Эйми Тэнн хэмээх зохиолч “Би хүмүүсийн дунд байхдаа ч ганцаарддаг байж болох юм” гэж хэлжээ. Энэ ч бас үнэн үг шүү. Заримдаа өөрөөсөө тэс ондоо хүмүүстэй хамт байхад ганцаараа байхаас ч илүү ганцаардах тохиолдол бий. Тэгэхээр ганцаардал гэдэг нэг талаар биет байдлаар илэрхийлэгдэх боловч, нөгөө талаар энэ чанарын үзүүлэлт юм байна. Гэрлэсэн, олон хүүхэдтэй, олуулаа амьдардаг хүн ганцаарддаг байхыг үгүйсгэхгүй.
“Дэлхийд танигдсан мөртлөө маш ганцаардмал байна гэдэг хачирхалтай зүйл шүү” гэж Альберт Эйнштейн хэлсэн байх юм. Нээрээ л алдартай хүмүүс хэн бүхний мөрөөдлийн амьдралаар амьдардаг гэж бид боддог. Гэтэл бас тийм биш ажээ. Үнэндээ алдартай мөртлөө амиа хорлосон олон хүмүүсийг түүх хэлнэ. Робин Уильямсийн хэлсэн үг их таалагдлаа: “Амьдралын хамгийн аймшигтай зүйл бол ганцаараа үлдэх гэж би боддог байсан. Гэтэл амьдралын хамгийн аймшигтай зүйл бол гав ганцаар гэсэн мэдрэмж төрүүлдэг хүмүүстэй үлдэх юм байна” гэж хэлжээ.
Фредрих Ницще харин ингэж хэлжээ: “Хүн бүлгийн дарамт шахалтаас гарах гэж ихэд тэмцэж зүтгэх хэрэгтэй байж ирсэн. Гэхдээ ингэж хичээхэд тэр хүн ихэвчлэн ганцаарддаг, мөн заримдаа айдаст автдаг. Гэвч өөр өөрийгөө алдахаас илүү том гарз гэж байхгүй” гэсэн байна. Тэгэхээр заримдаа бүлгийн ашиг сонирхолтой байнга нийцүүлэх хэрэгтэй болоход хүн өөрийгөө алддаг байж болох юм. Харин бүлгийн ашиг сонирхолоос зөрөх үед ганцаардлыг даван туулах хэрэгтэй болдог мэт. Харин энэ үед өөрийгөө алдах уу эсвэл бүлгээс холдох уу гэдгээ шийдэх хэрэгтэй болдог байх нь. Мэдээж бүх зүйл дээр ашиг сонирхол зөрнө гэж байхгүй шүү дээ. Хүн өөрөө хэдий үед ганцаараа байхаас айхгүйгээр өөрийнхөөрөө байх вэ гэдгээ мэддэг л байх хэрэгтэй. Энэ л үед тэр хүний үнэт зүйлс тодорч ирнэ. Тэгвэл таны үнэт зүйлс юу вэ? Бусдын өмнө буруудаад ч хамаагүй үл худалдах тэр үнэт зүйл чинь юу вэ? гэж танаас асууя.
Оросын удирдагч, ерөнхийлөгч Валидимр Путин ингэж хэлсэн байна: “Өөрийгөө зөв гэдгээ батлахын тулд зарим үед ганцаардах нь гарцаагүй хэрэг”. Энэ хүн тэгэхээр Ницщегийн хэлдгээр олны нөлөөнд амархан автдаггүй, өөрийнхөө зөв гэдэгт итгэх үедээ ганцаардахаас айдаггүй юм байна. Путиныг хараад удирдагч хүнд байвал зохих зүрх зориг түүнд байх шиг санагддаг. Ер нь заавал удирдагч гэхээр улсын ерөнхийлөгч ч гэдэг юм уу, ямар нэг удирдах албан тушаал дээр байх албагүй л дээ. Харин хүн өөрөө өөрийнхөө удирдагч байх нь чухал. Хүн бүр ганцаардахаас айхгүйгээр өөрөө өөртөө эзэн байж чадах юм бол өнөөдрийн авлигаар бүхнийг шийддэг завхарсан нийгэм байхгүй байх байв.
“Ганцаардал нэг бол бодлогоширонгуй, нэг бол хоосон байдаг” гэж Мэйсон Күүли гэгч хүн хэлжээ. Нээрээ л тийм байдаг шүү. Хоосон үедээ ганцаар байх үед дотроо дүүргэдэг, харин бодлогоширонгуй байх үед бидний ганцаардал бүтээлч болдог байж болох юм.
Ямартаа ч ганцаардлыг би илүү эерэг талаас нь харж бичлээ. Мэдээж хүн өөрийгөө ойлгож таниагүй бол хэдэн ч хүнтэй хамт байсан тэрхүү хоосон хөндий зай байсаар л байх болно. Хүн өөрийгөө таньсан цагт наад зах нь дуртай ажлаа хийнэ, өөрийг нь ойлгох, ижил үзэл бодолтой хүмүүсээр хүрээлүүлнэ. Тийм учраас ганцаараа байх хугацааг алдагдсан өөрийгөө олж авах боломж гэж харж болох юм.