Tag: минимализм

Мөнгөө ухаалаг зарцуулах амьдралын 7 дүрэм

Мөнгөө ухаалаг зарцуулах амьдралын 7 дүрэм

Мари Хант (Seven Money Rules for Life)

Сайн байцгаана уу, та бүхэн.

 

Монголчууд нүүдэллэж амьдрахад материаллаг эд баялаг ачаа тээр болдог тул тэр дор нь үрж зарцуулах сэтгэлгээ суусан гэдэг.

Монгол нүүдэл. Ц.Шагжжав

Мөнгөний тухай хүмүүс ярихаас цэрвэдэг, тооцоотой нарийн харагдахыг хүсдэггүй, мөнгө аз жаргал авчирдаггүй хэмээн ярьдаг ч хоол хүнс, орон байр, хувцас гээд наад захын шаардлагатай хэрэгцээг мөнгөөр л худалдаж авна. Одоогийн байдлаар хувь хүмүүс өөрөө өөртөө л найдахгүй бол манай нийгэмд амьдралын баталгаа тааруу.

Кредит карт анх гарах үед түүнийг олзуурхан авч мөнгөө зохисгүй зарсны улмаас өрөнд унаж 15 жилийн дараа л тэрхүү нүхнээсээ гарч чадсан Мари Хант гэх эмэгтэйн бодит туршлагаасаа олж авсан мөнгөө ухаалаг удирдаж зохицуулах 7 амьдралын дүрмийг та бүхэнтэй хуваалцая.

Mary Hunt

Бид нар арифметик, геометр, алгебрийн томъёо цээжилж, тоо бодож сурдаг ч амьдралдаа мөнгөө хэрхэн зарцуулахад суралцаагүй байдаг. Тиймээс өөрсдийнхөө мөнгө зарцуулдаг байдалдаа дүн шинжилгээ хийж дараах дүрмийг өөртөө хэрэгжүүлэх гээд үзээрэй:

 

  1. Олдгоосоо илүү ихийг бүү үр. Америкчуудын 43% нь орлогоосоо давуулж мөнгө зарцуулдаг байна. Монголчуудын тухайд ч бас тиймэрхүү үр дүнг доорх графикаас харж болно (Дүрслэл 2). 2007-2017 оны хооронд орлого ба зарлагын хэмжээ хамтдаа өсөж буй мэт харагдавч зарлага огцом өсөж орлогоосоо бараг хоёр дахин илүү байгаа нь харагдаж байна. Бид нар баяр, нийллэгээр олдгоосоо илүү ихийг зарцуулдаг ч дараа нь цахилгааныхаа төлбөрийг төлөх мөнгөгүй хоцрох жишээтэй. Олдгоосоо давуулж үрэхгүйн тулд зарлагаа тэр бүр нь тооцох хэрэгтэй гэсэн үг. Мөнгөө хаашаа явж байгааг мэдэж байж л түүнийгээ хянах боломжтой.
  2. Үргэлж тодорхой хэмжээний мөнгийг цааш нь хийж бай. Төрсөн өдрөөр чинь хэн нэгэн мөнгө өгвөл заримыг нь хадгалах хэрэгтэй, цалин буувал мөн л заримыг нь цааш нь хий. Хүн их мөнгөтэй болох тусам илүү ихийг зарцуулах сэтгэлгээтэй байдаг. Харин одооноос ихийг олох тусам ихийг хадгалж, харин хэрэгцээндээ ижил хэмжээнй мөнгө зарцуулж байж хуримтлал үүснэ. Учир нь ихийг олсны хэрээр зарцуулах нь биднийг нөгөө л ядуурлын тойрогт үлдээдэг. Илүү их мөнгөтэй боллоо гээд заавал iPhoneX, шинэ загварын компьютер, машин авах шаардлагагүй байхгүй. Мари Хант орлогынхоо 10%-ийг хадгалахыг санал болгосон.
  3. Мөнгөө бусадтай хуваалцаж бай. Хүн мөнгөө ухаалаг зарцуулах хэрэгтэй гээд харамч бол гэсэн үг биш. Хүн өгөөмөр байж, хэрэгтэй үед нь бусдад туслахыг баян гэж хэлэх байх. Мөн бусдад тусалж шуналаа хязгаарлаж чаддаг байх хэрэгтэй.
  4. Шаардлагатай үед зарцуулах мөнгөтэй бай. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Хэн нэгэн нас барах, гэнэт машин эвдрэх, бие өвдөх, баяр тэмдэглэх гэх мэтэд мөнгө хэрэгтэй. Олж буй орлогынхоо зарим хэсгийг яаралтай, шаардлагатай үед зарцуулах мөнгөний хуримтлалдаа хийж байх. Мари Хант мөн л орлогын 10%-ийг энэ хэсэгт хийхийг санал болгосон байна.
  5. Мөнгөө хааш нь явахыг тушаадаг бай. Орлого орж ирэхэд төлөвлөгөө гаргаж мөнгөө төсөвлөж сурах хэрэгтэй. Байрны, утасны төлбөр, хоол, баяр нийллэг, хадгаламж гэх мэтэд хэдийг зарцуулах вэ гэдгээ урьдчилан төсөвлөх хэрэгтэй. Мэдээж ийнхүү төсөвлөхийн тулд ахиад л зардлаа тооцдог байх хэрэгтэй болно.

    Close up of savings jars with money
  6. Кредит картаа удирдаж сур. Саяхнаас л монголд кредит карт хэрэглээнд гарч ирсэн. Кредит карт нь хүн мөнгөгүй байсан ч гэсэн зээлээр юм худалдаж авах боломжтой болгодог. Гэхдээ кредит картаар авсан мөнгөө хугацаандаа эргэн төлөх замаар өөрийнхөө зээлийн түүхийг сайн үзүүлэлттэй байлгах нь дараа нь зээл авах гэх мэтэд чухал үзүүлэлт болдог гэж тэрээр үзсэн. Энэхүү кредит картын төлөлтийн түүх нь тухайн хүний зан чанар, найдвартай байдлыг харуулж байдаг ажээ. Мари Хант хошин маягаар болзож буй хүнийхээ кредит картных нь төлөлтийн түүхийг харвал тэр хүний тухай илүү ихийг мэдэх боломжтой гэсэн.
  7. Эргүүлж төлж чадахгүй хэмжээнээс илүү мөнгө бүү зээл. Энэхүү сүүлийн дүрэм нь өөрөө ойлгомжтой учраас нэмэлт тайлбар бараг хэрэггүй биз. Гэхдээ л эргүүлээд төлж чадаагүйн улмаас хувь хүмүүсийн хооронд итгэлцэл байхгүй болно. Эсвэл байгууллагаас авсан томоохон зээл нь хүүгийн хамт нэмэгдэж эргүүлээд төлж чадаагүйн улмаас орон байргүй болох аюултай. Тиймээс үүнийгээ нарийн тооцоолох нь зүйн хэрэг.

Мөнгөө үрэхэд их амархан цаг үед бид амьдарч байна. Хоол хийхийн оронд гадуур хооллоно, эсвэл гаднаас гэртээ хоол захиална. Гэртээ кино үзэхийн оронд кино театрт үзнэ. Алхах эсвэл автобусанд суухын оронд такси дуудна. Гэрээ хүн дуудаж цэвэрлүүлнэ. Дасгалыг гэртээ биш заавал Жимд очиж хийнэ. Цаашилбал, Улаанбаатар шиг ногоон байгууламж муутай, энд тэндгүй машин чихэлдсэн утаа тортог ихтэй газар заавал мөнгө төлж байж л цагийг зугаатай өнгөрөөх боломжтой мэт. Хүмүүсийн ихэнх нь караоке, бар клуб, видео тоглоомны газар, зоогийн газар, кофе шоп гэх мэтэд цагийг өнгөрүүлж байна. Мөн хүүхдээ тоглоомын төвд аваачиж тоглуулна, өдөр өнжүүлэхэд өгнө гээд мөнгө урсаж өгнө. Ийм маягаар “тав тухтай” амьдарвал дундаж цалинтай ихэнх хүмүүсийн хувьд мөнхийн ядуурлын ирмэг дэх тойргоосоо гарах боломжгүй.

Минимализм ба байгаль орчин: Асуудал №1 – Хуванцар сав

Минимализм ба байгаль орчин: Асуудал №1 – Хуванцар сав

Минималист амьдралын хэв маяг гэж юу болох талаар өмнө нь ярьсан билээ. 

Байгаль орчинд ээлтэй амьдрана гэдэг эрүүл мэнддээ давхар сайн зүйл хийж байна гэсэн үг. Наад захын жишээ авъя. Та цуйван гэртээ хийе гэж бодохоор яаж гурилаа бэлдэнэ дээ гэж залхуу чинь хүрдэг болохоор бэлэн гурил худалдаж авдаг уу? Гаднаас авсан гурил гэхдээ хэзээ ч гэртээ бэлдсэн шиг биед шингэцтэй, орц найрлага багатай, шинэ байдаггүйг өөрсдөө идсэн туршлагаасаа мэдэж байгаа. Нэг найз маань “юу идэж байгаадаа ач холбогдол өгч хийх юм бол хоол хийх хэцүү биш. Яг үнэндээ хоолоо хийж иднэ гэдэг хобби чинь байхаас ч чухал зүйл. Учир нь ямар нэг юм идсэн болж амьдарна гэдэг өөрөө амьдралыг амтгүй болгодог” гэж билээ. Үүнээс хойш би цуйвангийн гурилаа өөрөө бэлдэж идэхдээ залхуурахаа больсон доо. Найзын маань хувьд бууз, хуушуур ч бас амархан хоолны тоонд ордог.

Хагас боловсруулсан эсвэл идэхэд бэлэн бүтээгдэхүүнүүдийг авч идэх үнэтэй, ямар орчинд хийсэн нь тодорхойгүй, нөөшлөх бодис, хадгалсан хугацаа зэргээс шалтгаалаад эрүүл мэндэд сайн биш, мөн тэдгээрийг савлахад орсон гялгар уут, боодол сав нь байгаль орчинд хог болон гардаг. Тиймээс Минималист болсноор байгаль орчинд ээлтэй амьдрах боломжтой.

Бидний өдөр тутмын наад захын энгийн сонголтууд байгаль орчинд хэрхэн нөлөөлдөг бол? Хүн өдөрт дундажаар 2.5кг хог гаргадаг гэсэн судалгаа бий. Монгол улсад жилд 1 сая тонн хог, хоёрдогч түүхий эд гардаг байна. Зарим эх сурвалжид 1.4 сая тонн хог гардаг ч гэсэн байна. Үүнээс 24%-ийг л дахин боловсруулдаг, 1 сая тонн хогийг хөрсөнд булдаг, уг нь 1.2 сая тонн хогийг дахин боловсруулах боломжтой байдаг байна. Гэхдээ дахин боловсруулах гэдэг үнэндээ бодит амьдрал дээр хэрэгждэг зүйл биш гэдгийг удахгүй ярих болно. Өөрөөр хэлбэл, та хуванцар савтай ус худалдаж аваад түүнийгээ дахивар сав руу хаялаа гээд дахин боловсруулагдчихна гэж найдах хэрэггүй юм.

Бид өдөр тутмын сонголтоо ухамсартайгаар өөрчилснөөр өөрсдийн зүгээс өөрчлөлт хийх боломжтой. Байгаль орчинд дараах байдлаар хор уршиг тарихгүй байх энгийн, өдөр тутамдаа хэрэгжүүлж болох дараах алхмуудтай танилцацгаая:

Асуудал #1: УС, УНДААНЫ ХУВАНЦАР САВ. Дэлхий даяар минут тутамд нэг сая хуванцар сав худалдаалагддаг ба энэ тоо 2021 он гэхэд 20%-иар өсөх тооцоо байдаг байна. Та энэхүү нийтлэлийг 5 минут уншаад дуусахад 5 сая хуванцар хог хаягдал гарчихсан байгаа гээд боддоо. Хуванцар савтай усыг үйлдвэрлэхэд крантны цэвэршүүлсэн уснаас 1,000-2,000 дахин их эрчим хүч зарцуулдаг байна. Жил бүр 5-13 тонн хуванцар далайд хаягддаг бөгөөд далайн шувуу, загас бусад амьтад залгиж орхидог.

Энэхүү яст мэлхийний хоол боловсруулах замд олдсон 13 ширхэг гадны обьектийн 8 нь хуванцар байжээ.

Энэ нь эргээд хүмүүсийн ходоодонд орно гэсэн үг юм. Далайн хоол иддэг хүн жилд 11,000 жижиг хуванцар залгидаг гэсэн тооцоог Бельгид хийсэн байна. 2050 он гэхэд далай дахь хуванцарын жин нийт загасны жингээс давна гэсэн тооцоо байдаг байна. Кока Кола компани дангаараа жилд 108 тэрбум хуванцар сав гаргадаг байна (энэ тоо бол зөвхөн барагцаа тоо, учир нь Кока Кола компани хэдэн ширхэг хуванцар сав жилд үйлдвэрлэдэгээ нууцладаг).

Эх сурвалж: wastelessfuture.com
“Coke далайг боомилохыг бүү зөвшөөр” Эх сурвалж: www.greenpeace.org.uk
Карибийн тэнгис дэх хуванцар хог хаягдал. Кредит: Caroline Power-ийн 2017 онд авсан зураг.

Хуванцар сав хагарч гэмтэхгүй, тээвэрлэхэд хөнгөн, хэрэглэгчээс буцаад үйлдвэрлэгчид очих шаардлагагүй, хямд гэх мэт олон давуу талтай харагдана. Хэдийгээр хуванцарыг дахин боловсруулах боломжтой ч ихэнх тохиолдолд тэгдэггүй. Бидний хэд нь хогоо ялгаж хаядаг билээ дээ? Хэдийгээр Улаанбаатар хотод дахивар, энгийн гэсэн хаягтай хогны савнууд энд тэндгүй байрлуулсан боловч дахивар хог хаягдлын хогны сав нь янз бүрийн хогоор дүүрсэн байх жишээтэй. Дээрээс нь хуванцар савнууд дотроо ангилалтай тул дахин боловсруулах үйлдвэр тухай бүрд нь ялгах хэрэгтэй болдог байна. Өөр ангилалын савнууд нийлбэл бохирдож боловсруулах боломжгүй болдог, учир нь тэд өөр өөр дулааны хэмд боловсруулагддаг. Тиймээс дахин боловсруулах нь төвөгтэй үйл явц. Монголд жилд 400,000 ширхэг хуванцар савны хаягдал гардаг гэсэн тооцоо гарчээ (гэхдээ энэ тоо энэ янзаараа жилээс жилд нэмэгдэх байх). Америкт гэхэд л нийт усны савны 23% нь л дахин боловсруулагддаг байна. Хийжүүлсэн ундааны дэлхийн 6 том компаний үйлдвэрлэдэг нийт хуванцар савны дөнгөж 6% нь дахин боловсруулагдсан байдаг байна. Кока Кола компанийг оролцуулахгүйгээр тооцвол 5 компани нийлээд жилд 3.6 сая тонн хуванцар савны хог гаргадаг байна. Хуванцар сав нь байгальд шингэхийн тулд 5 зуун буюу 500 жил болдог байна. Дээрээс нь булсан хог хаягдлаас хорт хий ялгардаг.

 

Өөр нэг асуудал бол хуванцар сав эрүүл мэндэд хортой. Хүмүүс хуванцар савтай ус худалдаж авахдаа би ус ууж байгаа юм чинь эрүүл, зөв сонголт хийж байна гэж боддог. Харин ч ихэнх усны хуванцар савыг 1 дугаартай, PET хэмээх бодисоор хийдэг ба ялгарч буй химийн бодис нь хортой байдаг байна.

 

Усны савыг дулаан хэмд хадгалах тусам хортой бодис ялгаруулдаг байна. Флоридагийн их сургуульд хийсэн судалгаагаар антимони ба BPA хэмээх хоёр бодисын усан дахь хэмжээ халуун, дулаан хэмд хоёр дахин өссөн байна. Халуун зунаар хүмүүс аялахдаа боодол боодлоор нь ус авч яваад тэр нь халуунд хэдэн цагаар шарагддаг билээ. Антимони хэмээх бодис нь хавдар үүсгэгч хортой метал ажээ. BPA хэмээх бодис нь эстроген даавартай төстэй ба хэт таргалалт, дотоод шүүрлийн булчирхайны доголдол, хавдар зэргийг үүсгэх нөлөөтэй байдаг байна. Энэхүү бодисыг хүүхдийн угжны саванд хийхийг хориглосон байна.

 

Хэрэв та бүхэн анзаарч байсан бол хуванцар савны ёроолд нь 1-7-ийн хооронд дугаар байдаг бөгөөд дугаараасаа хамаараад өөр өөр химийн найрлагатай байдаг байна. Дан ганц ус, ундааны сав гэлтгүй бид шампунь, масло, ургамлын тос, кетчуп, угаалгын шингэний сав гэх мэт өдөр тутмын амьдралдаа бид маш олон хуванцар савны хаягдал гаргадаг. #2, #4, #5 дугаартай хуванцарууд харьцангуй аюул багатайд тооцогддог, гэхдээ л богино долгионы зууханд халаахгүй байх нь зүйтэй. Харин #1, #3, #6, #7 дугаартай хуванцарууд ихээхэн аюултайд тооцогддог бөгөөд аль болох хүнсэндээ хэрэглэхгүй байвал зохино.

#1-7 дугаар бүхий хуванцар савнууд

Шийдэл: Өөрийн гэсэн сайн чанарын дахин хэрэглэх усны савтай явж байх, хийсэн материал нь шилэн эсвэл ган (stainless steel) байвал зүгээр. Хамгийн сайн усны савнуудын тухай эндээс олж уншаарай.

Миний хувьд Zebra нэртэй халуунаа барьдаг усны ган сав хэрэглэдэг. Зуны улиралд зүгээр шилэн усны сав хэрэглэдэг. Крантны цэвэршүүлсэн ус нь хуванцар савтай усыг бодвол 240-10,000 дахин хямд тусдаг байна. Бид хуванцар савтай ундаа, ус худалдаж авахгүй байх сонголт хийснээр мөнгөө хэмнэхийн зэрэгцээ эдгээр хог хаягдлыг багасгаж цаашилбал хуванцар савны үйлдвэрт “үгүй ээ, бидэнд энэ хэрэггүй” гэж хэлж байгаа юм.

Миний байнга хэрэглэдэг усны савнууд.
“Every Little Thing” дуу

“Every Little Thing” дуу

Every little thing by Peter Doran

 

Урлаг хүнд хүрэхдээ амархан. Ихэнх дуунууд хайр дурлалын тухай байдаг бол Минимализмын тухай, шуналгүй, энгийн амьдрахыг уриалсан дуу бас байдаг юм байна шүү. The Minimalists-уудын нэг подкастаас Every Little Thing буюу орчуулбал Жижиг зүйл бүхэн хэмээх энэ дууны тухай олж мэдсэн юм. Энэ дууны бичлэгийг сонирхолтой нь эртний эдлэл зардаг дэлгүүрт хийсэн нь егөөтэй ч юм шиг, нэг бодлын тэр их үнэтэй тансаг эд хогшил эртний эдлэлийн дэлгүүртээ ч байж байг гэсэн юм шиг.

 

Алив дууны аялгуу сонсголонтой, хэмнэлтэй байхаас гадна утга нь чухал байдаг. Минимализмыг ойлгоосой гэсэндээ дууны үгийг англи ба монголоор орчуулж та бүхэнд хүргэж байна. Утгыг нь ойлгоод бас хамт дуулаад, дэлгүүр ороод ямар нэг зүйлийг авах шунал чинь хөдлөх тоолонд энэ дууг дуулж өөртөө сануулж байгаарай!

 

Жижиг зүйл бүхэн

Чамд хэрэгтэй санагдаж буй жижиг зүйл бүхэн

Чамд хэрэгтэй санагдаж буй жижиг зүйл бүхэн

Чиний шуналыг хөдөлгөж буй жижиг зүйл бүхэн

Өө, энэ бүхэнгүйгээр чи яах ч үгүй ээ

 

Чиний авах ёстой жижиг зүйл бүхэн

Чиний авах ёстой жижиг зүйл бүхэн

Хүрэх ёстой бас шүүрч авах ёстой тэр бүхэн

Өө, энэ бүхэнгүйгээр чи яах ч үгүй ээ

 

Тиймээс нүдээ салга, өө нүдээ салга

 

Гялтганаж гэрэлтдэг жижиг зүйл бүхэн

Гялтганаж гэрэлтдэг жижиг зүйл бүхэн

Ухаан санааг чинь амттайгаар солиоруулж байна

Гэхдээ энэ бүхэнгүйгээр чи яах ч үгүй ээ

 

Тиймээс нүдээ салга, өө нүдээ салга

 

Чиний шунаж буй жижиг зүйл бүхэн

Чиний шунаж буй жижиг зүйл бүхэн

Чи урьд нь яаж болж байсан бэ

Өө, энэ бүхэнгүйгээр чи яах ч үгүй ээ

 

Тиймээс нүдээ салга, өө нүдээ салга

 

Шалаар нэг таран хэвтэх новшондоо бүдрэхээс өмнө

Гэрэлтэхээ нэгэнт больсон тоостой, хаягдсан тоглоомууд

Чиний авах ёстой байсан юм бүхэн, амласан юм бүхэн

Шунаг зүрхийг чинь одоо бас мөнхөд хангах болно

 

Харцыг чинь булаах жижиг зүйл бүхэн

Харцыг чинь булаах жижиг зүйл бүхэн

Чамайг эзэмдэж, салж өгдөггүй

Өө, энэ бүхэнгүйгээр чи яах ч үгүй ээ

 

Өө, энэ бүхэнгүйгээр чи яах ч үгүй ээ

 

 

Every Little Thing

 

Every little thing, you think that you need

Every little thing, you think that you need

Every little thing that’s just feeding your greed

Oh, I bet that you’d be fine without it

 

Every little thing that you’ve gotta have

Every little thing that you’ve gotta have

That you’ve got to reach for and you’ve got to grab

Oh, I bet that you’d be fine without it

 

So tear your eyes away, oh tear your eyes away

 

Every little thing that sparkles and shines

Every little thing that sparkles and shines

It’s driving you sweetly out of your mind

But I bet that you’d be fine without it

 

So tear your eyes away, oh tear your eyes away

 

Every little thing that you’re lusting for

Every little thing that you’re lusting for

How did you ever get along before

Oh, I bet that you were fine without it

 

So tear your eyes away, oh tear your eyes away

 

Before you’re tripping over junk that’s lying scattered on your floor

The dusty and discarded toys that don’t shine any more

Every one you had to have, every one you swore

Would satisfy your greedy heart for now and evermore

 

Every little thing that catches your eye

Every little thing that catches your eye

Gets under your skin and it won’t be denied

Oh, I bet that you’d be fine without it

 

Oh, I bet that you’d be fine without it

 

 

 

Минимализм ба санхүүгийн эрх чөлөө

Минимализм ба санхүүгийн эрх чөлөө

Санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэдэг хүссэн үедээ хүссэн юмаа авахыг хэлэхгүй. Шинэ загварын утас, машин, зурагт, компьютерийг бусдаас хоцрохгүйгээр урьтаж авах чадварыг хэлэхгүй. Хүн Хүслийнхээ боол болохгүйгээр, капитилист ертөнцийн “Хэрэглэгч Хаан” хэмээсэн лоозонд хошгорохгүйгээр Хүн хэвээрээ үлдэж, ухамсартай сонголт хийж, мөнгөө утга учиртай зүйлд зарцуулж чаддаг байх, хамгийн гол нь мөнгөний төлөө төрчихсөн юм шиг яаж амьдралаа залгуулнаа гэсэн өрөөс өр, цалингаас цалинд, үхтэл үргэлжлэх тэрхүү аргаа барсан, ядарсан амьдралыг ардаа орхиж, илүү чухал, үнэ цэнтэй зүйлийг анхаарч, сайхан зүйлийг бүтээхийн төлөө амьдрах боломжтой байх нь миний бодлоор санхүүгийн эрх чөлөө.

 

Хувийн санхүүгээ минималист хэрэглээгээр дамжуулан удирдах нь санхүүгийн эрх чөлөөнд хүрэх замын нэг. Ихэнх “нууц” арга замыг заасан бестселлер гэгдэх номуудад яавал баяжиж мөнгөтэй болох тухай бичсэн байдаг. Тэгвэл анхнаас нь мөнгөө хэмнэж, “баярхахгүй” амьдрах нь баян байхын нууц. Сэтгэл ханахгүй бол ямар ч эд хогшил, хувцас хунар, хоол хүнс байсан хүн гуйлгачин хэвээрээ үлдэнэ. Тийм учраас хүний хүсэл хязгааргүй, хэрэгцээ хязгаартай гэдгийг ухаарч шунал хөдлөх бүрийд үүнийг өөртөө сануулж, сахилга баттай байж чадах юм бол хүн жинхэнээсээ чөлөөтэй амьдрах боломжтой. Манай монгол капитализмын давалгаанд өдрөөс өдөрт өртөж байгаа нь кредит картууд, лендди гэх мэт хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхгүйгээр амьдарч болно гэсэн хуурмаг төсөөлөл, мөнхийн өрийг бий болгодог боолчлолын шинэ шинэ аргууд гарч ирж байгаагаас харж болно.

 

Тэгвэл минималист амьдралын хэв маяг хэрхэн санхүүгийн эрх чөлөөнд хүргэж болох тухай өөрийн туршлагаас товч танилцуулая.

 

 

  1. Хүн юунд мөнгөө үрээд байгаагаа мэдэхгүй мөртлөө гарын салаагаар урсаад л, нэг мэдэхэд сарын эцэст хүнээс мөнгө гуйх дээрээ хүрсэн байдаг шүү дээ. Тэгвэл хэзээ ямар үед, юунд мөнгөө явуулаад байгааг мэдэхийн тулд дэвтэр гаргаж тухай бүрд нь зарлагаа тэмдэглэж, сар бүрийн эцэст нийт хэдэн төгрөгний зардал гаргаснаа бичих хэрэгтэй. Сард гаргасан нийт зардлаа тооцохдоо онцын шаардлагагүй авсан зүйлсээ анзаарч дараагийн сард тэдгээрийг авахгүй байвал хэдэн төгрөг хэмнэхээр байна гэдгийг тооцож үзэх. Тэгээд дараа сард хэрэгцээгүй зүйл авсан мөнгөө хасаад гарсан хэмжээгээр зарлага гаргахыг оролдож үзнэ.
  2. Байрны мөнгө, утас, хүнс, унаа гэх мэт суурь зардлаа хамгийн үндсэн байдлаар тооцож үзсэний дараа орлогоосоо шаардлагатай тэр хэсэг мөнгөө үлдээж үлдсэнийг нь 20, 30, 50-ийн харьцаагаар хувааж хадгалах. 20 нь энтертайнмент, 30 нь яаралтай үед хэрэглэх, 50 нь огт гар хүрэхгүй хугацаат хадгаламж байна.
  3. Гадуур аль болох хооллохгүй байх. Хоол идэх нь хэдий өдөр тутмын зайлшгүй хэрэгцээ боловч гаднаас авч идэж буй хоолонд тухайн газрын түрээс, цахилгаан, татвар, ажилчдын цалин, үйлчилгээ гээд маш олон өртөг шингэсэн байдаг. Тэгэхээр гадуур хооллох нь өөрөө хийж идэхээс хэд дахин үнэтэй бас эрүүл мэндэд ч сайн биш. Нэг удаа гадуур хоол авч идэхэд хамгийн багадаа ойролцоогоор 8,000 төгрөг гэж бодох юм бол ажлын 20 өдөрт 160,000₮ болно. Тэрхүү мөнгөний ядахдаа 80,000-ыг хадгалах боломжтой.
  4. Хэрэгцээнээсээ илүү хүнс авахгүй байх. Тэгэхийн тулд өлссөн үедээ дэлгүүр орох хэрэггүй. Хүний төсөөлөл дандаа бодитой байдаггүй учраас өлссөн үед хүнд маш их хүнс, хоол хэрэгтэй юм шиг санагддаг. Тийнхүү хэрэгцээнээс хэтрүүлж авсан зүйлс дараа нь муудаж хаягддаг. Тэр бүрт мөнгө хогны сав руу орж байна гээд төсөөлдөө. Та яавч мөнгөө 00 руу хийж урсгахгүй биз дээ?
  5. Гэрт байгаа хүнс, ахуйн хэрэглээний зүйлсийг дуусгаж байж шинийг авдаг байх. Өмнө нь авсан талх дуусаагүй байхад шинээр авчих юм бол ихэвчлэн шинийг нь идээд өмнөхийг нь идэхгүй байлгасаар байгаад хаядаг. Мөн саван, угаалгын нунтаг, шампунь гэх мэт зүйлсийг дуусахаас нь өмнө авах хэрэггүй. Учир нь элбэг дэлбэг байгаа мэт сэтгэгдэл төрөх юм бол хүн гамгүй хэрэглэх хандлагатай нь надад анзаарагдсан. Жишээ нь: Америкт хүмүүс арай л үрэлгэн амьдардаг.
  6. Баярыг даруу тэмдэглэж сурах. Монголчууд баярыг баярхаж тэмдэглэх дуртай. Сайхан сэтгэлтэй бас нэрэлхүү ард түмэн учраас болох байлгүй дээ гэж нүдээ аниж байгаад хамаатан садан, найз нөхдийнхөө дэргэд нүүр улайхааргүй, бусдаас дутахгүй нэг сайхан баярлаад авъя гээд хамаагүй их мөнгө үрж орхидог. Баяр бүхэн өөр өөрийн гэсэн утга учиртай байдаг боловч баярыг маркетинг, бараагаа зарах боломж болгож орхисон нь харамсалтай. Хайртай хүмүүстэйгээ хамт байх нь өөрөө баяр юм. Хайртай хүн чинь өөрөө бэлэг юм. Байгаль орчноо бодсон ч, баярын дараах амьдралаа бодсон ч, гэдэс ходоодоо бодсон ч бидэнд тийм их новш, идэж уух зүйлс хэрэггүй. Аливаа зүйл хэр хэмжээндээ байхдаа үнэ цэнтэй байдаг.
  7. Моод хөөцөлдөх хэрэггүй. Өөрт зохисон, чанартай, цөөн төрлийн хувцас олж аваад тэдгээрийгээ хооронд нь зохицуулаад өмс. Загвар хуучирдаг, стиль хуучирдаггүй гэдэг. Өөрийнхөө стилийг олсон бол тэгээд л болоо. Хувцасны компаниуд худалдан авалтаа нэмэгдүүлэхийн тулд 4 улиралыг олшруулж 52 болгосонд гайхах зүйлгүй. Сайн ярих юм бол хуучин хувцас ч аваад өмсөж болно шүү дээ.
  8. Хүүхэдтэй хүмүүсийн хувьд авч өгч буй тоглоомоороо хайраа “батлах” хэрэггүй. Тэглээ ч хүүхэд дороо уйдаж орхиод дахиад л шинэ тоглоом хүснэ. Хүүхдэд сонин содон тоглоом биш харин эцэг эхийн анхаарал хамгийн чухал. Хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрөө, хүүхдээ сонирх, түүнтэй ярь, хамтдаа музей үз, шинээр хэл сур, ном унш, хамтдаа гэрээ цэвэрлэ, теннис тогло, хоол хий, гадаа хамт алх, үгэн тоглоом тогло, дуу дуул, хөгжим тавиад бүжиглэ! Момо гэдэг номон дээр гардагчлан хэт “ухаалаг” тоглоом нь хүүхдийн төсөөлөн бодох сэтгэхүйг хөгжүүлдэггүй харин дарангуйлдаг. Хүүхэд өөрөө тоглоомыг бодож олдог байх нь өөрөө тоглоом мөн биз дээ?

 

Дээрх арга замууд өдөр тутмын процесс учраас алдаа оноогүй шулуун замаар хүрчих зүйл биш. Би өөрөө хүрчихсэн ч юм биш, харин хүрэхээр яваа. Энэ аялалд та бүхнийг уриалж байна. Иргэн баян бол улс баян гэдэг шүү дээ!

 

 

Минималист амьдралын ач тус

Минималист амьдралын ач тус

Өмнө нь Минимализм гэж юу болох тухай өгүүлсэн билээ. Минималист амьдралын хэв маягийг амьдралдаа хэрэгжүүлснээр миний хувьд дараах ашиг тусыг хүртсэн:

  • Ямар хувцас өмсөхөө шийдэхэд амар болсон – хувцасны хамгийн чухал үүрэг бол биеийг хамгаалах. Даарахгүй, халууцахгүй байх хэрэгцээг хангахад тийм ч олон хувцас хэрэггүй. Олон хувцас байх тусам илүү их орон зай, тэдгээрийг арчилж угаах цаг зав, саван хэрэг болно. Мөн сонголт олон байх тусам хүний сэтгэл ханамж буурдаг гэдгийг харуулсан судалгаа байдаг. Сонголт олон болоход хүн нэгт, саажилтанд ордог, өөрөөр хэлбэл хүн яахаа мэдэхгүй самгарддаг. Хоёрт, хэт олон сонголт нь хүний хүлээлтийг нэмэгдүүлдэг бөгөөд нэг зүйлийг сонгох нь бусад олон боломжийг алдсан мэт мэдрэмж төрүүлдэг учир сонголтондоо харамсах нь нэмэгддэг ажээ. Тийм ч учраас барууны баян чинээлэг орны хүмүүсийн дунд сэтгэл гутрал нэмэгдэж байгаа нь үүнтэй холбоотой байж болох. Энэ тухай Barry Schwartz хэмээх профессор, сэтгэл судлаачийн The Paradox of Choice – Why More is Lessгээд номноос дэлгэрэнгүй үзээрэй.
  • Гэр орон илүү орон зайтай, саруулхан болсон – хэтэрхий их эд хогшилтой хүн эдийнхээ боол болдог. Агуулахад амьдрахыг хэн ч хүсэхгүй биз дээ? Хөглөрсөн зүйл нүдэнд тээртэй, мөн тоос хураадаг бөгөөд далд стресстүүлэгч болдог. Новш хөглөрсөн гэрт хүмүүс очихыг хүсэхгүй. Тиймээс ч кофе шоп ч юмуу новш багатай газар хүмүүс цагийг өнгөрөөхийг илүүд үздэг байж болох юм. Цаашилбал, хүмүүс гэртээ багтахгүй эд хогшлоо балкон эсвэл гаражандаа тавиад сүүлдээ тэнд юу байгааг мартаж орхидог. Америкт гэхэд л агуулахад новшоо хадгалуулахын тулд мөнгө төлдөг бөгөөд сүүлийн хэдэн жилд агуулахын бизнес нэлээд хөгжиж байгаа юм байна.
  • Гэрээ цэвэрлэхэд амар болсон – тоосоо арчаад, шалаа угаагаад л болоо. Цөөхөн аяга таваг угаагаад, хэдэн зүйлийг эмхлээд л болоо. Хэт их юм овоороход хүн хаанаас яаж цэвэрлэнээ хэмээн төвөгшөөж эхэлдэг. Монгол шиг хуурай, тоос шороотой газар байнга цэвэрлэгээ хийх шаардлагатай. Цэвэр байх нь өөрөө эрүүл мэндэд тустай. Мөн цэвэрхэн байхад тэгтлээ олон цэвэрлэгээний бодис хэрэггүй юм байна лээ.
  • Мөнгөө хэмнэж эхэлсэн – урьд нь дэлгүүрээс шинээр хувцас, ямар нэг электрон хэрэгсэл авч баяр баяслыг мэдэрдэг байсан бол үнэхээр хэрэггүй бол авахаа байсан. Мөн гэрт талх дуусаагүй байхад дахиж шинээр авахаа больсон. Хөргөгчинд байгаа юмаа идэж дуусгаж байж дахиж авдаг болсон. Эд хогшлоо эмхэлж цэгцлэх үед огт хэрэглэдэггүй маш олон хувцас, эд хэрэглэлтэй гэдгээ ойлгосон. Тэгэхээр аливаа зүйлийг авахдаа сайн бодож эргэцүүлж байж авах хэрэгтэй. Өмсдөггүй хувцас, уншдаггүй ном, хэрэглэдэггүй эд хогшлоо зарахыг нь зараад, заримыг нь хэрэгтэй хүнд нь зүгээр өгчихсөн. Тэгэхээр хий дэмий байлгаж байхаар зараад мөнгө болгосон нь дээр.
  • Цаг заваа илүү чухал зүйлдээ зарцуулж эхэлсэн – дэлгүүр хэсэх, эд хогшлыг эмхэлж цэгцлэхээ болиход чөлөөт цаг илүү гарч, амьдралыг эргэцүүлэн тунгаах, бясалгал хийх, хайртай хүмүүстэйгээ уулзах, юм бичих, ном унших, салхинд гарах, эрүүл гэрийн хоол хийж идэх гэх мэт дуртай зүйлээ хийж эхэлсэн.
  • Сэтгэл санаа илүү амар тайван болсон – Цэвэрхэн байх нь бурханлаг ойрхон гэж үг бий. Цэвэр, саруул орчинд хүн цаанаа л тайван, хөнгөн байдаг. Хэн цэвэрхэн сайхан орчинд уурлаж бухимдана гэж?
  • Өөрийн жинхэнэ үнэ цэнээ мэдэрч эхэлсэн – өмсөж зүүснээрээ бусадтай өөрийгөө харьцуулан дүгнэх хэрэггүй гэдгийг ойлгосон. Яагаад ч юм хэдэн өдөр дарааллаад адилхан хувцас өмсөх нь ичгэвтэр хэрэг гэж боддог байж. Харин ч чанартай, цөөн тооны зохидог хувцас хүний цаг, эрчим хүчийг хэмнэж байдаг. Тэгэхээр энэ нь хүний ядуу байдалтай холбоотой бус амьдралын философитой холбоотой учир би өөрийнхөө амьдралаар л амьдарч байна гэсэн үг.
  • Байгаль орчинд ээлтэй амьдарч эхэлсэн – цөөхөн зүйл хэрэглэж, хүссэнээ биш хэрэгтэй зүйлээ авч байх нь бага хог хаягдал гаргана. Хэрэглэдэггүй зүйлээ бусадтай хуваалцсанаар тэдгээр хүмүүс ч шинээр худалдаж авах шаардлагагүй. Эрэлт бага байх үед нийлүүлэлт багасна. Ингэснээр цаашилбал зах зээлийн энэхүү энгийн зарчим нь бага эд материал, нөөц баялагийг шаардана. Хүний хэрэгцээ хязгааргүй гэдэг ч үнэндээ хүнд тийм ч их зүйл хэрэггүй, харин хүсэл хязгааргүй.
Минимализм гэж юу вэ?

Минимализм гэж юу вэ?

5, 6-р сар бол хонхны баяр болдог үе. 2018 оны статистик үзүүлэлтээр Монголд нийт 94 дээд боловсролын байгууллага, 803 ерөнхий боловсролын сургуулиуд байна. 2017 онд дээд боловсролын байгууллагыг 29,164 хүн төгсөж, 40,537 хүн ЕБС-ийг төгсжээ. Жил бүр дундажаар 50,000-60,000 хүн ахлах болон дээд сургуулийг төгсдөг гэж бодоход ямар олон гутал, шинэ даашинз, дээл, костюмны хослол шинээр худалдаж авдаг бол? Ямар олон баглаа цэцгийг аваад хаядаг бол?

 

zaluu.com

Цаашилбал, дан ганц хонхны баяр ч гэлтгүй цагаан сар, шинэ жил, наадам, эмэгтэйчүүдийн баяр, эх үрсийн баяр гээд олон баяраар хүмүүс хоорондоо өмссөн зүүсэн, эдэлж хэрэглэж байгаагаараа уралдацгааж, хэнд ч хэрэггүй бэлэг солилцож, баярын утга учрыг алдагдуулдаг.

Бид нар хэн нэгнээс дутахгүй гэсэн бодолдоо хөтлөгдөн материаллаг эд хэрэгслийг байнга худалдаж авдаг нь сэтгэлгээний ядуурлыг илтгэхээс биш баян чинээлэг байдлын илрэл биш. Энэ бүх хэрэглээ байгаль орчинд маш их хаягдал гаргаж байна.

 

Монгол Улсад сүүлийн таван жилийн дотор хог хаягдлын хэмжээ дөрөв дахин буюу жил тутам дунджаар 500 гаруй мянган тонноор нэмэгдэж 2015 оны байдлаар 2.9 сая тонн хог хаягдал үүссэн байна” (mongolcom.mn) гэсэн 4 жилийн өмнөх мэдээлэл байна. Энэ бүх хог хаягдал хөрс, ус, агаарыг бохирдуулж байгаа. Энэ нь эргээд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулна. Тэгвэл өнөөдөр энэ хог хаягдал бүр их нэмэгдсэн байж таараа. Энд тэндгүй сүлжээ дэлгүүрүүд нээгдэж, Америк, Солонгос, Япон бараанууд нэмэгдэж, дэлгүүрээс хүмүүс сагсаар биш том, том түрдэг тэргээр үйлчлүүлдэг болсон. Нэг удаагийн аяга, саванд хоолоо авч явдаг, гаднаас захиалдаг болжээ. Хүмүүс үнэ цэнээ худалдан авч буй бараагаар хэмждэг болж, бүх зүйлсийг амар хялбар аргаар шийдэхийг илүүд үзэж байна. Гэтэл хуучин хувцас, хэрэглэсэн утас худалдаж авах нь үнэндээ хямд бөгөөд эко сонголт юм. Хогны тухай дараа тусад нь жич ярих болно.

mongolcom.mn

Үнэн хэрэгтээ энэ хорвоо бол үдлээд өнгөрөх түр зуурын буудал. Энэ бие махбод түр зуур хэрэглээд орхих хувцас билээ. Харин минималист амьдралын хэв маяг нь хүн амьдралын хамгийн чухал үнэ цэнтэй зүйлдээ анхаарал хандуулж, цаг зав дэмий үрсэн, чамирхалаас цаашгүй зүйлийг огоорох тухай юм. Тэгвэл амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл юу вэ? Хэдийгээр хүн бүхэнд өөр байж болох ч, цаг хугацаа, орон зай, хүний төрөлхийн заяагдмал үнэ цэнэ, утга учиртай харилцаа хамгийн чухал. Ямар ч эд материал үүнийг орлож чадахгүй.

 

Минималист амьдрал үнэхээр амар. Үүний цаана маш том гүн ухаан явж байдаг. Минимализм гэдэг бол эгэл жирийн, арвич хямгач хэв маяг, арга техник гэсэн утгатай үг(Merriam-Webster dictionary). Тэгэхээр минимализм нь амьдралын хэв маягаас гадна, урлаг, утга зохиолд, дизайнд хэрэглэгддэг. Гол нэгтгэдэг зүйл нь тооноос чанарыг, өнгөн талаас дотор талыг чухалчилдаг.

https://cherinow.files.wordpress.com

Минималист амьдралын хэв маягаас жишээ аван ярих юм бол олон танилаас цөөн сайн найзыг, олон хэрэглэдэггүй хувцаснаас цөөн боловч чанартай, эвтэйхэн хувцасыг, хөргөгчөөр дүүрэн юу байгаа нь мэдэгдэхгүй хүнснээс цөөн, амин дэмтэй, тэжээллэг хүнсийг илүүд үздэг.

Shutterstock

Минималист амьдралын хэв маяг Буддын гүн ухаан, байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягтай нийцдэг. Яг л хорвоогийн хоосон чанарыг таньсан хүн л энэ амьдралын хэв маягийг сонгох мэт. Гэхдээ капиталист нийгмийн боол болохыг хүсэхгүй хэн бүхэнд энэ амьдралын хэв маяг тохирно. Капиталист нийгэм нь хэзээ ч хүний сайн сайхан, байгаль орчныг боддоггүй, зөвхөн ашиг орлогыг л боддог. Хүнд өмнө нь мэдрэгдээгүй хэрэгцээг хуурамчаар бий болгож хүний шуналыг хөдөлгөн бараа, үйлчилгээгээ зарахыг оролддог. Анзаараад үзээрэй, хаа сайгүй л зар суртчилгаа байгаа. Хэрэглэгч бол хаан хэмээн “хошгоруулж” хүмүүсээс мөнгө саахыг л чухалчилдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс бол өөрчилж хувираж, хүссэнээрээ хөдөлгөх нэг төрлийн обьект юм.

https://cgutie8.wordpress.com

Эцэст нь та бүхэн минималист амьдралын хэв маягийг сонирхож байвал өөрийнхөө амьдралыг юун түрүүнд шинжээд үзээрэй. Надад ямар хэрэгцээгүй эд хогшил, хувцас хунар байна вэ, миний орон зайг юу эзэлж байна вэ, би цагийг яаж, хэнтэй өнгөрөөж байна вэ, мөнгөө юунд зарцуулж байна вэ гээд асуугаад үзээрэй. Энэ бүхэн таны үнэт зүйлсийн тусгал байж чадаж байна уу? Та яг энэ маягаараа нэг жил, хоёр жил, таван жил, арван жил амьдарсны дараа яах бол? Ямар мэдрэмж төрөх бол?