Цэвэрхэн байх цуврал №2 Тоосоо арчихын ач холбогдол
By oyuna / January 13, 2021 / Эрүүл амьдрал / 0 CommentsОрчин үед Ковидтой холбоотойгоор бид илүү цэвэрхэн байх шаардлагатай болж байна. Cleanliness is next to Godliness буюу Цэвэрч байдал нь Бурханлагтай ойрхон гэж үг бий. Тэгвэл яагаад цэвэрч байх хэрэгтэй вэ? 1-р хэсэгт нүүрний арьсаа цэвэрхэн байлгахын ач холбогдлыг бичсэн билээ. Тэгвэл энэ удаа тоос арчихын ач холбогдлыг хамтдаа мэдэж авцгаая.
Цонхны тавцан, ширээ, тавилга, зурагт гээд байж болох бүхий л тавцан дээр тоос унаж хурдаг билээ. Тоосоо байнга арчина гэдэг арьсаа цэвэрлэхтэй адил эрүүл мэнд болон гоо зүйн ач холбогдолтой. Өнөөдөр тоосоо арчсан ч удалгүй тоос дахиад л гараад ирдэг. Гэхдээ тоосоо байнга арчих яагаад чухал вэ? Магадгүй тоосоо арчихын ач холбогдлыг судалснаар бид байнга тоосоо тогтмол арчиж цэвэрлэдэг хэвшилтэй болж болох юм.
Эрүүл ахуйн ач холбогдол
Тоосоо арчих нь цэвэр агаараар амьсгалах боломжийг бидэнд олгоно. Тоос хэмээх зүйл нь нэг талаас гаднаас нөгөө талаас дотор орчноос бий болдог байна. Дотор орчноос гарч буй тоос нь арьсны үхсэн эс, үс хялгас, шороо, цэцэгний тоосонцор болон бусад гадны материалаас бүрдэнэ. Хүний арьснаас өдөрт 30,000-40,000 үхсэн арьсны эс унадаг бөгөөд эдгээр нь тоосны ихэнх хэсгийг бүрдүүлдэг байна (cleaningspace.net, 2019). Үс хялгас зэргээс бүрдсэн тоосон дотор бясаа гэх мэт шавж болон бактер үржих боломжтой болдог байна.
Манайх шиг бохирдол ихтэй хотод гаднаас орж ирэх тоос байнгын асуудал билээ. Мөн тоос нь өвчин тусах, харшилтай болох эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Үүнд: ханиалгах, найтаах, нүд загатнах гэх мэт орно (sparkl+shine, 2019).
Гоо зүйн ач холбогдол
Тоосыг арчихгүй удвал томордог гэдгийг удаан хөдөлгөөгүй орон доорхыг харсан бол мэдэх байх. Тоосонд дарагдсан тавилга, тавцанг харахад ч муухай, сааралтаж харагддаг билээ. “Цэвэрлэх нь зүгээр л цэвэрлэх зорилгоос гадна тухайн орчинд амьдрах аз жаргалыг мэдрэхэд оршдог юм” гэж Мари Кондо хэлжээ.
Тэгвэл хэрхэн тоосоо үр дүнтэй арчиж, гадаргууг цэвэрлэх вэ? Дараах алхамыг хэрэгжүүлцгээе:
1. Юун түрүүнд микрофибр материалтай буюу зориулалтын тоосны алчуур авах хэрэгтэй. Ийм алчуур нь тоосыг өөртөө сайн наалдуулдаг бөгөөд пургих гэх мэт тоос буцаад агаарт тархахаас сэргийлдэг байна.
2. Дараа нь цэвэрлэх гэж буй зүйлийн гадаргуу дээрх бүх зүйлийг зайлуулна. Тэгээд гадаргууг сайтар арчиж, мөн гадаргуу дээрх зүйлсийг нэг нэгээр нь сайтар арчаад буцааж байрлуулна.
3. Цэвэрлэгээний чиглэл нь дээрээс доош чиглэлтэй байна. Өрөөний зах хэсгээс дотогшоо чиглэнэ. Мөн хамгийн цэвэр гадаргуугаас хамгийн бохир гадаргуу руу гэсэн дараалалтай байдаг байна.
4. Цэвэрлэж дууссаны дараа эргэн тойрноо арчих эсвэл тоосыг нь соруулна. Учир нь цэвэрлэх явцад зарим тоос газар унадаг байна.
5. Долоо хоног бүр өрөөнүүдийн харагдах хэсгүүдийн тоосыг арчихын зэрэгцээ гүн цэвэрлэгээ хийхийг зөвлөж байна. Гүн цэвэрлэгээ нь нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй хэсгүүдийн тоосыг авахыг хэлнэ. Үүнд: орон доорх, шкафны ар, хаалганы хүрээ, хана зэрэг орно.
6. Тоос хуримтлагдахаас сэргийлэхийн тулд аль болох жижиг сажиг, бөөгнөрсөн эд зүйлээ гадаргуугаас багасгах болвол бүр мөсөн зайлуулах хэрэгтэй. Эд зүйл олон байх тусам тэр чинээгээр тоос татдаг байна. Мари Кондогийн аргыг ашиглан новшноосоо салах юм бол тоосноосоо ч сална гэсэн үг.
Анхаарах зүйл:
- Тоос арчих материал тохиромжтой биш бол тоосыг агаарыг бүр цацаж орхидог байна. Агаарт цацагдсан тоос нь ийш тийш шилждэг байна.
- Мөн ном гэх мэт нарийн тоос хуримтлагддаг зүйлсийн тоосыг арчихдаа амны хаалт зүүвэл зохино.
Эх сурвалж:
Cleaning Spaces. (2019, January 21). Why Dusting is So Important. https://cleaningspaces.net/why-dusting-is-so-important/
Sparkle and shine. (2019, April 3). Dusting 101: How to Dust Properly and Why It’s So Important. https://www.sparkleandshine.today/blog/dusting-101-how-to-dust-properly-and-why-its-important/