Сайн байцгаана уу,
Өчигдөр Киргиз улсын зохиолч Чингиз Айматовын бичсэн Жамиль зохиолыг уншлаа. Урьд нь түүний Цайран харагдах хөлөг онгоц, Тогоруутын түрүүч, Цаазын тавцан зэрэг зохиолуудыг уншиж байсан бөгөөд бүгд л харуусах, хайрлах сэтгэгдэл төрүүлж байлаа. Хүнийг хайрлах, байгаль дэлхийг хайрлах, амьтныг хайрлахыг зохиолч маань бүтээлээрээ байнга сануулдаг билээ. Энэ удаа Монсудараас гаргаж буй цувралын нэг болох энэхүү Жамиль хэмээх зохиолыг Орос руу орчуулсан хувилбартай нь тулгаж уншлаа. Маш их таалагдсан.
Хоёрдугаар дайн.., хүүхдүүд тариан талбай дээр ажиллаж, сургуулиас завсардахад хүрч байсан үе. Сиет хэмээх Жамилийн нөхрийн дүү ажиглагчийн нүдээр энэхүү хайрын түүхийг өгүүлдэг. Сиет үнэндээ Жамильд хайртай байсан юм. Тиймдээ ч түүнийг тийм ойроос ажиглаж, мөн бусад эрэгтэйчүүдээс хамгаалахыг оролддог байв.
Энэхүү зохиолд ганцаардмал, зожиг, өнчин өссөн, ядуу, саяхан дайнаас буцаж ирсэн хэн ч тэгтлээ тоогоод байхааргүй залуу ба түүний дотоод сэтгэлийн баялагт дурласан Жамиль бүсгүй хоёрын тухай гардаг. Уг нь Жамиль аль хэдийн өөр айлын бэргэн болчихсон байсан. Түүний нөхөр нь дайнд яваад ирээгүй байв. Гэхдээ л захидал бичихдээ дандаа хамгийн сүүлд Жамилийн мэндийг асуудаг, ер нь дандаа ээждээ л хаягладаг байсан. Учир нь ингэж бичих нь нэг ёсны өөрийгөө хүндэлдэг эр хүний хийх зүйл байжээ. Мөн түүний захиа дандаа нэг хэвийн уйтгартай байдаг. Эндээс түүний нөхөр зүгээр л ёс уламжлалыг л дагадаг болохоос эхнэртээ тэгтлээ хайртай байгаагүйг харж болно. Хайртай байлаа ч түүний хайр үлгэн салган байсан. Ээж нь захиаг аваад бага хүүгээрээ уншуулдаг байв, харин Жамиль тухайн үед байж таарвал түүгээр уншуулдаг.
Харин Данияр хэмээх тэрхүү ядуу залуу бол нийтлэг нүдээр бол амжилтгүй яваа нэгэн. Түүнд очих газар, орох орон байхгүй, ганцхан цамцтай. Дотогшоо, дуугай бөгөөд сэргэлэн цовоо зан түүнд үгүй. Хүмүүс түүнийг Жамилийн нутагт анх ирэхэд эхэндээ сонирхож байгаад сүүлдээ бараг өрөвдөөд хөөрхий амьтан гэж хардаг болсон байв. Гэхдээ л Данияр дотроо хайраар дүүрэн, агуу их сэтгэлийг тээж явдаг. Хэдэн цагаар ч хамаагүй гол ширтэн зогсдог, гэнэт баяр баясал нүүрэн дээр нь тодордог бөгөөд яагаад ингэдэг гэдгийг хэн ч тааварлашгүй. Харин Жамиль бол эрэмгий, омголон, жавхаатай бөгөөд гоо үзэсгэлэнтэй бүсгүй юм. Жамиль Даниярын сайхныг нь олж харсан юм. Данияр дотроо хүн бүрт нээгээд байдаггүй.
Бригадын даргын тушаалаар Жамиль, Данияр хамт ажиллах үед Данияр харих замдаа дуулдаг хэсэг нь маш сайхан. Хэдийгээр ном уншиж байгаа хүнд дуу хоолой нь сонсогдохгүй боловч түүний дуу үнэхээр сайхан, дотоод сэтгэлээс ундарч буй, хайраар дүүрэн хүний дуу байлаа. Тэрээр сэтгэлээрээ хэнээс ч илүү баян ажээ хэмээн гардаг. Данияр бусад эрэгтэйчүүдээс юугаараа ялгаатай вэ гэвэл тэрээр Жамильд сайн байснаас гадна тэрээр ерөөсөө дотоод ертөнц нь бүхэл орчлон хорвоо ертөнцийг хайрлах хайраар бялхаж байсанд байгаа юм. Сиет дахиж хэзээ ч түүн шиг тийм сайхан дуулдаг хүнтэй таарч байгаагүй гэж хэлдэг. Зүгээр сайхан хоолой үүнд хангалттай биш гэдгийг тодхон хэлдэг. Харин дуучин хүний сүнс нь дуу хоолойг нь амилуулдаг ажээ. Энэ үед Sufjian Stevens, Хурд хамтлаг зэрэг санаанд орлоо. Тийм ээ, сайхан дуу гэдэг сонсож буй хүний зүрх сэтгэлийг нэвтэлж өөр ертөнцөд аваачдаг билээ.

Тэр хоёр хамтдаа тосгоныг орхиж оддог. Ингэж явж одож буйд тосгоных нь хүмүүс бүгд л үгээ хэлцгээж, жаргалаа хаяж, уранхай цамц, гуталнаас өөр юмгүй залууг дагаж явсан Жамилийн тэнэгийг гайхаж байхад нөгөө зарим нь Даниярыг ална энэ тэр гэнэ. Харин энэ бүх үр дагаврыг үл тоон хаяж явсан нь Жамиль үнэхээр л омголон, түүнийг хэн ч тогтоож чадахгүй гэдгийг харуулах мэт.
Аугаа зохиолын онцлог нь уншиж байгаа хүнээ ямар нэг үйл хөдлөлд оруулж, сэтгэлийн галыг нь асаадаг, мөн уншигчид өөрийгөө олж харж, өөртөө дүн шинжилгээ хийх боломж өгдөгт оршдог мэт. Тиймээс Сиэт гэх тэр хүү Жамиль Данияр хоёроос мөрөөдлийнхөө хойноос явах хэрэгтэй гэдгийг ойлгож, зураач болох замдаа ордог билээ. Энэхүү зохиол Ромео Жульетта хоёр шиг дуусдаггүй, харин ч хүн өөрийнхөө үнэний төлөө явах ёстой юм байна гэсэн урам зоригийг өгдөг юм.
Тус зохиолд Киргиз улсын соёлын зарим онцлогийг мөн харах боломжтой. Жишээ нь: Жамиль хэдийгээр Садыкт хайргүй боловч Садык Жамилийг хулгайлж авчирсан учраас суухаас өөр аргагүй болдог. Тэгэхээр соёл нь өөрөө хайр дурлалгүйгээр суух нөхцөлийг бүрдүүлдэг гэсэн үг. Өөр нэг сонирхолтой зүйл нь Жамиль Даниярыг сонирхож байгаагаа илэрхийлж байгаа байдал юм. Тэрээр Даниярыг шоглож, тоглоом хийж, тэр ч бүү хэл маш хүнд шуудай үүрүүлдэг. Энэ бүхэн нь тодорхой хэмжээгээр Даниярын анхаарлыг татахаас гадна түүнийг сорьж байгаагийн нэг хэлбэр гэж хэлж болохоор. Харин Данияр тэр бүх тоглоом шоглоомыг нь давж гарахад шагналд нь цамцыг нь угааж өгдөг. Даниярын тийм сайхын дуулдгийг мэдээд, түүний сэтгэл зүрхний дуу хоолойг сонсоод Жамиль харин цааш тоглоомоо үргэлжлүүлж чадаагүй юм.
Ямартаа ч тус зохиолыг өөрсдөө уншвал илүү их мэдрэмжийг авах болно. Мөн тус зохиолоор лав хоёр кино хийсэн байдаг юм байна. Нэг нь 1968 онд Мосфильмийн хийсэн Джамиля кино, нөгөө нь 1994 онд Jamila нэртэй кино гарчээ. Миний хувьд оросуудын хийсэн хувилбарыг үзсэн, таалагдсан. Ер нь ном унших нь киноноос нэг давуу талтай байдаг. Тэр нь уншигч тухайн зохиолын дүрийг хүссэнээрээ дотроо дүрслэн бодож болдог. Харин кино бол зөвхөн кино найруулагчийн төсөөллөөр бүтээгддэг билээ.