Цэвэрхэн байх тухай цуврал №1 Нүүрний арьс цэвэрхэн байхын ач холбогдол
By oyuna / January 9, 2021 / Эрүүл амьдрал / 0 CommentsОрчин үед Ковидтой холбоотойгоор бид илүү цэвэрхэн байх шаардлагатай болж байна. Cleanliness is next to Godliness буюу Цэвэрч байдал нь Бурханлагтай ойрхон гэж үг бий. Тэгвэл яагаад цэвэрч байх хэрэгтэй вэ?
Нүүрний арьс цэвэрхэн байх нь эрүүл ахуйн ба гоо сайхны ач холбогдолтой
Эрүүл ахуйн ач холбогдол
Арьсны дор байх булчирхайнаас үсний уутанцраар дамжин себум гэх тос ялгарч арьсан дээр бүрхүүл үүсгэж гадаад орчноос арьсыг хамгаалж байдаг байна. Гэвч тоос шороо нь арьсны нүхийг бөглөж тосны ялгарал, хөлс, үхсэн эсийг арьсан дор хорьчихдог байна. Мөн арьсны гадаргууд тос бага байх нь бактер үсний уутанцар руу ороход хялбар болж ийнхүү үрэвсэж батга гардаг байна (Lenkerani, 2014). Өдөр бүр арьсаа цэвэрлэж угааснаар бохирдол, хөлс, үхсэн эсээс салах юм. Хэрэв арьсаа угаахгүй яваад байвал арьс улайж, хуурайшиж, хөгширч, загатнадаг болох ба маажаад байвал арьс гэмтэж халдвар авах магадлал улам нэмэгддэг байна.
Гоо зүйн ач холбогдол
Бид маш их бохир орчинд амьдарч байна. Улаанбаатар хот дэлхийн хамгийн утааны бохирдолтой хотод ордог ба Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөсөн хэмжээнээс 6 дахин их бохирдолтой байна (IQAir, 2020). Орчны эдгээр бохир нь арьсыг гэмтээж арьсны хөгшрөх үйл явцыг түргэсгэдэг байна. Харин арьсаа тогтмол цэвэрлэснээр арьсны чийгшлийг хадгалах боломжтой. Чийгшлээ алдсан хуурай арьс нь үрчийж, хөгшин харагддаг. Гоо зүйн талаас арьс цэвэрхэн байх нь гэрэлтэж өнгөлөг, эрүүл харагддаг. Мөн гоо сайхны, арьс арчилгааны бүтээгдэхүүн цэвэрхэн арьсанд илүү үр дүнтэй үйлчилдэг байна. (Biologique Recherche, 2018)
Тэгвэл арьс өнгөний эмчийн зөвлөснөөр нүүрний арьсаа цэвэрлэхэд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй байна (Lenkerani, 2014):
- Хэрэв тослог арьстай бол хүчиллэг төрлийн гелэн эсвэл хөөсөн нүүрний угаалгыг ашиглах, харин хуурай арьстай бол спиртийн агууламж өндөртэй бүтээгдэхүүнээс зайлсхийж харин кремэн нүүрний угаалгыг сонговол зүйтэй. Харин эмзэг арьстай бол орц багатай энгийнийг хэрэглэх хэрэгтэй.
- Хэрэв нүүрээ буддаг бол будаг арилгахад зориулсан цэвэрлэгчийг сонгох хэрэгтэй.
- Хэрэв дасгал хөдөлгөөн их хийж хөлөрдөг бол арьсны бөглөрсөн нүх сүвийг цэвэрлэхэд чиглэсэн шингэнийг түлхүү хэрэглэх.
Гарын савангаар нүүрээ угаахаар нүүрний сайн тослогийг үгүй хийж, арьс хэт их тос ялгаруулахад хүргэдэг байна.
Арьсаа өдөрт хоёр удаа буюу өглөө, орой цэвэрлэхийг зөвлөдөг байна.
Орой
Орой унтахаас өмнө арьсаа цэвэрлэснээр арьсны нүх сүв амьсгалж шөнийн турш арьс өдөр гэмтэснээ нөхөн сэргээх боломжийг олгодог байна. Шөнийн турш арьсны дулааны хэм нэмэгддэг байна. Цэвэрхэн арьсанд чийгшүүлэгч түрхснээр арьсыг шөнийн турш чийгтэй байлгана.
Өглөө
Өглөө босоход шөнийн турш ялгарсан хорт бодис, үхсэн эс, илүүдэл тослогийг арилгах хэрэгтэй болно. Толигор арьсанд нүүрний будаг илүү сайн шингэж, сайхан харагдана.
Давхар цэвэрлэгээ
Хэрэв нүүрний буддаг их хэрэглэдэг эсвэл манайх шиг бохир орчинд амьдардаг бол нүүрээ нэг шудран угаах нь хангалтгүй. Нэгдүгээр угаалт нь гадаад бохирдолыг цэвэрлэдэг бол хоёрдахь угаалт нь нүх сүвийг бөглөсөн бохирдлыг арилгах боломжтой.
Эх сурвалж:
Biologique Recherche. (2018, June 5). The power and importance of cleansing. https://biologiquerechercheuk.co.uk/blog/the-importance-of-cleansing
IQAir. (2020, January 09). Ulaanbaatar residents face worst air quality in the world. https://www.iqair.com/blog/air-quality/ulaanbaatar-mongolia-worst-air-quality-october-2020
Lankerani, L. (2014, September 19). Skin Cleansing 101: Why washing your face is important. https://www.westlakedermatology.com/blog/skin-cleansing-101-why-washing-your-face-is-important/