logo
  • Home
  • Blog

HomeШүүмж, сэтгэгдэлЭтгээд хүн/Хөндлөнгийн хүн (1942) L’Étranger 

Этгээд хүн/Хөндлөнгийн хүн (1942) L’Étranger 

By oyuna / August 10, 2019 / Шүүмж, сэтгэгдэл / 0 Comments

Альбер Камю (Albert Camus)

Уншихад тэгж их цаг авахааргүй богинохон, өрнөл багатай энэ зохиол юуг өгүүлнэ вэ? Бидний амьдралыг үзэх үзлийг хэрхэн тэлж чадах вэ? Утга санаа гүнзгий зохиолууд амьдралын утга учрыг хөнддөг. Харин үхлийн тухай ярихгүйгээр амьдралын утга учрыг ярих боломжгүй мэт. Тиймдээ ч шилдэг зохиолууд ямар нэг байдлаар үхлийн тухай байдаг шүү дээ. Камюгийн Хөндлөнгийн хүн зохиол ч ялгаагүй.

 

Анх энэ зохиолын франц хэлнээс орчуулсан англи хувилбарыг нь уншиж байсан билээ. Дараа нь хайртай хүн маань хамгийн дуртай зохиолоо надад Г.Лхагвадуламын орчуулсан монгол хэл дээрх хувилбарыг уншихыг санал болгосон юм. Гүн ухааны шинжтэй зохиолыг ганц удаа унших хангалтгүй байдагчлан дахиад уншихад үйл явдлын өрнөл гэхээсээ илүү утга санаанд нь анхаарал хандуулж уншлаа.

 

Үйл явдлыг хамгийн товчоор хэлбэл хүн буудаж алсандаа бус ээжийнхээ оршуулган дээр сэтгэл хөдлөл гаргаагүй, нулимс унагаагүй, авсанд хэвтэж буй түүний царайг харъя гээгүй, хажууд нь “гашуудаж” суухдаа унтчихсан, кофе уусан, тамхи татсан болохоор олон нийтийн өмнө цаазаар авхуулах ял авч буй хүний тухай гардаг.

 

Залуу сэтгүүлч, роботон эмэгтэй гэх мэт танхимд цугларсан олон нийт, жирийн өдрүүдэд бол үл таних, бидний орон зайд харцаараа түрэн орох эрхгүй тэдгээр хүмүүс яагаад ч юм өөрсдийгөө түүнийг шүүх эрхтэйд тооцож, нүд салгалгүй ширтэж, сэтгэлийн гүн рүү нь өнгийхийг оролддог. Мөн гэмт хэрэгтэн амьдралыг нь арай сонирхолтой болгож байгаа ч юм уу даа. “Хэргийг чинь жаахан хачирласан тал бий. Зун цагт мэдээ ховордоод хэцүү байдаг юм. Эцгийгээ нухчихсан эр та хоёрын хэргээс өөр сонин хачин ер алга” гэсэн сурвалжлагчийн үгнээс харагдана.

 

Мерсо үнэхээр ээжийгээ нас барсанд гашуудаагүй юу? Марид жинхэнээсээ хайртай байгаагүй юу? Тэрээр үнэхээр сэтгэл хөдлөл багатай хүн мөн үү? Аль эсвэл ерөөсөө энэ бүхэн түүний хэлдгээр чухал биш үү?

Мерсо бурхан байдаг гэдэгт итгэдэггүй. Гэрлэх ёстой гэж боддоггүй. Хэн нэгэн өөрийг нь аврах байх хэмээн хүлээдэггүй. Мөн үхлийг гашуудахаар тийм муухай зүйл гэж боддоггүй, амьдрал ч бас зуураад байхаар тийм үнэ цэнтэй биш шүү дээ гэдэг. Ээж нь нас барсан ч Мерсо амьдралаа өмнөх шигээ үргэлжлүүлсээр байсан нь түүний “буруу” юм шиг. “Гэхдээ хэн нэгэн өөд болоход яагаад ч юм хүн бүр л өөрийгөө буруутгадаг”…“Мамон хэдийгээр өөд болсон ч дахиад л нэг ням гариг дуусаж, буцаад л ажилдаа явна гэж бодохоос амьдралд минь үнэндээ юу ч өөрчлөгдөөгүй нь мэдрэгдэнэ”.

 

Хүмүүсийн өөрсдөөсөө ч арайхийн нуудаг үнэнийг илчилж, бусдыг итгүүлсний хүчинд өөрсдөө итгэдэг тэр итгэл үнэмшлийг нь ганхуулсан нь түүнийг буруутай болгосон мэт. Тийм ээ, үнэн гэвэл хүн хамгийн дотны хүндээ дандаа сайхан хандаж, сайхнаар боддоггүй. “…хүн бүр хайртай хүнээ үхээсэй гэж хааяа хүсдэг шүү дээ…”Янаг харилцаа ч гэсэн дандаа хайраар дүүрэн байдаггүй. Заримдаа бид ойр дотны хүмүүсээсээ ч залхдаг.

 

Хүмүүс өдөр бүр нэг л зүйлээ давтан хийгээд, яагаад ч юм амьдрал нь хэзээ нэгэн цагт нэг чухал зүйлд хүргэнэ хэмээн итгэж, үхэж байгаа хүнийг өрөвдөж, өөрсдөө үхээгүй гэдэгт бурханд нууцхан талархаж явдаг. Гэвч эрт, орой хэзээ нэгэн цагт бүгд л үхнэ, харин эрт, орой хэзээ үхэх нь тийм чухал ялгаа гарахаар амьдардаг гэж үү, бид? “Хүмүүс хэзээ ч амьдралаа өөрчилдөггүй, хүн бүрийн амьдрал угтаа адилхан байдаг…”, “тэгээд л хүн гэдэг ганц өдөр амьдарсан ч шоронд зуун жилийг түвэггүй өнгөрөөж чадах юм гэдгийг ойлгосон доо”.

 

Болж буй үйл явдлууд ямар нэг сэжмээр холбогддог, хувь тавилан байдаг гэж ихэнх хүмүүс итгэхийг хүсдэг. Амьдралаа харж байсан тэр өнгөт шилийг нь нэг хүн үгүй хийчихийг тэд хүсэхгүй. “Та миний амьдралыг утгагүй байгаасай гэж хүсээ юу” гэж байцаагч Мерсо руу орилдог. “Чамд итгэхийг хүсэхгүй байна. Огт өөр амьдралыг чи хүсдэг л байж таараа” гэж лам түүнд хэлдэг. “Үнэндээ итгэл үнэмшил гээч нь эмэгтэй хүний ширхэг үсний ч үнэгүй”. Түүнийг нийгмээс тонилгож, үхэл рүү илгээснээр сая тэд урьдынхаараа амьдрах боломжтой болж байгаа мэт.

 

Мерсогийн ажиглалт, эргэцүүлэл, бусадтай харилцаж буй байдлыг номноос уншихад тэрээр үнэхээр л хөндлөнгийн хүн мөн. Гэхдээ тэр муу хүн биш. Зүгээр л худлаа ярих дургүй хүн. “…(би) хэлэх юмгүй үедээ дуугүй л байдаг” гэдэг нь тэрээр ёсорхуу, хиймэл, худлаа зан гаргадаггүйг харуулж байна. Хэрэв чи аниргүйг дээрдүүлж чадахгүй бол дуугай байсан нь дээр гэдэг үг байдаг шүү дээ. Мерсо амьдралын тухай эргэцүүлсэн учраас, тэрээр үхлийн мөн чанарыг тунгаасан учраас, өөрийн гэсэн бодолтой учраас болж буй үйл явдлуудад барьц алдаагүй.

 

Түүнийг “Францын ард түмэн хэмээх хийсвэр нэрийг барьж…бусдын л адил дотуур хувцсаа сольдог (эсвэл зүгээр л шээдэг, баадаг гээд хэлчихсэн ч болохоор) хүмүүс шийдвэрлэсэн” нь хэнд ер нь цаазаар авах ял оноох эрх байгаа юм бэ?  гэсэн асуулт төрсөн шүү. Шүүх, олон нийт түүний хүн алсан үйлдлийг нь бус дотоод мөн чанар, хүн чанарыг нь шүүдэг. Өмгөөлөгч нь ч тэр Мерсогийн үйлдсэн хэрэг ээжийнх нь оршуулгатай хамаагүй хэмээн түүнийг өмгөөлдөг ч, үнэхээр сэтгэл хөдлөл гаргаагүй гэсэн “баримтыг” бол өмгөөлж чаддаггүй.

 

Мерсо хүн алсан нь мэдээж буруу, нарны гялбаанаас болсон эсэх нь ч үүнийг зөвтгөх шалтгаан болохгүй. Тиймээс хийсэн үйлдлийг шүүж болох юм. Гэхдээ хүний мөн чанарыг шүүж бид чадах болов уу? Бусдын сэтгэл рүү бид хүссэнээрээ өнгийгөөд мэдчихэж болно гэж үү? “Эхийгээ оршуулахдаа зүрхэндээ гэмтэн байсных нь төлөө би энэ хүнийг буруутгаж байна” гэж прокурор хэлдэг…

Хамгийн муухай нь бас шударга бус нь өөрсдийнхөө амьдралыг эргэцүүлж байгаагүй, өөрсдийнхөө сэтгэл рүү өнгийж үзээгүй мөртлөө өөр нэгнийхийг газрын зураг шиг дэлгээд, бас ойлгочихно гэж тэд бодож байгаа юм. Тэгэхээр тийм хүмүүсээс өршөөл гуйна гэж үү? “Ялтны суудалд суугаа хүнд боломж олгох нь л бүхнээс чухал гэдгийг удалгүй ухаарсан юм” гэж Мерсо эргэцүүлдэг.

 

Мерсо бусдын харахыг хүссэнээр ээжийнхээ хойноос гашуудаагүй, гэхдээ ээжийнх нь үлдээсэн ухаарал, үлгэр дуурайл түүнтэй үргэлж хамт байсан. “үхэлтэй нүүр тулсан…түүний (ээжийгээ хэлж байна) хойноос гашуудах эрх хэнд ч байхгүй….”

Тэрээр цаазын ял авсны дараа үхэхийг хүсээгүй, түүнд “өршөөл эрэх” боломж байсан, гэхдээ амьдралын утга учрыг эргэцүүлсний эцэст “явахаар” шийддэг. Цаазаар авахуулахын өмнөх шөнөө Мерсо “…анх удаа би ертөнцийн аядуу зөөлөн, хайхрамжгүй байдал, үл тоомсорлохуйд өөрийгөө нээв” хэмээн сэтгэлийн эрх чөлөөг олж байгаагаар зохиол дуусдаг.

Амьдрал онцгой утгатай биш байвал яах уу? Болж буй зүйлс зүгээр л тохиолдлын байвал яах уу? Тэгвэл үхэл ч бас тийм аймшигтай биш байж болох юм. Магадгүй энэ бүгдтэй зүгээр л эвлэрчихвэл бүрэн дүүрэн амьдарч болох юм.

 

 

 

Tagged to: амьдралын утга учир камю үхэл хөндлөнгийн хүн

Share this post, choose your Platform!
31
Jul

“Every Little Thing” дуу

Every little thing by Peter Doran   Урлаг хүнд хүрэхдээ амархан. Ихэнх дуунууд хайр дурлалын тухай байдаг бол Минимализмын тухай, шуналгүй, энгийн амьдрахыг уриалсан дуу бас байдаг юм байна шүү. The Minimalists-уудын нэг подкастаас Every Little Thing буюу орчуулбал Жижиг зүйл бүхэн хэмээх энэ дууны тухай олж мэдсэн юм. Энэ дууны бичлэгийг сонирхолтой нь эртний эдлэл зардаг

Минимализм by oyuna and has 0 Comments
22
Dec

Монголын ёс суртахуун

Д. Баатар, Ж.Бор нарын бичсэн Монголын ёс суртахуун нэртэй, 140 хуудастай номыг уншиж дуусгалаа. Сонирхолтой санагдсан болохоор зарим санаа, эшлэлүүдийг тэмдэглэв.   Энэ номонд бичсэн гурвалсан сургаалиуд нь таалагдсан: “Өсөхийн цагт санууштай нь Хүмүүжил, хичээл, сэтгэл гурав” гэжээ. Хүнд сэтгэл гэдэг зүйл төрөлхөөс заяадаг гэж бичжээ. Тэгээд сэтгэл гэдэг бол хүний гал гэж хэлсэн байна. Гэхдээ

Шүүмж, сэтгэгдэл by oyuna and has 2 Comments
Leave a comment Click here to cancel reply.
FOLLOW US

© 2020