5 халбага элсэн сахар
By oyuna / September 9, 2019 / Бодрол / 0 CommentsӨнөөдөр ажил руугаа алхах замдаа төлөвлөсөн ажлаа хэрхэн сайн гүйцэтгэх вэ гэдэг талаар дахин нэг бодож явлаа. Яагаад дахин нэг вэ гэж үү? Учир нь хийх ажлаа төлөвлөж биччихээд тэдгээрээс зөвхөн хагасыг нь л биелүүлчихээд байдаг юм. Хагас хагасдаа хамгийн чухал бишүүдийг нь.
Яагаад ч юм яг чухал хийх ёстой зүйл нь яг юу вэ гэдгийг мэддэг мөртлөө яаж ийгээд л хамгийн амар хялбараас нь хийчихээд байдаг муу зуршилтай. Тэгээд энэ ажлыг дуусгана гээд бодсон мөртлөө дуусч өгдөггүй сунжраад байдаг бас нэг муу талтай. Өгүүлбэр дуусгахын тулд цэг тавьдаг шиг эхэлсэн ажил хэзээ дуусах дээр цэг тавих ёстой юм шиг. Бас тэрхүү зорьсон зүйлээ хугацаанд нь хийж дуусгахын тулд тогтмол хийж байж дуусах учиртай. Яг л гэрээсээ гараад Зайсан толгой хүртэл алхана гэж үзвэл алхам тутам Зайсан толгой руу ойртуулдаг шиг.
Гэтэл хийж буй ажлаасаа яаран үр дүн хүлээснээсээ болж нэг л урагшлахгүй байгаа юм шиг санагдаж нөгөө ажлаа үргэлжлүүлж хийх хүсэл сонирхолгүй болчихдог. Зүйрэлбэл, нэг савтай элсэн чихрийг халбага халбагаар өөр сав руу юүлж байна гэж төсөөлбөл, эхний 5 халбагыг хоосон саванд хийсэн ч дүүрэн байсан саванд ямар нэгэн мэдэгдэхүйц өөрчлөлт гарахгүй. Харин нилээн олон халбага хийсний дараа өөрчлөлт гарч буй нь мэдрэгдэнэ.
Турахыг хүсч байгаа хүнээр жишээ авъя л даа. Эхний өдөр турахаар шийдэж жингээ үзэхэд 60 кг байлаа гэж бодъё. Зорьсон жин нь 50 кг. Хоолоо хасч, дасгал хийж эхлээд маргааш нь жингээ үзлээ. Онц өөрчлөлт гарсангүй. Маргааш нь мөн хоолоо хасдагаараа хасч дасгалаа хийгээд бас л жингээ үзтэл дорвитой өөрчлөлт гарсангүй. Ингээд тухайн хүн шантарч эхлэнэ. Турахгүй байна юу нь болохгүй байна. Ингээд ч нэмэр алга гээд. Яг л эхний 5 халбага элсэн чихэр саван дахь элсэн чихрийг мэдэгдэхүйц багасгаж чадахгүйтэй адил.
Тиймээс би бодлоо л доо. Тухайн зорилго төлөвлөсөн зүйлээ хийж гүйцэтгэхийн тулд нэгдүгээрт, тэрхүү ажлыг хэзээ дуусгах хугацаа тавих, хоёрдугаарт, зөвхөн чухал ажлаа эхлээд хийх, гуравдугаарт үр дүн харах гэж яарахгүй байх нь чухал юм байна гэж.
Нийтлэлийг бичсэн: JHS