Хариуцлагатай иргэн
By oyuna / October 22, 2019 / Шүүмж, сэтгэгдэл / 0 CommentsХариуцлагатай иргэн гэдэг нь тухайн нийгэмдээ хувь нэмрээ оруулдаг, ухамсартай бие хүнийг хэлэх юм. Эргэн тойрондоо болохгүй байгаа зүйлд санаа тавьж, нөхцөл байдлыг сайжруулахын тулд өөрийн зүгээс боломжит үйлдлийг хийх нь өнөөдөр илүү чухал болоод байна.
Зарим дүрэм утга учиргүй байдаг боловч ихэнх дүрэм бие биедээ саад болохгүйгээр хамтран ажиллаж, амьдрахад зориулсан байдаг. Тэгэхээр дүрмийг зөрчихөө эр зориг, эсвэл сэргэлэн зантай хутгах хэрэггүй юм, харин амин хувиа хичээх зантай л адилтгах хэрэгтэй. Хүн хууль, дүрмийг дагаснаар ядахдаа бусдад гай болохгүй амьдрах боломжтой. Батболдын Муухай монгол хүн номны 6-р бодрол буюу Танилтай монголд дүрмээ зөрччихөөд тэндээс нь “гаргаж өгөх” танил хайдаг муу зуршил монголчуудад бий гэдгийг дурдсан байдаг.
Бүх зүйл болохгүй байна гэж орилохоосоо илүү хогоо ил задгай хаях, олон нийтийн газар тамхи татах, эмийн санд үйлчлүүлж байхдаа хүний урдуур дайрах, AТМ-ээр үйлчлүүлэхдээ урд талын хүнтэй хэт ойр зогсож, өнгийж харах, хамаагүй дайрч чихсэнээс замын түгжээ үүсгэх зэрэг нь биднийг өдөр тутам бухимдуулдаг мөртлөө бид өөрсдийн зүгээс арга хэмжээ авдаггүй зүйлс билээ. Мөн хэн нэгэн хүн дээр гарчихаад мөнгө идээд байна гэх мөртлөө ард иргэдийн зүгээс хяналт тавих, шаардлага тавьж, жагсаал цуглаан хийхэд хойрго ханддаг.
Тэгэхээр дараах зүйлсийг бид хийвэл бидний амьдарч буй нийгэм стресс багатай, тайван байх боломжтой:
- Сайн дурын ажил хийх – өмсдөггүй хувцас, уншдаггүй ном, хэрэглэдэггүй эд зүйлсээ хэрэгтэй хүнд нь хандивлах, байгальд аялахдаа бага ч гэсэн урьдынхаас нь дээрдүүлж цэвэрлэх, лифтэнд суухдаа сүүлдэж ирсэн хүнийг хүлээдэг байх, зам асуусан хүнд замаа олоход нь туслах, газраас олсон зүйлийг эзэнд нь буцааж өгөх, шинээр олж мэдсэн зүйлээ бусадтай хуваалцдаг байх
- Байгаль орчинд ээлтэй амьдрах – гялгар уут, хуванцар хэрэглэхээс татгалзах, дэлгүүрээс эд зүйлс авахдаа шаардлагагүй бол уутанд хийлгэхгүй байх, хогоо органик болон органик бусаар нь ялгаж хаядаг байх, хоолоо муутгаж хаяхгүй байх, аль болох нийтийн унаа тээвэр хэрэглэх эсвэл алхаж, дугуй унах, махнаас аль болох татгалзах, усыг зохистой хэрэглэх, хувцас бага худалдаж авах,
- Мэдрэмжтэй байх – таньдаг хүнтэйгээ таараад бусдын зам дээр хөндөлсөж зогсоод яриа өрнүүлэх, чанга дуу чимээ гаргаж бусдад садаа болох, олуулаа зэрэгцэн явж зам хаах, алхангаа тамхи татах, бохио дуугаргаж зажлах гэх мэтээр бусдад садаа болохгүй байх, цахилгаан шатаар явахдаа яараагүй бол баруун талд нь гарч зогсож яарч буй хүнийг зүүн талаар хурдан явах боломжтой болгох, онгоц газардахад түрүүлж буух гэж зүтгэдэгээ болих, онгоцноос бууж ачаагаа авахдаа бусдыг дайрч түлхдэггүй байх
- Ёс зүйтэй, шударга байх – ажлын байран дээр хувийн ашиг сонирхолоо хоёрт тавих – нэр нүүрээ бодоод танилдаа давуу тал өгч, бусад хүмүүсийг хохироохгүй байх, оюуны өмчийн хулгай хийхгүй байх (бие даалт, судалгаа хийхдээ бусдын хийснийг хуулбарлахгүй байх, кино үзэхдээ төлбөрийг нь төлж үзэх), хаалгаар орохдоо эхлээд гарч байгаа хүмүүсийг оруулах, дарааллаараа үйлчлүүлдэг байх, зөрөөд өнгөрсөн хүнийг санаандгүй мөрлөсөн бол уучлал гуйдаг байх, доод айл руугаа ус алдсан бол нөхөн төлбөрийг нь өгдөг байх, хүнийг удаан хүлээлгэдэггүй байх, тохироод за гэснийхээ дараа гэнэт муридаггүй байх, гэрээсээ ч гараагүй байж очиж явна гэж худлаа хэлдэггүй байх, мэдэхгүй юмаа, эсвэл баримтгүй зүйлийг мэддэг юм шиг ярихгүй байх, эсвэл дуулаад өнгөрсөн зүйлээ үнэн юм шиг цааш нь дамжуулахаа болих, бусдын нууцыг сонин болгож ярихгүй байх, хүнээс мөнгө зээлсэн бол нэхүүлэхгүйгээр буцааж өгдөг байх, хүнийг өмсөж зүүсэн байдал, царай зүс, насаар нь ялгаварлаж харьцдаггүй байх, түргэн тусламжийн машинд зам тавьж өгдөг байх
- Зоригтой байх – хулгай хийхийг харсан бол мэдэгдэж, дуугүй өнгөрөхгүй байх, хүмүүсийн жендэр, бэлгийн цөөнхийн талаарх ташаа ойлголтыг залруулдаг байх, өөрөөс чинь ахмад эсвэл илүү эрх мэдэлтэй хүн буруу зүйл хэлж, хийж байвал түүнийг нь хэлж чаддаг байх, өөрөөс чинь залуу эсвэл доод албан тушаалын хүн танд үндэслэлтэй боловч сонсоход таагүй зүйл хэлвэл хүлээж авч чаддаг байх, гадаа шээж байгаа эсвэл хог хаяж байгаа хүнд шаардлага тавьдаг байх, хэн нэгэн олон нийтийн газар аюултай байдалд байхыг харах эсвэл сонсвол утсаараа бичлэг авахын оронд дуудлага өгдөг байх
Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө!
Та бүхэнд өөр нэмэх зүйл байвал түүнийгээ хуваалцахыг хүсье!