Цэвэрхэн байх тухай цуврал №3 Гэрээ хэрхэн цэвэрлэх вэ?
By oyuna / January 22, 2021 / Эрүүл амьдрал / 0 CommentsЦэвэрхэн байхын ач холбогдол цувралын 1, 2-р хэсэгт дурдсанчлан тоос, бохирдол нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг билээ. Ялангуяа цар тахлын үед гэр орноо цэвэрхэн байлгах нь өмнөхөөс илүү чухал болоод байна. Дараах зөвлөмжийг уншсанаар гэрээ цэвэрхэн байлгах тодорхой арга техникийг мэддэг болж цаг, эрчим хүчээ хөнгөвчлөхийн зэрэгцээ зугаатай байдлаар гэрээ цэвэрлээд үзээрэй. Үүнд гэр бүлийн гишүүдээ татан оруулж болно.
Бид заримдаа зарим зүйлсийг цэвэрлэхгүй орхидог. Хөглөрсөн юмнуудаа хурааснаа гэрээ цэвэрлэчихлээ гэдэг. Эсвэл нэг зүйлийг барьж авснаа өөр зүйлийг хийж эхлэх гэх мэт дэс дараалалгүй цэвэрлэдэг. Тиймээс гэрээ цэвэрлэхдээ юуг, хэрхэн цэвэрлэхээ мэдэж байвал ийш тийш холхиж цаг алдах шаардлагагүй. Цэвэрлэх болгондоо хийх зүйлс нь адил байвал энэ нь яваандаа хэвшил болж хаанаас эхлэх вэ гэж бодох шаардлагагүй болдог байна. Тиймээс мэдэж байхад илүүдэхгүй үүднээс дараах зөвлөмжийг хүргэе.
Цэвэрлэгээ эхлэхдээ анхаарах зүйлс:
- Дээрээс доош – дээр байгаа тоос, бохирдолыг эхлээд цэвэрлэх нь цэвэрхэн зүйл дахиад бохирдохгүй байхаас сэргийлнэ.
- Зүүнээс баруун – ийм байдлаар хамруулах нь зарим зүйлсийг орхигдуулахгүй байхад тустай
- Цэвэрлэгээний багаж хэрэгслээ бэлдэж, хэрэглэхэд нэг дор байрлуулаарай (Martin, 2020).
- Жинхэнэ цэвэрлэгээ эхлэхээс өмнө энд тэнд хөглөрсөн зүйлсээ хураана. Жишээ нь: ном, сэтгүүл, тоглоом, хувцас г.м. Орой бүр 15 минутанд хөглөрсөн зүйлсээ хурааж заншвал цэвэрлэгээ хийхэд бага цаг зарцуулна (Now from Nationwide, 2020).
- Тавцангуудаа ариутгагч бодис бэлтгэн арчих – 4 том халбага содыг 1л усанд уусган бэлдэж болно.
Юуг цэвэрлэх вэ гэж бодож цаг алддаг тул цэвэрлэх тоолондоо дараах жагсаалтанд буй зүйлсийг (Department of Health, 2010) цэвэрлэх ёстойгоо мэдэж байвал мөн цаг бага зарцуулна.
Гал тогоо.
- Аяга тавгаа угаах
- Ширээ болон хоол бэлтгэдэг тавцанг цэвэрлэх
- Хогийн саван дахь хогийг хаяж, савыг угаах
- Шалаа шүүрдэж, угааж арчих
- Аяга тавагны шүүгээний дотор хэсэг, тавиур болон гадна талыг арчих
- Плитка болон шарах шүүгээг арчиж цэвэрлэх
- Хөргөгчөө цэвэрлэж, муудсан хүнс байвал хаях.
- Хана, цонхоо арчих
Угаалгын өрөө.
- Карант болон ваннаа угаах
- Шалаа арчих
- Толь, тавиур зэргийг арчих
- Алчуураа солих, шалны дэвсгэрийг цэвэрлэх
- Ханаа угаах
- Угаалгын машинд алчуур, ор дэвсгэрийн даавуунуудаа угаах.
- 00-оо цэвэрлэх
Унтлагын өрөө.
- Шалаа шүүрдэх эсвэл тоосыг нь соруулж, арчих
- Хувцасны шүүгээгээ янзлах
- Тавиур, тавцангийн тоосыг арчих
- Цонх, цонхны тавцангаа арчих, хөшгөө угаах
- Ор дэвсгэрийн даавуугаа угаах, матрасс зэргээ сэгсрэх
- Цонхны тороо цэвэрлэх
Зочны өрөө болон тагт.
- Тагтны болон том өрөөний шалыг шүүрдэх эсвэл тоосыг нь соруулах
- Тавиур болон шүүгээний тавиур зэргийн тоосыг арчих
- Цонхны тавцан, цонхоо угаах, хөшгөө угаах
- Цонхны тороо цэвэрлэх
Гэрээ хэр тогтмол цэвэрлэх вэ?
Гэрээ хэр тогтмол цэвэрлэх нь дараах хүчин зүйлсээс хамаарна:
- Гэрт хэдэн хүн амьдардаг вэ?
- Гаднаас бусад хүмүүс хэр их орж ирдэг вэ?
- Гэрт амьдарч буй хүмүүс хэр цэвэрч нямбай вэ? Тухайлбал, хоолны идсэний дараа аяга тавгаа угаадаг уу?
- Гэрийн тэжээмэл амьтан байдаг уу? Байдаг бол хэр олон бэ?
- Гэрт өвчтэй хүн амьдардаг уу? Жишээ нь: арьсны өвчтэй хүн
- Цаг агаарын байдлаас хамаарна. Жишээ нь: цас их орсон эсвэл шуургатай үед тоос шороо, бохирдол гаднаас ихээр орж ирдэг.
Юуг цэвэрлэх вэ гэдгээс хамаараад цэвэрлэх давтамж нь өөр байна:
Өдөрт хэд хэдэн удаа цэвэрлэх
- Хоол бэлтгэсний дараа тавцанг арчиж цэвэрлэх
- Хоолны дараа аяга таваг, хоолны саваа угаах
Өдөрт нэг удаа цэвэрлэх зүйлс
- Шалаа шүүрдэх
7 хоногт нэг юмуу хоёр удаа хийх зүйлс
- Шалаа угаах
- 00-оо угаах
- Карант болон ванныг угаах
- Гадаргууны тоосыг арчих
- Хувцас болон ор дэвсгэрийн даавуугаа угаах
Сард нэг удаа хийх зүйлс
- Шарах шүүгээ болон хөргөгчөө цэвэрлэх
- Шүүгээ, цонх, ханаа арчиж цэвэрлэх
- Цонхны тороо арчих
Нөхцөл байдлаас хамаараад дээрх давтамжаас илүү олон цэвэрлэх шаардлагатай болж магадгүй гэдгийг анхаарна уу. Жишээ нь: баяраар гэрт олон хүн цугласан тохиолдолд 00, угаалгын өрөө урьдынхаас илүү хурдан бохирдоно.
Эх сурвалж:
- Department of Health. (2010, November). House hygiene—cleaning. https://www1.health.gov.au/internet/publications/publishing.nsf/Content/ohp-enhealth-manual-atsi-cnt-l~ohp-enhealth-manual-atsi-cnt-l-ch3~ohp-enhealth-manual-atsi-cnt-l-ch3.4
- Martin, B. (2020, April 26). 15 Secrets to Cleaning Your Home in Half the Time. https://www.popularmechanics.com/home/interior-projects/how-to/g1238/15-secrets-to-cleaning-your-home-in-half-the-time/
- Now from Nationwide. (2020, September 4). How to Clean Your House Fast: 11 Efficient House Cleaning Tips [Video]. https://blog.nationwide.com/how-to-clean-house-fast/