logo
  • Home
  • Blog

HomeВеган амьдралын хэв маягJoaquin Phoenix-ийн (Йокин Финиксийн) хэлсэн үг

Joaquin Phoenix-ийн (Йокин Финиксийн) хэлсэн үг

By oyuna / March 3, 2020 / Веган амьдралын хэв маяг, Шүүмж, сэтгэгдэл / 0 Comments

Joker буюу Алиалагч киноны гол дүрд тоглосон жүжигчин Joaquin Phoenix-ийн Оскарын шагнал авахдаа хэлсэн үгийг сийрүүллээ:

 

“Би яг одоо маш их талархаж байна. Гэхдээ бусад нэр дэвшигчдээсээ өөрийгөө илүү гэж мэдрэхгүй байна. Мөн энд байгаа аль ч хүнээс өөрийгөө илүү гэж мэдрэхгүй байна. Учир нь бид бүгдээрээ кино урлагт хайртай. Илэрхийллийн энэхүү хэлбэр нь надад гайхамшигтай амьдралыг бэлэглэсэн. Би үүнгүйгээр ямар байх байснаа хэлж мэдэхгүй байна. Гэхдээ надад болон энд байгаа аль ч хүнд байгаа хамгийн том бэлэг бол дуу хоолойгүй бодгалиудын төлөө дуу хоолойгоо ашиглах боломж билээ. Бид бүхний өмнө тулгарч буй сэтгэл өвтгөмөөр зарим асуудлын тухай би бодсоор ирсэн. Гэхдээ заримдаа бид өөрсдөө эсвэл биднийг өөр өөр зүйлийн төлөө зүтгэдэг юм шиг мэдэрдэг эсвэл тэгж санагдуулдаг. Гэхдээ миний хувьд би нийтлэг зүйлийг харж байна. Бид нар жендэрийн тэгш бус байдлын тухай ярьж байлаа ч эсвэл арьс өнгөний үзэл эсвэл күийр эрхийн тухай эсвэл уугуул нутгийн иргэдийн эрх эсвэл амьтны эрхийн тухай ярьж байхдаа бид шудрага бус байдлын эсрэг тэмцлийг ярьж байдаг. Бид нэг үндэстэн, нэг хүмүүс, нэг жендэр, нэг арьстан эсвэл нэг (амьтны) зүйл дэлхийг давамгайлах эрхтэй, ямар ч шийтгэл, төлөөс төлөхгүйгээр бусдыг ашиглаж, мөлжих эрхтэй гэсэн итгэл үнэмшлийн эсрэг тэмцлийн тухай ярьж байдаг. Бид эх байгалиасаа холдож хөндийрсөн юм шиг санагдаж байна, бидний олонхын гол буруу бол өөртөө төвлөрсөн ертөнцийг үзэх үзэл; бид бол – ертөнцийн төв хэмээх үзэл юм. Бид байгаль дэлхийн нөөц баялгийг тонож дээрэмддэг. Бид үнээг хиймлээр хээлтүүлэх эрхтэй гэж өөрсдийгөө боддог. Тугаллахад нь үнээний тарчлан уйлах нь андуурах аргагүй ч бид хүүхдийг нь хүчээр салгаж хулгайлж авдаг. Тэгээд тугалд нь зориулагдсан сүүг нь бид авч, кофендоо эсвэл өглөөний хоолондоо хийж уудаг. Бид өөрсдийгөө өөрчлөх тухай үзэл санаанаас айдаг. Гэхдээ хүн төрөлхтөн зохион бүтээгч, бүтээлч, цайлган сэтгэлтэй үедээ хамгийн сайхан байдаг. Бид хайр, энэрэнгүй үзлийг биднийг хөтлөх зарчим болгох юм бол бид ухамсарт амьтад болон байгаль орчинд тустай тогтолцоог бүтээж, бий болгож, хэрэгжүүлж чадна. Би бүхэл амьдралынхаа турш өөдгүй новш байсан, би хувиа хичээгч байсан, заримдаа харгис, хамт ажиллахад хэцүү байсан. Энэ өрөөнд байгаа та нар дотроос олон хүн надад хоёр дахь боломж өгсөнд би маш их талархаж байна. Тиймээс бид бие биенээ өнгөрсөн алдаанаас нь болж үгүйсгэх биш харин бие биенээ дэмжиж, өсч хөгжихөд нь тусалж, бие биендээ зааж сургаж, гэм буруугаа залруулахад нь залж чиглүүлэх үедээ бид хамгийн сайхан байдаг. Энэ бол хүн төрөлхтөний хамгийн сайхан зүйл. Миний ах 17 настай байхдаа энэ дууны үгийг бичсэн юм, тэрээр: “[бусдыг] аварч туслах үедээ хайр дүүрэн очоорой, тэгвэл энх тайван аяндаа бий болно” гэсэн. Баярлалаа.”

 

Хэлсэн үг нь надад үнэхээр таалагдсан. Joker хэмээх кинонд дүрээ маш сайн бүтээж чадсан учраас шагнал авсан. Гэхдээ шагнал авахдаа хэлсэн үг нь нөгөө л киноныхоо тухай ярьж, өөрийнхөө ялалтдаа ганцхан хөөрч догдолж, киноны багтаа баяр хүргэдэг шиг нэг хэвийн байсангүй. Тэрээр тэрхүү тайзыг, үг хэлэх боломжийг кино жүжигчид болон нийт үзэгчдэд хандаж бид бүгдэд хамаатай маш том зорилгын төлөө ашигласан. Энэ нь зөвхөн хүн төрөлхтөн бус, бидэнтэй холбоотой, бидний хийж буй үйлдлээс болж зовж байдаг бусад амьтад, байгалийг бүхэлд нь хамарсан байснаараа үнэхээр онцгой бөгөөд Оскарыг шинэ түвшинд аваачсан гэдэгт итгэлтэй байна. Энэ хүн зүгээр л нэг жүжигчин биш, бид ч бас зүгээр нэг үзэгчид биш гэдгийг бидэнд харуулж, амьдралд гүйцэтгэдэг “дүр”-ээ эргэж харахыг зөвлөсөн. Бидний өдөр тутамдаа юу ч бодолгүй хийдэг, зуршил болсон идэж хэрэглэдэг зүйлс маань гэмгүй биш гэдгийг ойлгуулахыг хичээсэн. Хүн байхын утга учрыг дахин сануулсанаараа Joker гэдэг кино өөрөө, мөн киноны утга санааг өргөжүүлж бидний харааг өөр том тавцанд чиглүүлснээрээ онцгой ач холбогдолтой байлаа.

 

Joaquin Phoenix ахынхаа бичсэн дууны үгээс иш татах үед түүний хоолой зангирч байгаа нь үнэхээр сэтгэл хөдлөм байсан. Ах (River Phoenix) нь 23-тайдаа сэтгэц нөлөөт бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан юм байна лээ. Финикс олон кинонд дүрээ маш сайн бүтээж чадсан бөгөөд та бүхэн сонирхож байвал бусад киног нь үзээрэй. Финикстэй хамтран ажиллаж байсан мэргэжил нэгтнүүд нь түүнийг бүтээлч, суут, өвөрмөц, хүнлэг, өгөөмөр гэж магтдаг юм байна лээ. Финикс тэрхүү кинонуудад бүтээсэн дүрүүдээрээ хэд хэдэн удаа шилдэг жүжигчний төрөлд Оскарт нэр дэвшиж байсан. Тэдгээр кинонуудыг дурдвал: The Master (2013), Walk the Line (2006), Gladiator (2001), Her (2014). Миний хувьд Her гэдэг киног саяхан үзсэн. Финиксийн хамгийн бахархууштай нь кино урлагаас гадна амьтны эрхийн төлөө хийдэг ажил үйлс нь юм. Тэрээр олон нийтийн анхаарлыг амьтны эрхийн асуудал руу татахад нэр алдараа ашигладаг. Та бүхэн түүний тоглосон дараах амьтны эрхийн тухай суртчилгааг сонирхож үзээрэй:

 

Талархалын баяраар цацагт хяруул идэхгүй байхыг уриалсан (бид ч бас цагаан сараар хонь алж ууцыг нь ширээн дээр тавьдгаа болих хэрэгтэй): https://www.youtube.com/watch?v=DTwkQ-l0Hmo

 

Загас уснаасаа гарч ирэхэд ямар их тарчилдгийг харуулсан (гурван настайдаа загас барих үед загас ямар их тарчилдаг болохыг хараад Веган болсон юм байна лээ):

https://www.youtube.com/watch?v=Ij3W0BetI60

 

Финикс яагаад веган, мөн ноосоор хийсэн хувцасыг яагаад хэрэглэхээс татгалзсан тухай:

https://www.youtube.com/watch?v=deHNomts8bo

 

Мөн тэрээр веган байхын ач холбогдол, байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөө, мах, сүүний бизнесийн жинхэнэ дүр төрх, цусан бизнесийг харуулсан Earthlings(2005), Unity(2015), Dominion(2018) баримтат киног хүүрнэсэн, What the Health(2017) баримтат кино хийжээ.

 

Ямартаа ч Йокин Финикс танд баярлалаа, ирээдүйн ажил, амьдралд тань амжилт хүсье. Олон хүмүүст урам зориг өгч, гайхамшигтай бүтээлүүдээрээ бэлэг барьж, амьтдыг зовж тарчлахаас аварч, байгаль орчинг хамгаалж явдаг үйлс тань өргөжин цэцэглэх болтугай. Хүмүүс ээ Йокинтой нэгдэцгээе!

 

 

Tagged to: Joaquin Phoenix joker веганизм оскар шударга ёс

Share this post, choose your Platform!

Айдсын тухай

Айдас бусад бүх мэдрэмжээс бид нарт хамгийн хүчтэй нөлөөлдөг мэт. Таны хамгийн том айдас юу вэ? Энэ айдсын цаана юу байна вэ? Таны айж байгаа зүйл үнэхээр болчихвол яах вэ? Мөн энэ айдас таныг юу хийхэд хүргэж, эсвэл юу хийхэд саад болж байна вэ? Гэрт идэх хоол байхгүй болчих вий гэх мэт энгийн айдсаас ажлаа

Бодрол by oyuna and has 1 Comment
22
Jan

Цэвэрхэн байх тухай цуврал №3 Гэрээ хэрхэн цэвэрлэх вэ?

Цэвэрхэн байхын ач холбогдол цувралын 1, 2-р хэсэгт дурдсанчлан тоос, бохирдол нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг билээ. Ялангуяа цар тахлын үед гэр орноо цэвэрхэн байлгах нь өмнөхөөс илүү чухал болоод байна. Дараах зөвлөмжийг уншсанаар гэрээ цэвэрхэн байлгах тодорхой арга техникийг мэддэг болж цаг, эрчим хүчээ хөнгөвчлөхийн зэрэгцээ зугаатай байдлаар гэрээ цэвэрлээд үзээрэй. Үүнд гэр бүлийн

Эрүүл амьдрал by oyuna and has 0 Comments
Leave a comment Click here to cancel reply.
FOLLOW US

© 2020