Хайр гэж юу вэ?
By oyuna / February 14, 2022 / Uncategorized / 0 CommentsВалентины өдрийг тохиолдуулаад хайрын тухай бичье гэж бодлоо. Улиг үг мэт боловч хүн бүр өөр өөрийнхөөрөө ойлгож, илэрхийлж, мэдэрдэг энэ үг ямар утга агуулна вэ? Ямар үед хүн хайртай гэж хэлж болох юм бэ? Ошогийн хэлдгээр Хайр гэнэт гарч ирээд гэнэт алга болчихдог зүйл мөн үү? Хайр оршихын тулд юу шаардлагатай вэ? Огт хайрлуулж үзээгүй хүн байх боломжтой юу? Эсвэл өөрийгөө үзэн яддаг хүн бусдыг хайрлаж чадах болов уу? Төгс хайрыг хамтдаа бүтээх учиртай тэр л нэг хүн байдаг болов уу?
Саяхан дэлхийн өөр өөр соёлын хүмүүсийн хайрын түүхийн тухай өгүүлсэн сонирхолтой баримтат кино үзлээ. Зарим нь анхандаа дурлаж, сэтгэл татагдсан зүйл байгаагүй ч гэрлэснийхээ дараа дотносож бие биенээ хайрлаж эхэлсэн байхад зарим нь сүй тавьсныхаа дараа хайртай хүнээ “олсон” байх жишээний. Зарим хос нь олон насны зөрөөтэй байхад, зарим нь бүх хүнийг эсэргүүцэн хамтдаа байхаар шийдсэн байв. Тэд, хайр байхын тулд хүндэтгэл байх учиртай, хайртай хүнтэйгээ хамт байхад аз жаргалтай байдаг, хайрлана гэдэг хайр нэхэхийн нэр биш, хайр бол хүчин чармайлт, хосоо хайрлана гэдэг бусдыг хайрлахын эхлэл болдог гээд хайрын харилцааг олон талаас нь тодорхойлж байв.
Гэхдээ л яагаад заавал тэр хүн рүү тэгтлээ татагдав? Олон сэтгэл татам хүн энд тэндгүй байгаа. Өдөр бүр бид янз бүрийн хүмүүстэй харилцдаг. Гэхдээ яагаад тэр л хүн бусдаас онцгой санагдсан бэ? Тэр хүний юу нь чамд таалагдаад байгаа юм? гэдэг гэмгүй энэ асуултанд яг энэ гээд хариулт өгөх боломжгүй. Хайр нэг бодлын маш нууцлаг зүйл юм. Sufian Stevens-ийн Mystery of Love гээд дуу санаанд орж байна. Олон хүнтэй учирж хамтдаа байж, хайрлаж үзсэн боловч заримдаа амьдралд орж ирээд явах учиртай байсан хүмүүс ч бас байдаг юм шиг. Заримд нь хаягдана, зарим үед нь дуусгавар болгох саналыг өөрөө гаргана. Хэн хэндээ сайхан зүйлийг өгч чадсан бөгөөд хамтын “бизнес” дуусахаар аль алин нь цааш мөрөө хөөдөг юм шиг. Тэгээд нэг л өдөр эцэст нь тэр л нэг хүнтэйгээ учирдаг ч байж магадгүй. Эсвэл зүгээр л ганцаараа үлдэнэ.
Дөнгөж болзож байхад бүх зүйл шинэ, сонин байдаг. Гадуур хамт хооллоод, зугаалаад сонирхолтой зүйл хийгээд л. Гэтэл харилцаа үргэлжилж дараагийн шат руугаа ороход эгэл жирийн, өдөр тутмын, нэгэн хэвийн амьдрал угтах болно. Тэр үед уйтгартай байх болов уу? Энэ үед л хайр сэтгэл юун дээр тогтох нь мэдэгдэх байх. Хамгийн сайхан хайр нөхөрлөл дээр тогтох юм шиг. Учир нь нөхөрлөл эрх тэгш байдаг, мөн хуваалцдаг, хамтын сонирхол, тэмүүлэл байдаг. Хамтдаа хаашаа ч явж чадна, аялалд хамтдаа гарах болно.
Бид нар олон түвшинд хайрладаг. Бие махбодын түвшинд, сэтгэл хөдлөлийн түвшинд, оюун ухааны түвшинд…гэхдээ хамгийн дээд нь сүнслэг түвшин мэт. Нөгөө хүнийхээ сүнслэг оршихуйг таньж чадвал эрх чөлөөтэй, цаг хугацаа, орон зайгаар хязгаарлагдаагүй тийм дотно харилцаа үүсэх байх. Мэдээж энэ хийсвэр сонсогдож байгаа ч ийм хайр өмчлөөгүй хайр байх болно. Гэхдээ эхлээд өөрийнхөө сүнслэг оршихуйг таньж мэдсэн хүн л нөгөө хүний сүнслэг оршихуй, долгион, өнгийг мэдэрч таньж чадах байх. Тиймээс бусдыг хайрлаж байгаагаараа бид өөрсдийгөө таньж болох юм. Бусдын зүрх рүү өнгийхдөө өөрийнхөө зүрх рүү өнгийдөг гэдэг.
Хайр үзээгүй хүн гэж бид ярьдаг ч үнэндээ тийм байх боломжгүй мэт. Өдөр бүр нар мандахдаа илчээрээ биднийг дулаацуулан хайрладаг биш гэж үү? Үнэндээ бид хайран дунд амьдардаг байх. Нар хэнийг ч ялгалгүй илчээ түгээдгээрээ аугаа юм. Гэвч бидний хайр ихэвчлэн ялгавартай байдаг. Өөрийнхөө л хүүхдийг хайрлана, эсвэл гэр бүлээ л хайрлана. Эсвэл өөрийнхөө л эх орныг хайрлана гэх мэт. Эсвэл нөхцөлтэй байдаг. Чи тийм байвал л би чамд сайн хандана гэдэг. Гэтэл “You love someone not for who they are, but despite who they are” гэдэг үгийг нэгэн хос хэлж байхыг сонссон. Нээрээ л тийм шүү гэж бодогдсон. Тэр хүнээ муухай аашилж, стресстсэн, сэгсийсэн үстэй байсан ч хайрлаж байвал тэр хайр мэт. Тэгвэл өөртөө дургүй хүн бусдыг хайрлаж чадах болов уу? Ийм хайр нэг л дутуу санагдах юм. Өөрөөсөө зугтахын тулд бусдыг хайрлаж байгаа мэт.
Ямартаа ч хайрын тухай олон тодорхойлолт байдаг боловч Библид хайрыг хамгийн цогцоор тодорхойлсон санагддаг:
4 Love is patient, love is kind. It does not envy, it does not boast, it is not proud. 5 It does not dishonor others, it is not self-seeking, it is not easily angered, it keeps no record of wrongs. 6 Love does not delight in evil but rejoices with the truth. 7 It always protects, always trusts, always hopes, always perseveres. 8 Love never fails. But where there are prophecies, they will cease; where there are tongues, they will be stilled; where there is knowledge, it will pass away.
Хайр бол тэвчээртэй, хайр бол энэрэнгүй юм. Хайр атаархдаггүй, бардам зан гаргадаггүй. Ихэрхдэггүй, зохисгүй авирладаггүй, амиа боддоггүй, амархан уурладаггүй, буруу явдлыг бүртгэж хадгалдаггүй, зөвт бус байдалд баярладаггүй, харин үнэнд баярладаг, үргэлж хамгаалдаг, үргэлж итгэдэг, үргэлж цөхрөлтгүй зүтгэдэг. Гэтэл мэргэ төлөг алга болж, хэл яриа чимээгүй болж, мэдлэг замхардаг ажгуу.
Тиймээс хайр бол амтат мэдрэмж эсвэл түрхэн зуурын догдлол төдий бус, энэ бол хүсэл зориг, уужим сэтгэл, өөрийгөө зориулахуй тэгээд өөр олон ч зүйл байгаа байх.
Эцэст нь Лхагвын Хайрын тухай дууг чамд зориулая.