрида (The Two Fridas), мөн Гэмтсэн нуруу (The Broken Column) гэх мэт зурагнууд болон хүүхэд нь зулбасных нь дараа зурсан зураг гэх мэт олон зураг нь гардаг. Түүний The Frame хэмээх зургийг Лүврийн музей худалдан авч байсан нь Мексик уран бүтээлчдээс анхных нь болсон байна.

The Broken Column

The Two Fridas

The Frame

By Source (WP:NFCC#4), Fair use, https://en.wikipedia.org/w/index.php?curid=47997195

Алдартай зураач, засрашгүй хүүхэмсэг, үнэнч байх чадваргүй Диего Ривера яагаад Фридатай 25 жил хамт байв аа? Фрида Диегог хүүхэмсэг гэдгийг мэдэж байсан, гэхдээ түүнийг тийм л хүн гэдгийг нь хүлээн зөвшөөрч чадсан. Тэдний гэрлэлт халуухан, амьд, сонирхолтой, бадрангуй байсан ч бас дандаа сайхан байгаагүй. Харин Диего Фридаг үзэсгэлэнтэй эмэгтэй гэдгээс гадна түүний авьяас, зоримог занг хүндэтгэн бахархаж түүнээс урам зориг, эрч хүч авдаг байсан байх. Фрида үнэхээр хатан зоригтой, хатуужилтай бас өрөвч, нинжин ууж сэтгэлтэй нэгэн байж.

 

Үхэлтэй нүүр тулж чадсан хүнд үнэндээ айгаад байх зүйл үлддэггүй ч байж болох. Католик гэр бүлд өссөн Фрида гэрлэлтээс өмнө бэлгийн харилцаанд орохдоо ч, эмэгтэй хүний гоо сайхныг биширч янаглаж явахдаа ч, архи дарс ууж наргихдаа ч, хоёр эхнэртэй, өөрөөсөө 20 гаруй насаар ах коммунист үзэлтэй зураачтай гэрлэхдээ ч хэнээс ч зөвшөөрөл авч байгаагүй. Тэр өөрийнхөөрөө байж чадсан…амьдралын хамгийн хэцүү бас хамгийн аз жаргалтай мөчүүдийг бүрэн дүүрэн, айж эмээхгүйгээр, ичиж гэмшихгүйгээр мэдэрч чадсан.

 

Гэлээ гэхдээ зовох үед түших хүн хэнд ч хэрэгтэй. Аав нь зурахыг нь дэмжиж, дүү Кристина нь асарч сувилж, харин нөхөр нь эцсийн амьсгалаа хураах хүртэл нь хань шиг хань байж чадсан нь сайхан санагдсаан. Энэ киноноос Мексик дуу хөгжим ямар уянгалаг юм бэ, хувцасны өнгө будаг нь ямар өнгөлөг юм бэ гэдгийг олж мэдэрлээ. Гол нь хүн бүтээх гэж төрдөг гэдгийг Фрида бидэнд амьдралаараа харуулжээ.

Сонирхуулахад Кинон дээр La Llorona буюу Уйлж буй эмэгтэй хэмээх дууг дуулахыг Фрида сонсоод нүднээс нь нулимс дусалж буй хэсэг гардаг. Тэрхүү дууг кинон дээр дуулсан дуучин Chavela Vargas бодит амьдрал дээр үнэхээр Фридатай уулзаж байсан бөгөөд түүнтэй янагийн холбоотой байжээ. Энэ дууг сонсохыг хүсвэл энд дарна уу. 

 

Тус Киноны найруулагч Жули Тэймор киногоо мэдрэмжтэй, өвөрмөц шийдлээр найруулж чаджээ. Мөн гол дүрийн жүжигчин мексик гаралтай Салма Хаяик дүрээ сайн бүтээжээ.

Фрида киног Looktv.mn сайтаас англи, монгол хэл дээр үзэх боломжтой. Гэхдээ англи хэл дээр үзэхийг та бүхэнд зөвлөж байна.

Tagged to: амьдралын утга учир зураач кино түүхэн хүн урлаг Фрида

Share this post, choose your Platform!
19
Jul

Утаат тамхи татдаг болон түүний эргэн тойронд амьдардаг хүмүүст

Тамхи татахад уушиг ба амны хавдартай болно, арьс хуурайшиж хөгширнө, бэлгийн сулралтай болно гэх мэт олон сөрөг үр нөлөөтэйг надаар хэлүүлэлтгүй мэдэх биз. Хүн та биеэ хордуулахыг зориудаар сонгоод өөрийн болоод бусдын хөдөлмөрлөж олсон мөнгөөр тамхи авах нь таны эрх гэж бодъё. Гэхдээ тамхи татдаг болон түүний эргэн тойронд байгаа хүмүүсийг дор бүрнээ хоёрхон зүйлсийг

Шүүмж, сэтгэгдэл by oyuna and has 0 Comments
31
Jul

Хөгшин үнээний үг

Бадарчин Гомбодорж   Хөгшин үнээний үг   Эрлэгийн гарт идшинд баригдан Эцэж ядарсан хөгшин үнээний Энэлэн гаслан орилон бахирч Элдвийг хэлсэн үгийг сонс Эрт цагт эхээс гарснаас хойш Эвэр туурай ургаж өссөөр байлаа Элдэв олон ижилтэй цэнгэн жаргалаа Энхрий хайрт үр олон боллоо Шимээ хүртээж төлөө ч өглөө Шижир алт шиг хайрладаг ч байлаа Эрх

Веган амьдралын хэв маяг by oyuna and has 1 Comment
2 Comments
Posted by Ёнзом / 11:38 am September 7, 2019 Reply

фрида киног үзсэн учраас энэ киноны талаар бичсэн зүйл санаанд хүрлээ. Энэ гайхалтай хүчирхэг эмэгтэйн дүр зургийг сэтгэлд буухаар бичжээ. баярлалаа

Posted by oyuna / 2:15 pm September 9, 2019

🙂

Leave a comment Click here to cancel reply.
FOLLOW US

© 2020