logo
  • Home
  • Blog

HomeБодролЦаг нөхцөөх – Орчин үеийн амьдралын хэв маяг  

Цаг нөхцөөх – Орчин үеийн амьдралын хэв маяг  

By oyuna / August 18, 2019 / Бодрол / 0 Comments

 

Монгол улсын нийт хүн ам 2018 оны байдлаар 3,238,479 байгаагаас Улаанбаатар хотод 2,197,970 буюу нийт ард иргэдийн 67% нь амьдарч байна.

 

Хотын амьдрал ямар билээ дээ? Энд тэндээс ирсэн, бие биеэ танихгүй янз бүрийн хүмүүс нэг дор амьдарна. Хүмүүс бие биедээ үл итгэх ба анхны сэтгэгдэл маш чухал. Хүмүүсийн харилцаа маш богино хугацаанд үргэлжилдэг тул анхны сэтгэгдэл хэрхэн төрүүлснээр нь тэр хүнийг ажилд авах уу, байраа түрээслүүлэх үү, болзоонд явах уу, хүрээлэлдээ оруулах уу гэх мэтээ шийднэ. Тиймээс хүмүүс барьсан утас, загварлаг хувцас, брэндийн цаг, зүүсэн багаараа аль болох өөрийгөө товойлгох хэрэгтэй.

 

Хотод дуу чимээ их, агаар нь бохир, хүмүүс нь шахцалдсан, энд тэндгүй замбараагүй олон барилга барьчихсан, түгжрээ ихтэй. Нэг үгээр хэлбэл, тайван бус орчинд амьдарч байгаа хүмүүс юунаас стресстээд, юуны төлөө амьдраад байгаа нь бүрхэг. Хотжилт бий болж үйлдвэржилт цэцэглэснээр орчин үеийн хүнд бүх зүйл ойр болчихсон ч харин хүн өөрөөсөө холджээ.

 

Хотын амьдралд хүн “амьд” үлдэхийн тулд байнга бусадтай өөрийгөө харьцуулж, бусдаас хоцроогүй гэдгээ магадлаж, бас “нөхөрсөг” байдлаар өрсөлдөх хэрэгтэй. Юугаа харьцуулж, юугаараа өрсөлдөх гэж? Амжилтаараа. Амжилттай явж буй гэдгээ яаж харуулах вэ? Уулзаж буй хүмүүсээрээ, очиж буй газраараа, идэж буй хоолоороо, өмсөж буй хувцас, хэрэглэж буй эд зүйлс, машинаараа, гэр бүлээрээ харуулна. Алис үлгэрийн оронд зохиолд гардагчлан “юу ч харагдаж буй шигээ байдаггүй” болохоор “амжилттай” яваа хүмүүсийн амьдрал хэр утга учиртай вэ гэж асуух шаардлагагүй. Учир нь яг л адилхан хүмүүс хоорондоо өрсөлдөж, бие биесээ харьцуулж байдаг учраас зүгээр л өөрийгөө харчихад хангалттай.

 

Хотын хүн тав тухтай гэхдээ бас маш завгүй амьдардаг. Бүх зүйлийг хялбараар шийдсэний эцэст хэмнэсэн тэр цаг бол зөвхөн нөхцөөхийн тулд шүү дээ. Орчин үеийн хотын хүний амьдралын хэв маяг бол цаг нөхцөөх. Албан үүрэг нь хийж буй хүндээ утга учиртай ч биш, бүтээлч ч биш; нөгөө л өрсөлдөөнд арчигдахгүйн тулд л тэрийг хийдэг. Технологийн дэвшлээр ажлыг нь роботоор сольчихсон ч болохоор. Тийм болохоор ажил бол зөвхөн мөнгө олох л хэрэгсэл. Олсон цалин ерөөсөө цагаа нөхцөөхөд л зарцуулагдана. Өөрийгөө байнга зугаацуулж, сатааруулж байхгүй бол амьдрал явж өгөхгүй, утгагүй. Тэрхүү хэрэгцээг бизнесийнхэн ашиглаж, бүх зүйлийг 24 цагийн турш үргэлжилдэг болгож, цагаа нөхцөөх маш сайхан боломжуудыг бий болгож байна. Өдөр бүр, эсвэл өдөрт хэд хэдэн “эвент”-үүдэд оролцож болно. Мөнгөгүй хүн хотод “амжилттайгаар” цагаа нөхцөөхөд хэцүү. Зүгээр л өөртэйгөө хамт байж, эргэцүүлж тунгаах бол хамгийн бүтэлгүй хүний цагаа нөхцөөх арга.

 

Гадуур хоол идэхдээ гэртээ хоол хийх боломжгүй байсан учраас, эсвэл тэр газар үнэхээр таалагдсан учраас биш. Энэ бол цаг нөхцөөх нэг арга. Гэхдээ зүгээр ч нэг идэхгүй, хоолныхоо зургийг авч баримтжуулах ёстой. Тэрийг бусад нь харах ёстой, тийм биз дээ? Эрээн мяраан, гялалзсан гялтганасан зүйлсийг авсан аваагүй ялгаа гарахгүй, эдгээр нь зайлшгүй хэрэгцээ биш. Гэхдээ л дэлгүүр хэсэх нь зугаатай, хүчирхэг мэдрэмж төрүүлдэг үйл ажиллагаа, цаг нөхцөөх арга. Хэрэглэгч байх нь “хаан” лугаа мэдрэмж төрүүлдэг. Хамгийн сүүлд гарсан нэг үзээд л мартагдах тийм л кинонуудыг ярилцах үед хоцрогдсон харагдахгүйн тулд л очиж үзнэ. Киноны баатруудын нэрийг сайн цээжлэх хэрэгтэй. Киноны үйл явдал санаанд оромгүй өрнөж, өнгө будаг сайтай байж тархийг бүрэн дүүрэн эзэмдэх нь чухал болохоос биш элдвийг бодуулж, асуулт асуулгах зорилгогүй.

 

Цаг нөхцөөхдөө бие сэтгэлд амар, богино хугацаанд тааламжтай мэдрэмж төрүүлдэг, уйдчихааргүй тийм л зүйлийг олж хийх нь чухал, учир нь энэ “стрессээ” тайлахад хэрэгтэй. Үүнээс гадна цаг нөхцөөхдөө хийх зүйл нь бусдад чамайг сонирхолтой, амжилттай амьдарч буйг чинь харуулах баримт болох ёстой. Чи голын эрэг дээр цуйван идэх гэж байлаа гэж бодоход эхлээд зургийг нь авч баримтжуулахгүйгээр идэж болохгүй. Тэгээд цагийг ямар гайхалтай өнгөрөөж буйгаа бусаддаа тайлагнана. Бусдын хэрхэн цагаа нөгцөөж буйг үзэн цагаа нөгцөөж буй бусад нь тэрийг чинь үзэж лайкаар “адиславал”, цагийг сайхан өнгөрөөж буй чинь баталгаажна.

 

Хайр дурлал, найз нөхөрлөл ч бас цаг нөхцөөх нэг арга. Өөрсдийгөө өчигдрөөс илүү хөгжүүлж, арай өндөр түвшинд аваачихын тулд биш харин ганцаардахгүйн тулд, орхигдсон амьтан гэж өөрийгөө мэдрэхгүйн тулд цагийг хамт нөхцөөнө. Цагаа нөхцөөсөөр байгаад дотооддоо хоосорсон хүмүүс бусдыг цагаа нөхцөөх арга хэрэгсэл болгоно уу гэхээс бусдад гэрэл гэгээ өгч чадахгүй. Яг үнэндээ дуртай дургүй бие биетэйгээ уулзана. Бие биенээ ийнхүү ашиглаж, хуурч буйгаа ухамсартай ба ухамсаргүй мэдэрч л байдаг. Ямар нэг байдлаар мөнгө үрэхгүй л бол хамтдаа зүгээр уулзах нь ямар ч сонирхолгүй.

 

Гэр бүлээрээ хийх зүйл нь ч бас цаг нөхцөөх арга хэлбэр. Хүүхдээ төрсөн цагаас нь зургийг нь авч фейсбүүк дээрээ тавьж сайн аав, ээжийн дүрд тоглоно. Нэг үгээр хэлбэл хүүхдийнхээ амьдралын алхам тутмыг бусдад тайлагнаснаар чухал зүйл хийж байгаа хэмээн өөрсдийгөө мэдрэнэ. Бие биедээ хайртай гэдгээ фейсбүүкээр зарлана. Хүүхэддээ элдэв янзын чамин, содон тоглоом авч өгч, дэлгэцийн өмнө саатуулснаар багаас нь цагаа нөхцөөхийг урамшуулна, биеэрээ үлгэрлэн сургана.

 

Ном унших ч адил. Нухацтайгаар, гүнзгий бодож эргэцүүлж уншдаггүй. Бестселлер болсон тэр номыг дараагийн хүнтэй таарахдаа уншсан гэж хэлэхийн тулд л уншдаг. Хичнээн чухал санаа хэлсэн ном байлаа ч удахгүй мартаж орхино. Дахиж унших тухай бол яриад ч хэрэггүй.

 

Тийнхүү байнга шинэ сонин хувцас, эдлэл хэрэгсэл авч, чамин тансаг хоол идэж, арга хэмжээнд оролцож, шинэ сонин, болж өгвөл “амжилттай” яваа хүмүүстэй уулзах хэрэгтэй болно. Ингэж байж өөрсдийгөө орчин үеийн, амжилттай гэж мэдэрнэ. Өөрийнхөө ч цагийг ална, бусдын ч цагийг үрэн таран хийнэ. Энэ бүхэнд заримдаа өр тавиад ч хамаагүй зарцуулсан мөнгөө эргүүлэн төлж, дараагийн цаг нөхцөөх мөнгөө олохын тулд ажил олгогчийн боол болно.

 

Дотоод руугаа өнгийж, яах гэж амьдарч байгаадаа хариулт олж чадаагүй болохоор хэн нэгний лекцэнд сууж сэдэлжүүлэлт авахыг хүснэ. Тэгээд л маргааш нь мартаж орхино. Бидний амьдрал солонгосын савангийн дуурь шиг хиймэл, амьгүй өнгөрч байна. Ийнхүү цаг нөхцөөж байтал ихэнх хүмүүс өөрсдөөсөө болж нас барна (2017 оны байдлаар Монгол улсад нас баралтын тэргүүлэх шалтгаан хэн нэгний халдлага биш харин зүрх судасны тогтолцоож өвчин ба хавдар, дэлхий нийтэд ч бас террорист халдлага биш зүрхний ишемийн өвчин ба харвалт зонхилж байна). 60 хүрч ухаараад 61 тэйдээ үхнэ. Гэвч энэ үед дэндүү оройтсон байх болов уу.

 

Бид өөрсдөө энэ дэлхий дээр хорт хавдрын эс шиг амьдарч байна. Амьдарч буй газраа өмхийрүүлнэ, хогоор дүүргэнэ, хов жив ярина, байгаль орчныг бохирдуулна, амьтан ургамлыг устгана.

Гэхдээ үүнийг өөрчлөх арга зам байгаа болов уу? Бидний амьдралд ямар нэг томоохон эргэлт гарахгүй л бол бид энэ талаар бараг л бодож үзэхгүй. Амьдрал богинохон, харин бид хорт хавдрын эс шиг амьдраад буцах уу, сайхан зүйл бүтээгээд буцах уу гэдэг нь бидний сонголт, хариуцлага.

 

Tagged to: амьдралын утга учир орчин үеийн амьдрал хотын амьдрал цаг нөхцөөх

Share this post, choose your Platform!
14
Feb

Хайр гэж юу вэ?

Валентины өдрийг тохиолдуулаад хайрын тухай бичье гэж бодлоо. Улиг үг мэт боловч хүн бүр өөр өөрийнхөөрөө ойлгож, илэрхийлж, мэдэрдэг энэ үг ямар утга агуулна вэ? Ямар үед хүн хайртай гэж хэлж болох юм бэ? Ошогийн хэлдгээр Хайр гэнэт гарч ирээд гэнэт алга болчихдог зүйл мөн үү? Хайр оршихын тулд юу шаардлагатай вэ? Огт хайрлуулж үзээгүй

Uncategorized by oyuna and has 0 Comments
22
Oct

Хариуцлагатай иргэн

Хариуцлагатай иргэн гэдэг нь тухайн нийгэмдээ хувь нэмрээ оруулдаг, ухамсартай бие хүнийг хэлэх юм. Эргэн тойрондоо болохгүй байгаа зүйлд санаа тавьж, нөхцөл байдлыг сайжруулахын тулд өөрийн зүгээс боломжит үйлдлийг хийх нь өнөөдөр илүү чухал болоод байна. Зарим дүрэм утга учиргүй байдаг боловч ихэнх дүрэм бие биедээ саад болохгүйгээр хамтран ажиллаж, амьдрахад зориулсан байдаг. Тэгэхээр дүрмийг

Шүүмж, сэтгэгдэл by oyuna and has 0 Comments
Leave a comment Click here to cancel reply.
FOLLOW US

© 2020