logo
  • Home
  • Blog

HomeВеган амьдралын хэв маягWhat the Health 1-р хэсэг: Чихрийн шижин

What the Health 1-р хэсэг: Чихрийн шижин

By oyuna / March 5, 2020 / Веган амьдралын хэв маяг, Ном зохиол, Шүүмж, сэтгэгдэл / 0 Comments

What the Health (2017) баримтат кинонд дурдагдсан анхааралдаа авбал зохилтой зүйлсийг та бүхэндээ хүргэхийн зэрэгцээ зарим ойлголтуудыг бусад эх сурвалжийн хамт тайлбарлаж, дэлхий дахин, АНУ-тай зэрэгцээд монголын хувьд эрүүл мэндийн холбогдох ямар статистик тоо баримт байгааг өөрийн зүгээс олж танилцуулая гэж бодлоо. Тус баримтат киноноос гадна өөр эх сурвалжаас авсан мэдээллийг хаалтанд бичив. Энэ киног мэдээж өөрөө үзвэл илүү олон зүйлийг ойлгох байх, тус баримтат кинонд дурдагдсан статистикуудыг вебсайтаас нь дэлгэрүүлж үзэх боломжтой. Мөн Нэтфликс дээр энэ киног үзэх боломжтой байгаа шүү. Хамгийн гол нь та бүхэн хооллолтондоо өөрчлөлт гаргана хэмээнэ найдаж байна. За одоо эхэлцгээе!

 

Энэхүү баримтат киног Kip Andersen ба Keegan Kuhn нар хийсэн. Манай Joker киноны Артурын дүрийг бүтээсэн жүжигчин Joaquin Phoenix гүйцэтгэх продюссраар ажилласан юм байна. Тус баримтат кинонд хүмүүсийн тэр бүр мэдээд байдаггүй нууц мэдээллийг харуулсан нь хамгийн ач холбогдолтой байсан. Ашиг олохын төлөө, статус квог хадгалахын төлөө ард иргэдээс АНУ-ын эмч нар, эмийн үйлдвэр, эрүүл мэндийн холбоод тэр ч бүү хэл засгийн газар нь хүртэл үнэнийг нуудаг гэдгийг харуулснаараа бүхэл тогтолцоог шүүмжилсэн зоримог бөгөөд эрсдэлтэй алхам хийсэн санагдсан.

 

Тэгэхээр эхний ээлжинд чихрийн шижин өвчин ба амьтны гаралтай бүтээгдэхүүн хоёрын холбоог ярьцгаая.

Дэлхий даяар 300 сая хүн диабет буюу чихрийн шижин өвчнөөс болж шаналдаг (2019 оны байдлаар 463 сая юм байна лээ). АНУ-ын хувьд 25 жилийн дараа гурван хүн тутмын нэг нь чихрийн шижинтэй болно. Монгол улсын хувьд 2016 оноос 2017 онд чихрийн шижингийн өвчлөл 22-оор нэмэгдсэн байна (Эрүүл мэндийн үзүүлэлт, 2017). Нийт чихрийн шижинтэй хүмүүсийн гуравны нэг нь ийм өвчтэй гэдгээ ч мэддэггүй байна (The China Study, 2006), гэхдээ 2019 оны ОУ-ын Диабетийн холбооны мэдээгээр диабеттэй 2 хүн тутмын 1 нь мэддэггүй гэсэн. Нийт чихрийн шижинтэй хүмүүсийн 79% нь бага ба дунд орлоготой улсуудад амьдардаг байна. Чихрийн шижин тусаж буй хүмүүсийн наслалт жил ирэх тусам залуужиж байна. Хамгийн түгээмэл 2-р хэв шинжийн диабетийн хувьд уг нь бол дундажаар 40 гараад тусдаг өвчин юм байна, АНУ-д гэхэд шинэ тохиолдол бүрийн 40-45% нь хүүхдүүд тусчээ.

 

Монгол Улс 2017 онд Чихрийн шижин, хоол тэжээлийн ба бодисын солилцооны эмгэгтэй 13,100 хүнд 3.9 тэрбум төгрөг, Даралт ихсэх төрлийн өвчтэй 40,000 хүнд 10 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ (Баярбаатар, 2018).

 

Диабет тусах нь амьтны гаралтай бүтээгдэхүүн идэхтэй холбоотой ба үүнд хэд хэдэн шалтгаан бий. Ихэнх хүн чихэр их идвэл чихрийн шижинтэй болдог гэж буруугаар боддог байна.

 

Диабет гэдэг өвчин дотроо 1 ба 2 гэсэн хоёр хэв шинжтэй. 2-р хэв шинжийн чихрийн шижин нь амьдралын хэв маягтай холбоотойгоор ихэвчлэн насанд хүрэгчдэд үүсдэг байна. 1-р хэв шинж нь хүүхэд, өсвөр насныханд ихэвчлэн үүсдэг байна (The China Study, 2006). 1, 2-р хэв шинжийн аль алинд нь глюкозийг боловсруулахад доголдол илэрдэг ажээ. 1-р хэв шинжийн диабетэд хангалттай инсулин ялгардаггүй, учир нь нойр булчирхай хэмээх эрхтэний инсулин ялгаруулах үүрэгтэй эс нь устсан байдаг байна. Энэ нь бие өөр өөрийнхөө эсийг устгаж эхэлсэнтэй холбоотой ба үүнийг автоиммуни өвчин гэдэг байна.  Харин 2-р хэв шинжид нь инсулин ялгардаг боловч үүргээ биелүүлж чаддаггүй байна. Үүнийг инсулинд мэдрэг биш (insulin resistance) байдал гэж нэрлэдэг байна. Өөрөөр хэлбэл, цусан дахь глюкоз бусад эсэд очих, эсвэл нөөцлөгдөх ёстой байтал тэгдэггүй харин цусанд л байгаад байдаг байна.

 

Чихрийн шижингийн өвчтэй хүмүүс ихэвчлэн хэт таргалалттай байдаг (The China Study, 2006) ба амьтны гаралтай бүтээгдэхүүн идэх нь таргалах магадлалыг нэмэгдүүлдэг.  Веган хүмүүс мах иддэг хүмүүстэй харьцуулахад хэт таргалалттай байх магадлал 9 дахин бага байдаг байна. Таргалалт нь дан чихрийн шижин гэлтгүй бусад олон өвчин тусах суурь нь болдог.

 

БЖИ (биеийн жингийн индекс) 25 ба түүнээс дээш хүмүүс чихрийн шижин өвчинөөр хэвийн жинтэй хүнээс 9 дахин их, БЖИ 30 ба түүнээс дээш бол 40 дахин ихээр өвчилдөг байна (Биеийн жингийн индексийг бодохдоо биеийн жин буюу кг-ийг өндрийнхөө квадратад (метрээр тооцно) хуваахад гарсан тоо). Цаашилбал, илүүдэл жинтэй хүмүүсийн дундаж наслалт 7-12 жилээр богино байдаг байна. Байвал зохих биеийн жинг үздэг томъёо байдаг юм байна. Тэр нь: өндрийн метр квадратыг эмэгтэй бол 21, эрэгтэй бол 22-оор үржүүлж тооцох юм байна. Гэхдээ энэ байж болох дундаж жинг харуулдаг бололтой. Өөрөөр хэлбэл, үүнээс бага зэрэг туранхай байж болно гэсэн үг.

ДЭМБ-ын судалгаагаар 2005 онд Монгол улсын 30-аас дээш насны эрэгтэйчүүдийн 56% илүүдэл жинтэй байсан бол, 2015 онд 75% болж өснө гэж тооцоолсон. 2005 онд 30-аас дээш насны эмэгтэйчүүдийн 70% нь илүүдэл жинтэй байсан бол 2015 онд 79% болж өснө гэж тооцоолж байжээ.  2017 онд явуулсан Үндэсний судалгаагаар 25-34 насанд эрэгтэйчүүдийн 45.2%, эмэгтэйчүүдийн 46.2%, 35-44 насанд эрэгтэйчүүдийн 53.6%, эмэгтэйчүүдийн 67.4%; 45-54 насанд эрэгтэйчүүдийн 61.7%, эмэгтэйчүүдийн 77.1%; 55-64 насанд эрэгтэйчүүдийн 59.9%, эмэгтэйчүүдийн 70.8% нь илүүдэл жинтэй байна. Тэгэхээр дээрх статистикаас 35-аас дээш насны илүүдэл жинтэй хүмүүсийн дундажийг гаргавал эрэгтэйчүүдийн 58.4%, эмэгтэйчүүдийн 71.7% нь илүүдэл жинтэй байна.

http://www.report.mn/7300/item

Өдөр бүр нэг порц буюу 28гр мах идэх нь чихрийн шижин тусах магадлалыг 51%-иар нэмэгдүүлдэг байна. Амьтны маханд байх heme төмөр нь мөн чихрийн шижин тусах магадлалыг нэмэгдүүлдэг байна. Өөх тостой, ялангуяа ханасан өөх тостой амьтны гаралтай зүйл хэрэглэснээр цусан дахь өөх тосны хэмжээ ихдэж хүний инсулин хэмээх даавар ажиллахаа больдог байна.

 

Бага насандаа сүү ууж байсан хүүхдүүд 1-р хэв шинжийн диабет тусах магадлал нэмэгддэг байна (PETA, Diabetes). Бага насандаа чихрийн шижинтэй болж байгаа хүүхдүүдийн ихэнх нь хэт тарган байдаг байна.

 

Амьтны гаралтай бүтээгдэхүүн их хэрэглэдэг хүмүүс авах ёстой уургийн хэмжээг хэтрүүлж авдаг боловч хүнсний эслэг (fiber) хангалттай авч чаддаггүй байна. Уураг хэтрүүлж хэрэглэх нь зүрхний өвчин, чихрийн шижин, хавдар үүсгэдэг байна. Судалгаагаар Америкчууд хоёр дахин уураг хоол хүнснээс авдаг боловч, авах ёстойгоосоо хоёр дахин бага эслэг авдаг байна. Монголчуудын уургийн хэрэглээний тухай интернетээс хайсан боловч олдсонгүй. Эслэг нь зөвхөн ургамлын гаралтай бүтээгдэхүүнд байдаг ба цусан дахь чихрийн хэмжээг тогтворжуулдаг чухал үүрэгтэй ажээ.

 

Диабет яагаад аюултай вэ? (The China Study, 2006)

  • Зүрхний өвчин тусна – зүрхний өвчнөөр үхэх магадлал 2-4 дахин нэмэгдэнэ
  • Цус харвах магадлал 2-4 дахин нэмэгдэнэ.
  • Цусны даралт ихсэнэ – чихрийн шижинтэй хүмүүсийн 70%
  • Хараагүй болно – насанд хүрээд хараагүй болохын тэргүүлэх шалтгаан
  • Бөөрний өвчин – чихрийн шижинтэй хүмүүс бөөрний өвчний сүүлийн шатанд очдог бөгөөд ихэвчлэн диалез буюу цусаа машинаар шүүлгэдэг байна.
  • Мэдрэлийн тогтолцооны эмгэг – чихрийн шижинтэй хүмүүсийн 60-70% нь мэдрэлийн тогтолцооны хөнгөнөөс хүнд гэмтэл авдаг байна.
  • Мөчөө тайруулдаг – хөлөө тайруулж байгаа хүмүүсийн 60% нь диабетаас болдог.
  • Шүдний өвчин – буйл нь байнга өвчилснөөс шүд нь унадаг.

 

Гэтэл монгол вебсайтууд дээр байгаа чихрийн шижин өвчний шалтгааныг чихэр, өөх тостой холбосон боловч өөхгүй мах идэж болно гэж бичсэн байна. Мөн таргалалтыг голдуу чихэрлэг бүтээгдэхүүнтэй холбожээ. Ургамалан хоолны тухай ярихад манай монголчууд махаа л идэж ирсэн учраас идэх ёстой гэсэн тайлбарыг өгдөг ба ургамлан хоолтой хүмүүсийг гадаадынхныг дуурайлаа хэмээн зэмлэдэг. Гэхдээ урьд нь болж байсан болохоор одоо энэ хэвээрээ л байх ёстой гэдэг тийм ч оновчтой тайлбар, гаргалгаа биш байх. Жишээ нь бид нар монгол гэрт л амьдарч ирсэн гээд одоо ч гэрт амьдраад байдаггүй, монгол дээл л өмсөж ирсэн гээд өдөр тутмын амьдралдаа дээл л өмсөөд байдаггүй, хөргөгч хэрэглэж байгаагүй гээд хөргүүрт юмаа хадгалахаас татгалзаагүй, тэр ч бүү хэл бид нар интернет, утас хэрэглэхгүй болоод л байсан, машингүй болоод л байсан гээд тэр бүхнээс одоо хэрэглэхээс татгалздаггүйтэй адил. Хооллолт нь өөрөө соёл, уламжлалтай холбоотой байдаг учраас уламжлалаа алдаад гадныхныг дууриаж байна гэдэг үзэл түгээмэл байдаг. Жишээ нь бургер, пицца идэх бидний уламжлал биш гэж адилхан хэлж болох ч олон хүн эдгээр түргэн хоолыг идсээр л байна. Ямартаа ч бидний амьдралын хэв маяг ухамсрын хөгжилтэй зэрэгцэх учиртай байх. Гэтэл 2020 оны байдлаар Монгол улсын хүн амын дундаж наслалт 69.9, эмэгтэйчүүдийнх 74.2, эрэгтэйчүүдийнх 65.8 байхад, Япон улсын хүн амын дундаж наслалт 84.8, эмэгтэйчүүдийнх 87.7, эрэгтэйчүүдийнх 82 байна. 2016 оны байдлаар монголчуудын дундаж наслалт 120-рт бичигдэж байжээ (worldpopulationreview)..

 

Хувь хүмүүс хооллолтоо ургамлан болгох юм бол чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх ба нэгэнт туссан хүмүүс ч бас адилхан өвчнөө эмчилж болохыг тус баримтат кино харуулсан. Чихрийн шижинтэй 69 настай эрэгтэй хооллолтоо ургамлан болгосноор 6 долоо хоногийн дотор 15 кг жин хасаж, нийт ууж байсан эмээ хоёр дахин цөөлсөн. Даралт нь хэвийн болж эхэлсэн. Цаашдаа улам сайн үзүүлэлт гарна гэдэгт мань эр итгэлтэй байна лээ. Учир нь дан диабетаас үүсэлтэй бусад биеийн өвчин, шаналгааны шинж тэмдгийг бууруулахын тулд зүрхний, бөөрний, даралтны гээд өчнөөн эм ууж байсан юм байна лээ. Гэтэл зүгээр л хооллолтоо өөрчилснөөр бие махбод нь цогцоороо хэвийн байдалд орж эхэлж байгаа нь шалтгааныг олж тогтоосонтой холбоотой. Ихэнх эмнүүд шинж тэмдгийг л арилгах, бууруулах нөлөөтэй болохоос хэзээ ч шалтгааныг алга болгож чадахгүй. Тэр ч бүү хэл, хүнийг насан туршид нь эмнээс хамааралтай байлгах нь эмийн үйлдвэрийн ашиг сонирхолтой нийцдэг.

 

Тус баримтат кинонд Америкийн Диабетийн нийгэмлэгийн төлөөлөгч чихрийн шижин хооллолттой хамаатай тал дээр үзэл бодлоо илэрхийлэхээс татгалзсан. Тэр ч бүү хэл цахим хуудсан дээрээ махтай хоол идэхийг зөвлөсөн байв. Яагаад гэдгийг асуухад би чамтай маргалдмааргүй байна гэж хэлсэн. Дараа нь учир нь олдсон л доо. Тэр нь юу гэвээс, тус холбоо сүү, махны компаниудаас их хэмжээний мөнгөн тэтгэмж авдаг болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь ашиг сонирхолын зөрчилдөөн үүсгэж байгаа нь ил болсон.

 

Tagged to: амьтны эрх веганизм хүний эрх эрүүл мэнд

Share this post, choose your Platform!
19
Jul

Толстой ба гэр бүлийн тухай өгүүлсэн түүний зарим зохиолууд

Дэлхийн шилдэг сонгодог зохиолууд дотор яалт ч үгүй Лев Толстойн зохиол багтдаг. Шилдэг, шилмэл зохиолууд өөр өөр утга санааг өгүүлдэг ч, цагийн аясыг даах тийм үнэнийг өгүүлдэгээрээ хоорондоо төстэй. Толстойн олон зохиолууд байдгаас миний хувьд түүний дөрвөн зохиолыг уншсан. Анна Каренина, Крейцэрийн сонат, Иван Ильичийн үхэл хэмээх зохиолуудад гэр бүлийн амьдралын тухай нийтлэг зүйлс өгүүлсэн

Шүүмж, сэтгэгдэл by oyuna and has 0 Comments
17
May

Амьдрал богинохон тухайд

Өглөө хэдэн цагт ч юм бэ босоод юу хийх нь нэг их тодорхой биш, за ямар ч байсан цайгаа ууя гээд цайгаа ууна. Тэгээд youtube-ээр ямар видео байна харна, тэгээд тэндээс надад санал болгосон видеог үзнэ. Тэгж байтал лав нэг цаг өнгөрнө. Тэр хооронд хийх ажил овоорсон байна. Гэхдээ энэ ажил ямар утга учиртай юм

Бодрол by oyuna and has 0 Comments
Leave a comment Click here to cancel reply.
FOLLOW US

© 2020