logo
  • Home
  • Blog

HomeВеган амьдралын хэв маягWhat the Health 2-р хэсэг: Хавдар

What the Health 2-р хэсэг: Хавдар

By oyuna / May 15, 2020 / Веган амьдралын хэв маяг / 0 Comments

What the Health (2017) баримтат кинонд дурдагдсан чухал санааг та бүхэнд дамжуулахын хамт  дэлхий дахин, АНУ-тай зэрэгцээд монголын хувьд эрүүл мэндийн холбогдох ямар статистик тоо баримт байгааг олж танилцуулая. Тус баримтат кинонд дурдагдсан статистикуудыг вебсайтаас нь дэлгэрүүлж үзэх боломжтой. Өөр эх сурвалжаас авсан мэдээллийг хаалтанд бичив. Мөн Нэтфликс дээр энэ киног үзэх боломжтой байгаа шүү.

Joker киноны Артурын дүрийг бүтээсэн жүжигчин Joaquin Phoenix энэ кинонд гүйцэтгэх продюссраар ажилласан ба хүмүүсийн тэр бүр мэдээд байдаггүй нууц мэдээллийг харуулсан нь хамгийн ач холбогдолтой байсан. Ашиг олохын төлөө, статус квог хадгалахын төлөө ард иргэдээс АНУ-ын эмч нар, эмийн үйлдвэр, эрүүл мэндийн холбоод тэр ч бүү хэл засгийн газар нь хүртэл үнэнийг нуудаг гэдгийг харуулснаараа бүхэл тогтолцоог шүүмжилсэн зоримог бөгөөд эрсдэлтэй алхам хийсэн санагдсан.

1-р хэсэгт чихрийн шижингийн тухай ярьсан билээ. Одоо тэгвэл 2-р хэсэгт амьтны гаралтай бүтээгдэхүүн идэх нь хавдартай хэрхэн холбогддог тухай ярьцгаая.

Юун түрүүнд хавдар гэж юу вэ? Бидний ойр дотны хүмүүс хавдраар өвчилж, үүнээс болж нас барж, мөн дүрүүд нь хавдрын улмаас болж нас бардаг кино олон үздэг билээ. Хэвийн үед эс хөгширч, эцэст нь үхэхэд өөр эс хуваагдаж шинээр бий болж үхсэн эсийг нөхөж байдаг байна. Харин хавдартай болоход эсүүд шаардлагагүй үед ямар ч хяналтгүй үржиж, олширч томорсоор хавдар бий болдог байна. Тэр ч бүү хэл хавдар нь цааш биеийн бусад хэсгүүдэд дамждаг ба үүнийг хорт хавдар гэдэг. Хорт хавдрыг тайрч авсан ч буцаж ургах аюултай байдаг аж. Ер нь бол ДНХ мутацид орж мэдээлэл нь алдагдсанаас үүдэлтэй бөгөөд хавдар нь удамшлын болон орчны хүчин зүйлстэй холбоотой гэж үзэж байгаа. Хүн хавдрын гентэй байсан ч гэсэн заавал хавдартай болно гэсэн үг биш. Мөн орчны хортой бодисоор дамжаад хавдрын генгүй байсан ч хавдартай болох боломжтой ажээ. Тэр ч бүү хэл ихэнх хүмүүсийн хувьд ДНХ нь орчны нөлөөнөөс болж мутацид орсноор хавдартай болдог байна. Тийм учраас бид нар амьдралын хэв маягаа эргэн харж, хавдар үүсгэх эрсдэлээ бууруулах боломжтой. Амьдралын хэв маягтай холбоотой эрсдэлт хүчин зүйлсэд: хавдар үүсгэх химийн бодист өртөх (хооллолт үүнд хамаатай), тамхи татах, архи уух, дасгал хөдөлгөөн хийхгүй байх, вирусын халдвар авах, цацраг туяанд хордох, хэт тарган байх, дааврын тэнцвэр алдагдах зэрэг ордог.

Жилээс жилд хорт хавдрын өвчлөл манай улсад нэмэгдэж байна (доорх хүснэгтээс харна уу). Монгол улсын хувьд 2017 онд 4004 хүн хорт хавдрын улмаас нас барсан ба энэ нь нийт баралтын 25.4%-ийг эзэлж байна (Эрүүл мэндийн үзүүлэлт, 2017). Дэлхий даяар жил бүр 9 сая хүн хавдрын улмаас нас барж байна. Америкт дөрвөн хүн тутмын нэг нь хавдраар нас бардаг байна. Тэгэхээр Америктай адилхан үзүүлэлт манайд бас харагдаж байна. 4 хавдрын тохиолдол бүрийн 3 нь урьдчилан сэргийлэх боломжтой байдаг ба энэ нь амьдралын хэв маягтай холбоотой ажээ (Becoming Vegan). Хавдартай болоход тамхи татах, амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх, жимс ногоо бага хэрэглэх, хэт таргалах, хөдөлгөөн дутагдах, хортой бодист өртөх зэрэг нөлөөлдөг байна.

10,000 хүн тутамд хорт хавдраар өвчлөгсдийн тоо. Монгол улс, 1212.mn

Боловсруулсан махан бүтээгдэхүүн нь хавдар үүсгэгч бодис ялгаруулдаг гэдгийг ДЭМБ-аас мэдэгдсэн байна. Боловсруулсан махан бүтээгдэхүүн гэдэгт хотдог, хиам, утсан мах, лаазалсан мах, түргэн хоолны газруудад зардаг бүхий л төрлийн махан бүтээгдэхүүнүүд ордог юм байна. Тус кинонд ярьснаар мах нь тамхитай адилхан хортой бөгөөд тамхин дээр эрүүл мэндэд хортой, хавдар үүсгэгч мэтийн анхааруулга тавихыг шаарддаг шиг махан бүтээгдэхүүн дээр ч тавих ёстой гэсэн.

Мөн манай улсын хувьд нийт хавдрын 38.1%-ийг элэгний хорт хавдар эзэлж байна. Элэгний хавдрын улмаас нас баралтаараа монголчууд дэлхийд 1-рт, элэгний өвчний улмаас нас барж буй тоогоороо 8-рт жагсаж байна. Монгол эрэгтэйчүүдийн хувьд нийт хорт хавдрын нас баралтын 40%-ийг элэгний хорт хавдар эзэлж байна. Миний хувьд ойр тойрны хамаатан саднаас элэгний хавдраар нас барсан лав зургаан хүн мэднэ. Бүгд 60 хүрэхээсээ өмнө нас барцгаасан. Элэгний хавдарт цусны холестрин голлох нөлөө үзүүлдэг ба амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүсийн цусан дахь холестрины түвшин их байдаг байна (The China Study, 2006). Мөн элэгний В вирустай тохиолдолд сүүнд байдаг касейн хэмээх уураг нь хавдрын өсөлтийг хурдасгадаг байна.

Амьтны гаралтай бүтээгдэхүүн дэх уураг нь хавдрын эсийн өсөлтийг хурдасгадаг байна. Филиппинд хийсэн судалгаагаар баян айлын хүүхдүүд элэгний хавдартай болоод байсан нь амьтны гаралтай уургийн хэрэглээ нь өндөр байсантай холбоотой байжээ (The China Study, 2006).

Амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх нь мөн бүдүүн, шулуун гэдэсний хавдар үүсгэдэг байна. Монгол улсын хувьд нийт хүн амын дунд хорт хавдрын шалтгаант нас баралтын 5-рт бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар орж байна. Нойр булчирхайн хорт хавдар эрэгтэйчүүдийн нас баралтын шалтгааны 6-рт, эмэгтэйчүүдийн хувьд 7-рт бичигдэж байна. Ходоодны хорт хавдар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь 2-рт бичигдэж байгаа, дэлхийд нас баралтаараа манай улс 1-рт жагсаж байна.

10,000 хүн тутамд хорт хавдраар нас барсан хүний тоо. Монгол улс, 1212.mn

Сүүн бүтээгдэхүүн нь даавартай холбоотой хавдрыг нэмэгдүүлдэг байна. Үүнд: хөхний, түрүүн булчирхайн, өндгөвчний хавдар орох орох ба сүү хэрэглэснээр эдгээр хавдрыг тусах магадлал 34%-иар нэмэгддэг байна. Эмэгтэй хүн өдөрт 1 аяга сүү уух нь хөхний хавдраар нас барах магадлалыг 49%-иар нэмэгдүүлдэг. МУ-ын хувьд эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдрын нас баралт хорт хавдрын шалтгаант нас баралтын 6-рт орж байна.

Эх сурвалж: https://ikon.mn/n/y9x

Сонирхолтой нь Америкийн хөхний хавдрын нийгэмлэгт энэ тухай мэдээлэл огт байгаагүй ба нэгэн йогуртны саван дээр тус нийгэмлэгийн ягаан тууз тавигдаж, тус йогурт нь хавдраас сэргийлдэг мэтээр сурталчилсан байна. Харин нягтлаад үзэхэд нийгэмлэг мөн л сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниас санхүүжилт авдаг нь тодорхой болсон.

Хүмүүс улаан мах муу, шувуу, загасны цагаан мах сайн гэсэн буруу ойлголт тээж явдгийг тус кинонд мөн хэлсэн. Холестрины хувьд тахианы мах үхрийн махтай адилхан байдаг байна. Тахианы мах хамгийн их хавдар үүсгэгч бодистой байдаг ажээ. Тахианы мах иддэг эрэгтэй хүмүүсийн түрүү булчирхайн хавдартай болох эрсдэл 4 дахин нэмэгддэг.

Мөн хүмүүс өндгийг биенд сайн гэж боддог ч өндөгний шар нь холестрин, өөх тос ихтэй байдаг байна. Өдөрт 1 өндөг идэх нь 5 тамхи татсантай адилханаар насыг богиносгодог ажээ. Холестрин цусанд орсноор тэр нь улаан эсийг бүрхэж цус өтгөрдөг байна. Ингэснээр дааврын түвшин өөрчлөгддөг байна. АНУ-ын USDA-ээс өндгийг сурталчлахдаа “эрүүл мэндэд тустай, шим тэжээлтэй, калори багатай, тэнцвэртэй хооллолт” гэдэг үгсийг ашиглахыг хуулиар хориглосон байна. Учир нь бодит байдал дээр тийм биш учраас ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон байна.

Бид юу хийж болох вэ?

Зөвхөн хооллолт болон дасгал хөдөлгөөнөө сайжруулснаар нийт хавдрын 30-40%-иас урьдчилан сэргийлэх боломжтой, жимс ногоо ахиухан идэх нь хавдрын 20%-иас нь сэргийлдэг, тамхи татахгүй байвал энэ тоо 60-70% болгож нэмэгдэх юм байна (Becoming Vegan). Тухайн улс ядуу байх тусам ходоод, элэг, улаан хоолой, залгиур, амны, умайн хүзүүн хавдар зонхилдог байна. Харин тухайн улс баяжих тусам бүдүүн шулуун гэдэс, хөхний, түрүү булчирхай, савны хавдар зонхилдог байна. Улс орон үйлдвэржиж хотжих тусам хавдрын өвчлөлтийн тоо нэмэгддэг байна. Одоогийн байдлаар хавдраас урьдчилан сэргийлж чадах, мөн үүсгэдэг болох нь тодорхойлогдсон баттай гурван хүчин зүйлийг илрүүлсэн:

  • Жимс, ногоо ахиухан идэх нь бүх төрлийн хавдрын эрсдэлийг бууруулдаг.
  • Согтууруулах ундаа хэрэглэх нь дан ганц элэг бус олон төрлийн хавдрыг үүсгэдэг
  • Мах болон амьтны өөх тос хавдрыг үүсгэхэд нөлөөтэй

Хоол дотор хамгийн сайн нөлөөтэй нь: жимс, ногоо (өдөрт 400-800 грамм жимс идэх), каротинойд, С амин дэм, бүхэл үр тариа буюу эслэг ихтэй бүтээгдэхүүн (600-800 грамм бүхэл үр тариа, төрөл бүрийн шош, үндэс ургамал идэх) орж байна.

Хоол дотор хамгийн хор нөлөөтэйд дараах орсон байна: Архи согтууруулах ундаа, мах, амьтны гаралтай өөх тос, сүүн бүтээгдэхүүн, давс.

Аль болох хэт боловсруулсан хоол идэхгүй байх. Үүнд янз бүрийн нэмэлт химийн бодис, нөөшлөгч орсон, шарж хуурч түлсэн, утсан бүтээгдэхүүнүүд орно. Мөн цагаан сахар хэрэглэхээс аль болох татгалзах хэрэгтэй ажээ.

Үүнээс гадна хоолыг дулаан хэмд удаан байлгахгүй байх, хөргүүрт хадгалах. Илүүдэл жинтэй байх эсвэл жингийн дутагдалд орохоос зайлсхийх.

За тэгээд өөрийгөө, гэр бүлээ, амьдралыг хайрладаг бол яг энэ мөчөөс эхлээд хавдраас урьдчилан сэргийлэхийг та бүхэнд уриалж байна.

Tagged to: веганизм ухамсарт амьдрал хавдар эрүүл амьдрал эрүүл мэнд

Share this post, choose your Platform!
Leave a comment Click here to cancel reply.
FOLLOW US

© 2020