What the Health 3-р хэсэг: Зүрх судасны өвчин
By oyuna / August 25, 2020 / Веган амьдралын хэв маяг / 0 CommentsWhat the Health 3-р хэсэг: Зүрх судасны өвчин
1-р хэсэгт бид нар чихрийн шижин өвчний тухай ярьсан бол 2-р хэсэгт бид хавдарын тухай ярьсан билээ. Тэгвэл 3-р хэсэгт тус баримтат кинонд амьтны гаралтай хоол хүнс нь хэрхэн зүрх судасны өвчин тусахад хүргэдгийг тодорхой баримт, судалгааны үр дүнтэй холбон тайлбарлая.
Дээрх дурдсан өвчнүүд бүгд халдварт бус, архаг, хууч өвчинд ордог бөгөөд амьдралын хэв маягтай голчлон холбоотой байдаг. Дэлхий дахины хүн ам 21-р зуунд ихэвчлэн архаг, халдварт бус өвчнөөс болж зовж шаналж байна. Ийм төрлийн тэргүүлэх өвчинд: чихрийн шижин, зүрх судасны тогтолцоот өвчин, яс сийргэжих, үе мөчний өвчин, хэт таргалалт, архаг уушгины багтраа зэрэг ордог байна.
Юун түрүүнд зүрх, судасны өвчин гэж юу вэ гэдгийг ойлгож авцгаая. Даралт ихэдсэн тухайгаа олон хүн ярьж байдгийг эргэн тойрноосоо бишгүйдээ л сонсож байсан байх. Даралт байнга ихдэх нь дотор эрхтэнг гэмтээдэг байна. Энэ бол энэ төрлийн өвчний хамгийн түгээмэл илэрдэг шинж. Үүнээс гадна зүрхний булчинг тэтгэж байдаг судасны, тархийг цусаар хангах үүрэгтэй судасны, гар хөл гэх мэт зах хэсгийг тэтгэх үүрэгтэй судасны, зүрхний булчин, хавхлаг гэмтэхтэй холбоотой, төрөлхийн зүрхний бүтэц буруу хөгжсөн эмгэг, хөлний судас бөглөрөх өвчин зэрэг ордог байна (ДЭМБ).
Бидний биеийн бинзен бол цус гэж хэлж болно. Дундажаар хүний биед 5л цус эргэлддэг байна. Идэж уусан зүйл хамгийн түрүүнд цус болж хувирдаг, амьсгалсан агаар уушгинаас цусаар дамжиж эд эрхтэнийг хүчилтөрөгчөөр хангадаг. Бидний биеийн дулаан цусны эргэлтээр зохицуулагдаж байдаг. Гэмтэл бэртэл цусан дахь дархлааны эсүүдийн тусламжтай эдгэж байдаг. Цус эд, эсийг хүчилтөрөгчөөс гадна даавар, глюкоз, амин дэм, эрдэс шим тэжээлээр хангадаг. Мөн нүүрсхүчлийн хий гэх мэт биеийн хог хаягдал цусаар дамжин гадагшилдаг байна. Гэтэл цусыг бие эрхтэн тогтолцоогоор дамжуулдаг судас нарийссан, бөглөрсөн үед яах вэ? Цус хэвийн урсаж чадахгүй ба тухайн судсаар дамжин тэжээл авах ёстой эд эс хамгийн наад зах нь хүчилтөрөгчөөр дутагдаж үхэж эхлэнэ. Компьютераар ярьвал биднийг бүхэлд нь удирдаж байдаг процессор болох тархины эд эс 1 минутын хугацаанд л хүчилтөрөгчөөр дутагдвал үхэж эхэлдэг байна.
Цусыг биеэр гүйлгэхийн тулд зүрх гээч атгасан гарын хэмжээтэй том булчин минутанд 50-70 удаа агшдаг байна. Амьдралын турш бидний зүрх 3 тэрбум удаа агшиж, чөлөө завгүй ажиллаж байдаг. Бидний ухамсраас гадуур зүрх маань өөрийн үүргийг хангалттай хариуцлагатай гүйцэтгэж, өдөрт 150,000 км орчим буюу дэлхийг 4 удаа тойрох зайнд цусыг түгээж, эргүүлээд бохир цусыг өөрлүүгээ юүлж байдаг эрхтэн. Стресстэх, сандрах үед зүрх илүү хурдан агшиж цусыг хурдтайгаар шахаж байдаг. Тэгвэл зүрхэндээ мөрөөрөө ажлаа хийх боломж олгож, цус судсаар чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэх нь бидний наад захын үүрэг биш гэж үү?
Дэлхий даяар жил бүр ойролцоогоор 17.9 сая хүн зүрх судасны өвчнөөр нас бардаг. Энэ нь цаг тутамд 4 том нисдэг онгоц (нэг онгоц 500 зорчигчидтой) осолдож зорчигчод нь үхэж буйтай тэнцүү ажээ. Энэ нь нийт нас баралтын 1/3-ийг эзэлж байна. Зүрх, судасны өвчнөөс улбаатай нас баралтын 85% нь зүрхэнд болон тархинд цус харвахтай холбоотой (ДЭМБ). Өөрөөр хэлбэл, зүрх ба тархийг цусаар хангах үүрэгтэй судасны ханыг өөхөн дуслууд бөглөснөөс эд эс цусан хангамжаар дутмагшин харвадаг байна. Судасны ханыг ийнхүү өөхөн дуслууд бөглөж цус урсах замыг нарийсгахыг судасны хатуурал гэдэг. Харин захын цусны судас бөглөрвөл тэр хэсэгт мэдээ алдаж, үхждэг байна. Зүрхний цусан хангамж дутагдахад цээжээр өвддөг байна. Зүрхэнд ачаалал үүсэх энэхүү өвдөлт нь мөн хүчтэй дасгал хийх, их идэх, стресстэх үед мэдрэгддэг билээ. Зүрхний булчинг цусан хангамжаар тэтгэх үүрэгтэй титэм судас ийнхүү өөхөн дуслаар бөглөрөх үед стент буюу төмөр тор тавих мэс ажилбар хийдэг. Энэ нь титэм судсанд тэлэгч суулгах буюу хүчээр нарийссан судсыг өргөсгөдөг бөгөөд энэ нь анагаахын салбарт нэлээн орлоготой бизнес болсон байна. Хүмүүс амьдралын хэв маяг, идэх хоол хүнсээ өөрчлөхгүй л бол стент нь хэсэг хугацааны дараа дахин бөглөрч дахин солиулах мэс ажилбар хийлгэх хэрэгтэй болдог. Тиймээс ч стент суурилуулсны дараа эмч нар хооллох дэглэмээ өмнөх шигээ байлгасан ч болно гэдэг. Тархиндаа цус харвах нь үхэлд хүргэдэггүй юмаа гэхэд хүнийг тахир дутуу болгодог аймшигтай өвчин. Нагац ах маань 55 насандаа зүрхэндээ цус харваж нас барсан бол нөгөө нагац ах маань 60 тархиндаа цус харваж биеийн тал хэсэг нь мэдээгүй болсон. Энэ талаар өмнө нь ахынхаа тухайд бичиж байсан. Эмээ өвөө маань мөн л залуугаараа цус харваж нас барцгаасан. Энэ өвчин ойрын хүмүүст маань тохиолдсоноор л ямар олон хүн, тэдний гэр бүл зовж шаналж байдгийг ойлгосондоо. 3-р эмнэлэгийн сэхээн амьдруулах төвийн гадаа олон гэр бүл шаналан хүлээж суугааг очоод харах юм бол ойлгоно.
Монгол улсын хувьд нас баралтын тэргүүлэх шалтгаан, харин нийт өвчлөлийн 3-рт зүрх судасны тогтолцоот өвчин жагсаж байна. Манай улсын хувьд 2019 онд 17,205 хүн нас барснаас энэ өвчнөөр 5,531 хүн нас баржээ. Өөрөөр хэлбэл, нийт нас баралтын 32%-ийг зүрх судасны тогтолцоот өвчин эзэлж байна. Америкт гэхэд л нийт нас баралтын 40% нь зүрх судасны өвчнөөс улбаатай байдаг байна. Дан Америк ч гэлтгүй улс орон баян чинээлэг болох тусам хүн амын дунд нэмэгддэг өвчин юм байна. Эндээс хүн мөнгөтэй болоод ирэхээрээ өөртөө өвчин худалдаж авдаг гэж хэлж болохоор. Тэгвэл энэ өвчин хэрхэн үүсдэг вэ?
Зүрх судасны өвчин тусахад хүргэдэг тэргүүлэх эрсдэлт хүчин зүйлсэд буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх ордог байна. Тамхи татахад цусны судас мөн хатуурдаг байна. Зүрх судасны өвчин тусах магадлалтай шинж тэмдэгт цусны даралт өндөр байх, цусан дахь сахарын хэмжээ өндөр байх, цусан дахь липидийн (өөх тосны) хэмжээ өндөр байх, илүүдэл жинтэй эсвэл хэт тарган байх ордог байна. Илүүдэл жинтэй эсэхээ хэрхэн мэдэх талаар 1-р хэсэгт бичсэн байгаа. Зүрх судасны өвчтэй болоход холестрин голлох үүрэгтэй байдаг ба дараа нь илүүдэл жинтэй байх, тамхи татдаг байх зэрэг ордог байна. Эмэгтэй хүний хувьд холестрины түвшин өндөр ч тамхи татдаггүй, илүүдэл жинтэй биш бол зүрх судасны өвчлөл 16 наснаас эхлэх ба 30 настайд ноцтой зүрхний өвчнөөр өвчилж эхлэнэ. Харин тамхи татдаг байх, цусан дахь өөх тосны хэмжээ хэвийнээс их байх нь зүрхэндээ цус харвах эрсдэлийг 66%-иар нэмэгдүүлдэг байна.
Америкт хүүхдүүдэд шинжилгээ хийхэд 10 насандаа судасны хана нь өөхөн давхаргатай болсон байдаг байна. Өөрөөр хэлбэл, цусны судас бөглөрөх, цусны судас хатуурах нь бага наснаас эхэлдэг байх нь. Уг судалгааг (Greger, M., 2013) дэлгэрүүлэн уншвал хүмүүс зүрхний өвчтэй гэж оношлуулахаас хэдэн арван жилийн өмнө цусны судасны хананд өөхөн дуслууд үүсч эхэлдэг байна.
Одоо гол хэсэг буюу эрүүл бус хооллолт тэр дундаа амьтны гаралтай хоол хүнс нь зүрх судасны өвчин тусахад хэрхэн нөлөөлдгийг авч үзье. Мах идэнгүүт судсанд үрэвсэл үүсдэг байна. Тахианы мах үхрийн махтай адилхан Холестрон агуулдаг байна. Өндөгний шар мөн адил их хэмжээний холестрин, өөх тос байдаг. Холестрин цусанд орохоор улаан эсийг бүрхэж, цус өтгөрдөг. Мөн судасны ханыг дагаж өөхөн бүрхүүл үүсгэж, судасны ханыг нарийсгадаг байна. Судалгаанаас үзэхэд цусан дахь холестрины түвшин 1%-иар нэмэгдэхэд зүрхний өвчин тусах магадлал 2-3%-иар нэмэгддэг байна. Холестрины түвшинг нэмэгдүүлдэг хамгийн том хүчин зүйлс бол ханасан өөх тос, холестрин, транс өөх тосны хүчил байна.
Харин эсэргээрээ ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэх нь зүрх судасны өвчнийг бууруулдаг болохыг олон судалгаагаар баттай тогтоожээ. Ердийн хүмүүстэй харьцуулахад ургамлан хоолтой эрэгтэй хүмүүсийн цус харвах магадлал 20% байдаг, сүү давхар хэрэглэдэг бол 40%; үхрийн мах иддэггүй хүмүүстэй харьцуулахад 7 хоногт дор хаяж 3 удаа үхрийн мах иддэг эрэгтэйчүүдийн цус харвах магадлал 60-70%, эмэгтэй бол 30% илүү цус харвах магадлалтай байдаг байна (Becoming Vegan).
Тэгвэл ургамлан хоолтой буюу Веган болсноор ямар эрсдэлүүд байхгүй болдог вэ?
Веган хүмүүс бусад хооллолттой хүмүүсээс хамгийн бага ханасан өөх тосны хэрэглээтэй байдаг байна. Холестрины түвшинг бууруулдаг томхон хүчин зүйлсэд боловсордог эслэг, ургамлын уураг (ялангуяа шар буурцгийн уураг), полиханаагүй өөх тос, фитохимийн бодисууд ба эдгээр нь бараг бүгд голчлон ургамлын гаралтай хоолонд байдаг.
Хүмүүс эцэг эхтэйгээ адилхан зүрх судасны өвчин тусч буйгаа гентэй холбон тайлбарладаг. Гэхдээ энэхүү төрлийн өвчин амьдралын хэв маягтай холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл, зүрх судасны өвчин тусах гентэй байсан ч амьдралын хэв маяг нь эрүүл байх юм бол заавал зүрх судасны өвчтэй болох албагүй гэсэн үг. Ийнхүү орчны хүчин зүйлээс улбаалан ген асаж унтрахыг эпигенетик гэдэг.
Зүрх судасны өвчин тусахгүй байхад хооллолт зөв байхаас гадна бид өөр юу хийж болох вэ?
- Тамхинаас гарах, дам тамхидалтанд өртөхгүй байх
- Өдөрт дор хаяж 30 минут алхдаг байх
- Жимс, ногоо түлхүү идэх – хүүхдийн өдрийн хоолонд эдгээрийг түлхүү анхаарахыг сургууль, цэцэрлэг анхаарах
- Засгийн газраас өөх тос ихтэй хоолонд илүү их татвар оногдуулдаг байх
- Сэтгэл зүйн талаас: Байнгын стресс, сөрөг сэтгэл хөдлөл бүхий орчинд ажиллаж амьдрахгүй байх (жишээ нь: гэр бүлийн хүчирхийлэл, ажил дээрх дарамттай, айдастай харилцаа)